Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурхны 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

Энэ сарын 18-ны өдөр Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 95 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаа бөгөөд 19-39 насны 22 хүн өвчилжээ. Өвчний тохиолдол Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг, Өмнөговь, Архангай аймгуудад бүртгэгдээд байгаа ажээ.

Өвчний тархалтын байдал болон өвчлөлийн талаар өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт У нар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа “Сүүлийн таван жил манайд бүртгэгдээгүй улаанбурхан өвчний дэгдэлт гарч, бага насны хүүхдүүд ихээр өвчилж байгаатай холбогдуулан бид нэн түрүүнд 0-5 насны хүүхдүүдийг нэмэлтээр дархлаажуулах ажлыг хийхээр ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байна.

ДЭМБ-аас улаанбурхан өвчний оношлуурыг ойрын хугацаанд нийлүүлэхээр бэлдэж байгаа. Мөн эмнэлгийн ажилтан эмч, сувилагч нар улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдол учир өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулах, вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.

Эмнэлгийн ажилтан эмч, сувилагч нар улаанбурхан өвчний халдвар авсан

0.6-5 насны 330 мянган хүүхдийг нэмэлтээр вакцинжуулахаар НҮБ-ын Хүүхдийн санд хандсан бөгөөд мөн ойрын хугацаанд нийлүүлэхээ мэдэгдээд байгаа” гэлээ.

Манай улс улаанбурхан өвчний вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авдаг юм байна.

Өвчний вирусийн гарал үүслийн талаар судалж байгаа бөгөөд эхний  шинжилгээгээр БНХАУ-д илэрсэн улаанбурхан өвчний вирусийн омогтой төстэй байгаа ажээ. Уг вирус мөн эсэх талаар баттай шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У “Жилийн өмнө ДЭМБ-аас Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоосон батламжаа гардан авсан. Монгол Улстай хамт батламж авсан гурван улсад өнгөрөгч оны 7, 8 дугаар саруудад улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарсан. 

Тухайн улс нь халдвараа таслан зогсоосон хэдий ч бусад улс орнуудаас өвчний вирус зөөвөрлөгдөн ирэх тохиолдол байсаар байна

Тиймээс тогтмол дархлаагаа сэргээж байнга өндөр түвшинд  барьж байх шаардлагатай” хэмээн ярилаа.