Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрх хүүхдүүд"-ийн шийдвэр Засгийн газарт нөлөөлөх үү?

С.Туул
2015 оны 4 сарын 1
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Шийдлийн Засгийн газар байгуулагдаад бараг дөрвөн сар болж байна. Өмнөх Засгийн газар 100 дахь өдрөө нэлээд дуулиантай тэмдэглэсэн учраас олон нийт Ч.Сайханбилэгийн танхимын ойгоор бас тийм зүйл хүсэв. Гэтэл байдаггүй. Хийсэн ажлынхаа тайланг гаргаад л "100 хоногийн төрсөн өдөр” дуусав. 

Ямар нэг шоу, баяр цэнгүүн хийгээгүйд зарим хүн “уурлаад” байгаа бололтой юм. Эдийн засаг хямралтай байхад баяр хөөр болох илүүдээ гарсан төсөв Засгийн газарт байгаагүй биз. Тэд чимээгүй л ажлаа хийгээд явж буй. Гэхдээ гадна талд нь чимээ их байна.

Бараг л Засгийн газарт хамтрах урилга хүлээж авсныхаа маргаашаас МАН гарах тухай яриа, үйлдэл гаргах болсон. Олон нийт ч бас ‘Тэд сонгууль болохоос зургаан сарын өмнө Засгийн газраас гарч, АН-аас хариугаа авна” гэсэн “зөгнөл” хэлэх болов.

Байнга эрх барьж ирсэн МАН 2012 оны сонгуулийн дараа сөрөг хүчний байр суурин дээр оччихоод идээших гэж нэлээд зовсон. Хоёр жил гаруйн хугацаанд овоо суралцаж, зүгшрэх маягтай болоод иртэл эрх баригч болчхов.

Ийм байдалтай 100 гаруйхан хонож буй учраас сөрөх зангаа тавьж завдахгүй яваа. Юм л бол туньсан хүүхэд шиг зан гаргаж “Засгийн газраас чинь гарчихна шүү” гэнэ. Тэдэн дээр ИЗНН нэмэгдсэн. “Эрх хүүхдүүд”-ийнхээ эл үйлдэлд Ерөнхий сайд хэр санаа зовж байгаа юм бол.

“ИЗНН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРООГҮЙ”

УИХ-д суудалтай бүх нам Засгийн газарт гарцаагүй орсон, гэрээ байгуулж, дарга нар нь гарын үсгээ зурсан. Гэтэл ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга үүнийг “мэдээгүй” байжээ. Кабинетад нь багтаж, сайдын квот аваагүй учраас шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, тиймээс Засгийн газарт нам нь багтаагүй хэмээн тэр үзэж буй юм билээ.

Түүнтэй ижил бодолтой хэсэг хүн тус намд бий байх. МАН-ыг танхимдаа урьсан учраас ИЗНН-д ногдож байсан сайдын нэг суудлыг Ч.Сайханбилэг “хураахад” хүрсэн. Оронд нь тус намд БОАЖНХ-ийн дэд сайдын суудал л ногдсон юм. Үүнийгээ тэд голж буй.

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газарт хамтарна гэдэг нь кабинетад багтахыг л хэлнэ. Тэгж байж шийдвэр гаргахад оролцоно. Харин дэд сайдад тийм эрх оролцоо байхгүй учраас манай нам Засгийн газарт ороогүй гэж бид үзэж байгаа” гэжээ. Нэгэн ороогүй учраас Засгийн газраас гарах яриа байхгүй гэдгийг тэр хэлсэн байна лээ.

Энэ сарын 9-нд болсон тус намын Их хурлаар Засгийн гараас гарах, эсэхээ ярилцана гэж байв. Гэвч тэгээгүй. Шинээр сонгосон Үндэсний хороондоо даатгаад орхисон билээ. Б.Хүдэр-Яны хэлснээр шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, ганц дэд сайдын суудалтай нам Засгийн газраас гарлаа гээд хүндрэл үүсэхгүй. Харин ИЗНН-д л ашиггүй болох учраас ийм алхам хийж завдаагүй бололтой.

