Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Лхагва: Эмчилгээний мөнгийг хасчихсан байгаа нь хэцүүхэн байдалд оруулахын эхлэл

Ж.Нарангэрэл
2015 оны 4 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

Саяхан болсон Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Хэдий өнгөрсөн ч Олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Би ч бас дүүргийнхээ анхан болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эмч, сувилагч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшүүлье. 

Чингэлтэйн Эрүүл мэндийн төвийн хувьд шинэ бүтцээр ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ачаалал ер нь хэр байна. Иргэд ихэнхдээ гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг зорих сонирхолтой байгаа нь ажиглагддаг. 

 Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор өрхийн эмнэлгийг 1995 онд байгуулж эхэлсэн.

Манайх өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

Манай төвийн хувьд өрхийн 16 эмнэлгээр дамжуулан нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргийнхээ 170 гаруй мянган хүнд үзүүлж байгаа. Болж өгвөл гуравдугаар шатлалын эмнэлэг рүү илгээхгүйгээр эмчилгээ үйлчилгээгээ үзүүлэхийг л хичээж байна даа.

-Иргэд өрхийн буюу анхан шатны эмнэлэгт итгэх итгэл бас сул байх шиг байдаг. Танай өрхийн эмнэлгүүдийн хувьд үйл ажиллагаа нь ямархуу байгаа бол?

-Бид л 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг гэж нэрлэж заншчихаад байгаа юм. Уг нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор өрхийн эмнэлгийг 1995 онд байгуулж эхэлсэн шүү дээ. Анхан шатны тусламж үйлчилгээг зөв үзүүлнэ гэдэг нь тухайн өвчтөн цаашдаа өөр эмнэлэгт хандахад ч дөхөм болдог.

Манай дүүргийн хувьд зургаан байшин хороолол, 13 нь гэр хороолол байдаг. Бид өрхийн эмнэлгүүдийг чадавхижуулж, иргэд нь тэндээ шинжилгээгээ өгчихдөг, физик болон цахилгаан эмчилгээ, зүрхний бичлэгээ хийлгэж, эход харуулах зэргээр үйлчилгээгээ аваад байвал бусад 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал саарна. 

-Танай эмнэлэг ингэж сааруулаад ачаалалгүй байна уу. Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу. Үдээс өмнө эмнэлгүүдээр хүн ихтэй байдагсан. Гэтэл энэ эмнэлэгт хүн тун цөөн харагдаад байх юм?

-Эмнэлгийн үйл ажиллагаа маш эрт эхэлдэг. Тэгээд ч цахим бүртгэлээр цаг авчихсан иргэд дугаарлаж суухын оронд өгсөн цагийнхаа дагуу ирээд эмчдээ үзүүлчихдэг болсон. Мөн өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөж буйтай холбоотойгоор тэндээ үзүүлэх нь ч нэмэгдсэн.

Үүнийг бид биш иргэд өөрсдөө их талархан дэмжиж хүлээн авч байгаа нь ч ажиглагдсан. Саяхан өрхийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээний өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгэхэд иргэд бол их ам сайтай байна. 

-Үйлчлэх шаардлагатай иргэдээ дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулахгүйгээр ажиллах бололцоог эрэлхийлж байна гэсэн. Ер нь явууллаа гэхэд хэдэн хувийг нь илгээж байгаа вэ? 

-Мэдрэл болон зүрхний мэс засал зэрэг томоохон шаардлагатай үйлчилгээ авах хүмүүсийг бол явуулж байгаа.

Түүнээс биш том эмнэлгүүдийн бөөр, зүрх судас, мэдрэлийн тасгууд руу бол бараг явуулахгүй. Эндээ эмчилгээгээ хийчихдэг. 

Эмнэлгийн үйл ажиллагаа маш эрт эхэлдэг.

-Сая танай эмнэлгээр явж үзлээ. Нэлээд өндөр өртөгтэй ихэнхдээ хувийн томоохон эмнэлгүүдэд л байдаг ходоодны уян дуран зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж сайтай болж. Дүүрэг байтугай аймгуудын эмнэлгүүдээс илүү байх шиг байна. Төсвөөс хангалттай хөрөнгө гаргуулж чадсаных уу?

-Тийм шүү. Манай багаж төхөөрөмжүүдийн ихэнх нь гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд байдаг. Бид чинь төсвөөс гэхээсээ илүү дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын тусламжтайгаар л тохижуулж байгаа шүү дээ.

2012 онд л гэхэд 230-аад сая төгрөгийн рентген аппарат, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн тийм хэмжээний рентген аппарат, ходоод болон бүдүүн, шулуун гэдэсний дурантай болгож өгсөн.

Чих, хамар хоолой, нүдний оношилгоог нарийн тодорхойлох сүүлийн үеийн багажуудар тоноглогдоод л байна. Мөн энэ жил дүүргийн Засаг дарга болон ИТХ-аас Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хийн системийг тохижуулахаар 200 сая төгрөг төсөвлөөд байгаа. 

