Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн захиргааны шийтгэлийн хэмжээ бага байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Архигүй Улаанбаатарын төлөө” сэдэвт нэг сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчилдэг газруудад хяналт, шалгалт хийжээ. 

Энэ хүрээнд Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын хэрэгжилт, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал, хаяг шошго стандартын шаардлага хангаж буй эсэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн арилгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажиллажээ.

Шалгалтанд худалдааны 126, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 82, нийт 208 газар хамрагдаж, 184 зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал:

-Баянзүрх дүүргийн “Ган түвшин” ХХК-ийн дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгын зөрчилтэй, үйлдвэрлэгч тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр гадны хольцтой “Тансаг” нэрийн цагаан архинаас дээж авч НМХГ-ын лабораторит шинжлүүлэхэд стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан.

 

-“Мөнхжин Од”, “Түшиг тулга”, “Ентүм Алтай” зэрэг гурван аж ахуйн нэгжийн таван нэр төрлийн, 665 ширхэг шошгын зөрчилтэй архи, дарсыг татан авхуулж, зөрчлийг арилгуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.

- Нийт 14 үйлдвэрийн 38 нэр төрлийн архины хаяг, шошгонд хэрэглэх заавар, гаж нөлөө г.м хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл бүрэн тусгагдаагүй байсан тул татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулан, харьцуулсан зурагтай каталог гаргаж, нийтэд мэдээллээ.

 

“Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн захиргааны шийтгэлийн шийтгэврийн хэмжээ “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн дээд талын хариуцлагын санкцаас 57-72 дахин бага байгаа нь хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй байсаар байгааг анхаарах шаардлагатай байна гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас онцолсон юм.

 260 хүн тутамд нэг архины цэг ажиллаж байна

Мөн НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат “Улаанбаатар хотын хэмжээнд согтууруулах ундаа худалдаалдаг 4,900 гаруй цэг байна. Энэ нь манай хотын иргэдийн тоонд харьцуулбал 260 хүн тутамд нэг архины цэг ажиллаж байгаа гэсэн үг. Тиймээс архины худалдаалах цэгийн тоог багасгах зорилгоор холбогдох байгууллагад нь санал хүсэлтээ хүргэхээр ажиллаж байгаа” гэдгийг мэдээлэв.

 

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш “Шаардлага хангахгүй, хаяг шошгыг зөрчилтэй архи байна гэсэн мэдээллийн дагуу бид шалгалт  хийсэн.

Аяны хүрээнд гол анхаарал татаж байгаа зүйл нь тусгай зөвшөөрөлгүй, импортоор архи, согтууруулах ундаа орж ирж байгаа явдал. Орж ирсэн архийг нь ард иргэд худалдаалж байна. Мөн ард иргэд архи согтууруулах ундааг интернет орчинд зараад байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.

Гол нь архи согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаж, үйлчилгээ явуулах ёстой байдаг. Гэтэл интернет орчинд явуулж байгаа зөрчил илэрсэн. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчигчдөд авч байгаа хариуцлагын арга хэмжээ нь бага байна. Үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.