МАН-ЫН САЙД НАР ТАНХИМЫН 32 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ

АН, МАН хоёр нийлж салаад сурчихсан. Хэн хэнийгээ занг авчихсан, улстөр хийхдээ түүнийг нь тооцоолдог болчихсон биз. 2004 онд энэ хоёр нам тэнцүүхэн суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа.

Ц.Элбэгдорж энэ танхимыг тэргүүлж байсан ч 2006 онд бүрэлдэхүүний 50 хувь буюу 10 сайд нь огцрох өргөдлөө өгснөөр “онхолдож” орхисон түүх бий. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь огцрох өргөдөл өгвөл тэр танхим бүрэлдэхүүнээрээ ажлаа өгдөг хуультай. 2008 онд МАН 45 суудал авч олонхоо бүрдүүлсэн ч АН-ыг танхимдаа урьсан.

Гэвч АН-ынхан хамтран ажиллаж байснаа сонгууль болохоос хэдхэн сарын өмнө нүүр буруулж орхисон. Ц.Элбэгдоржийн үед чадуулсан хариугаа авсан ч юм шиг. Тэгвэл энэ удаа тэд МАН-ыг "гуйсан". Нөгөөдүүл нь өмнөх явдлыг мартаагүй нь мэдээж. Тийм ч учраас сонгууль болохын өмнөхөн MAH Засгийн газраас гарлаа гэвэл гайхах хүн нэг их гарахгүй.

Үүнийг угтуулсан үйлдэл, үг яриа тус намын дарга, гишүүн, залуусын зүгээс хангалттай гарч буй.

2004 онд энэ хоёр нам тэнцүүхэн суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа.

Мэдээж ийм зүйл болж мэднэ гэдгийг АН-ынхан тооцоолсон байж таараа.

Тийм ч учраас МАН-д сайдын зургаан квот хуваарилсныг АН-ын дарга З.Энхболд ярилцлагадаа хэлсэн байна лээ. Шийдлийн Засгийн газрын 19 сайдын зургаа нь МАН-ынх. Тэд нийт бүрэлдэхүүний 32 хувийг эзэлдэг юм. Нэгэнт 50 хувьд хүрэхгүй учраас тэд гарлаа ч Засгийн газар огцрохгүй.

Яг л Сү.Батболдын танхим шиг орны сайд нарыг нь томилоод гүйцээ. Үүнийг З.Энхболд дарга “Өмнөх түүхээсээ суралцсан” гэж тайлбарлажээ. МАН зүгээр л айлгах тактик хэрэглээд байна уу, эсвэл үнэхээр сонгуулийн өмнөхөн хамтрагчаа хаяж гарах уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Хэрэв ийм алхам хийвэл тэд Засгийн газарт анх орохдоо “Улс орны эрх ашгаа бодож сонголт хийлээ” гэж тайлбарлаж байснаасаа ухарсан хэрэг болно. Бас олон нийтэд зүгээр л шоу, өс санасан үйлдэл шиг харагдахаас биш, МАН-ын нэр хүндийг лав өсгөхгүй байх.

Ч.Сайханбилэг өмнөх Ерөнхий сайд шиг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулдаггүй болохоор “эрх хүүхдүүд”-ийнхээ үйлдэлд ямар хариу өгөх нь тодорхойгүй.

Юутай ч тэдний үйлдэл Засгийн газрыг огцруулж хүчрэхгүй гэдгийг АН-ын дарга өмнөөс нь тайлбарлачхаад байгаа юм. УИХ-ын Хаврын чуулган хэдхэн хоногийн дараа нээгдэнэ. Тэр үед улс төрийн үйл явц яаж өрнөхийг харъя.

Зураг