-Чагнуурнаас өөр зүйлгүй эмч нар нарийн тоног төхөөрөмжтэй болоод ирлээ. Хэдий сайн тоног төхөөрөмж байгаад боловсон хүчин дутагдалтай бол хэцүү шүү дээ. Эмч нарын ур чадвар хэр байгаа бол?

-Тэгэлгүй яах вэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хүнээ сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Зөвхөн дурангийн эмч бэлтгэхийн тулд 4-5 жилийг зарцуулж байна. Манай эмч өөрөө их санаачилгатай учраас өөрийн зардлаараа гадаадад мэргэжил дээшлүүлээд ирсэн. 

Ингээд сайн, нарийн мэргэжлийн аппаратуудаар тоноглогдчихоор бид иргэддээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхсэн гэж бодогдоод байгаа юм. Заавал дараагийн шатлалын эмнэлэг гэхгүйгээр эндээ оношилж, эмчилдэг бололцоог бүрдүүлэхийг хичээж байна. Аливаа асуудал алгуурхан л шийдэгдэх юм байна шүү дээ. Нөгөөтэйгүүр эмч хүн гэдэг бол нэг ёсондоо судлаач, эрдэмтэн, оюунлаг байхын зэрэгцээ насан туршдаа суралцаж байдаг. 

Өнөөгийн анагаахын оюутан бүтэн 10 жил суралцаж төгсөж байгаа. Ерөнхий эрдмээ зургаан жил суралцаж төгсөөд, өрхийн эмнэлэгт хоёр жил, нарийн мэргэжлийн эмчийн давтан сургалтад хоёр жил хамрагдаж байж нарийн мэргэжлийн эмч болж байна шүү дээ. 

Уг нь нарийн мэргэжлийн эмч нарыг хурдан хугацаанд сайн бэлтгэхгүй бол хугацаа нь урт болчихсон болохоор орон тооны дутагдалд орж, дүүргүүдийн эмнэгүүдийн боловсон хүчний асуудал хүндрэлтэй болж хувирдаг тал бий. 

Зөвхөн нүдний эмч л гэхэд зургаан жил сурч төгсөөд, гурван жил курст сураад дүүргийн эмнэлэгт ирлээ гэж бодъё. Ирсэн даруйдаа хагалгаа хийх гэхээр тоног төхөөрөмж нь байхгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид АУЭШИС болон мэргэжил дээшлүүлэх институт зэрэгтэй ярилцаж байгаад нарийн мэргэжлийн эмч бэлтгэх тал дээр ажиллаж байгаа. Ер нь тухайн байгууллагын боловсон хүчин эмч гэдэг чинь асар үнэтэй капитал учраас бид анхаарал хандуулахаас аргагүй. 

-Танайх гэмтлийн тасагтай болох гэж байгаа гэсэн байх аа? 

-Эмнэлгийнхээ нэг байрыг гэмтэл, мэс заслын тасаг болгон ажиллаж байна. Цаашдаа анхан шатны хагалгаа, яаралтай тусламж үзүүлдэг болгох хэмжээнд хүргэх санаатай байна. Ингэсэн тохиолдолд ГССЗҮТ-ийн ачаалал буурахаас гадна эмч нарын ур чадвар ч улам бүр сайжирна. 

-Эрүүл мэндийн салбарыг бүхлээр нь авч явахын тулд өнөөгийн эдийн засгийн байдал нэлээд хүнд байгаа. Тэр тусмаа энэ жил эмийн төсөв багагүй хасагдсан. Танай эмнэлгийн эмийн хүрэлцээ хэр байна? 

Төсөв 24-25 хувиар танагдсан. Ёстой л хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л их асуудалтай байгаа шүү дээ. Хүн бол эмнэлэгт хэвтлээ гэхэд хамгийн гол нь эмчилгээ л хийлгэх ёстой. Гэтэл нөгөө эмчилгээний мөнгийг нь хасчихсан байгаа нь хэцүүхэн байдалд л оруулахын эхлэл дээ. Ер нь эрүүл мэндийн салбараас эмч, ажилчдын цалин, эм, унаа, хоолны зардлыг яагаад ч хасч болохгүй гэж үздэг. 

Гэтэл эмийн төсвөөс таначхаад байдаг. Бүр 24-25 хувь шүү. Сүүлийн үед үүнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг болсон. Уг нь боломжийнхоо хэрээр эмчилгээ хийж байгаа. 

Гэсэн ч зарим тохиолдолд гаднаас эм, тариа авахаас аргагүйд хүрч байна. Үндсэндээ зургаадугаар сард асуудал нэлээд хүндэрч, эмийн өрөнд ороод хангалттай авч чадахгүй л болох байх. 

Зураг