Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Г.Алтанд өгөх нэг сая долларыг төр төлөх ёстой”

Б.Дамдин
2015 оны 4 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

За тэгээд “үлгэр” ингэж үргэлжилжээ...  Лениний музейг төрийн өмч гэдгийг шүүх тогтоотол МАН нөгөөхийг нь аль хэдийнэ сая ам.долларын барьцаанд тавьсан нь ил болсон. Барьцааны бичиг, гар хөлийн үсэг зурсан гэрээ нь ч гараад ирэв.

Үүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. 2013 оны долдугаар сар гэхэд нөгөөх нэг сая ам.долларын өрөө төлөх байсан МАН өнөөг хүртэл гэдийв.

Бачимдсан Г.Алтан шүүхэд хандлаа. Тэрбээр өөрийгөө гуравдагч этгээдээр татах хүсэлтийг шүүхэд тавьж, барьцаа нэгэнт төрийн өмч болсон тул Тусгаар тогтнолын ордныг нь нэг сая ам.долларын барьцаа болгох шийдвэр гаргаж өг гэж шаарджээ. Ингээд асуудал сунжрах үүд хаалгыг нээж орхив. Г.Алтангийн буруу биш. Өгсөн бол авах нь ёс.

Г.Алтан уг асуудалд гуравдагч этгээдээр оролцох, улмаар барьцааг солих шаардлага шүүхэд хүргүүлэхээсээ  өмнө нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу шүүх барьцаагаа солихыг МАН-д үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл, Г.Алтангийн хүсэлт,  шаардлагаас өмнө шүүх МАН-ыг сандаргаж орхисон гэсэн үг. МАН-ын дарга М.Энхболд 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд тайлбар гаргасан байна. Тэрбээр долоон янзын шалтгаан тоочжээ.

М.Энхболдын хариу тайлбарыг тоймловол:

Нэгдүгээрт, МАН болон иргэн Г.Алтан нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан. Тэр үед барьцааны зүйл болох 7,550 мкв талбайтай Лениний музейн өмчлөгч нь МАН болохыг УБЕГ баталсан. Өмчлөгч нь мөн гэж 2011 оны хоёрдугаар сарын 15-нд бүртгээд, Y-2202002678 тоот гэрчилгээ олгосон. Мөн 4,712 мкв газар МАН-ын өмч болохыг Нийслэлийн газрын алба 2011 оны аравдугаар сарын 7-нд бүртгэж гэрчилгээ олгосон.

Хоёрдугаарт, Барьцааны гэрээг Иргэний хуульд зааснаар нотариатаар баталгаажуулан, УБЕГ-т бүртгүүлж албан ёсны болгосон.

Гуравдугаарт, Шүүхээр Лениний музейг төрийн өмч болохыг тогтоохдоо гуравдагч этгээд буюу Г.Алтанг болон МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй. Тиймээс барьцаа, түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхисон.

Дөрөвдүгээрт, Шүүхийн шийдвэр гарсны дараа Лениний музейг төрд шилжүүлэхийн өмнө барьцаа, түрээсийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Төрийн өмчийн хороо, ШШГЕГ-т удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй.

Тавдугаарт, Барьцааны зүйлийг солих асуудлыг зөвхөн МАН-ын хүсэл зорилгоор буюу нэг талын шийдвэрээр шийдэж болохгүй. Барьцаалагч Г.Алтан зөвшөөрөхгүй нөхцөлд намын зүгээс ямар нэг арга хэмжээ авах боломжгүй юм.

Зургаадугаарт, Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон.

Долдугаарт, Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу Төрд шилжүүлэх нь зүйтэй.

Ийм долоон шалтгаан тоочжээ. М.Энхболд шүүхийн процесс буруу явсныг тоочоод эцэст нь Г.Алтанд төлөх нэг сая ам.долларыг төр төлөх нь зөв гэв.

Өөрөөр хэлбэл, шүүх буруудаж байна. Шүүх нь ч гэж шүүх. Ийм “хийтэй” шийдвэр гаргаж л байдаг. Одоо яах вэ? Өмнө шийдвэр гаргаж байхад МАН “хашаа”-ны гадна байлаа. Шийдэхэд төвөггүй байсан гэсэн үг. Одоо ороод ирсэн. Хадны зав­сар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг үг бий. Шүүх тийм л болоод байна.

Ерөөс “ганцхан” сая ам.долларыг төлөлгүй өнөөг хүртэл луу унжиж байгаа МАН-ыг гайхмаар байгаа юм. Нэг сая ам.доллар гэдэг уг нь их мөнгө. Гэхдээ МАН-д бол юу ч биш. Захын нэг дологтойхон гишүүн нь л халааснаасаа гаргаад шидэх эд гэцгээх. Учир мэдэх улсын үг болохоор үнэний ортой.

Гэхдээ энэ асуудал зүгээр л нэг сая ам.долларын өгөө, аваа биш болж таарна. МАН, АН-ын далд тэмцэл болж хувирлаа.

Зураг