Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ Донбассын хүүхдүүдэд үзүүлэх тусламжаа зогсооно

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

НҮБ Донецк болон Луганскийн оршин суугчдад хүнс тараах ажлаа зогсоохоор болсон байна. Энэ нь санхүүжилт хүрэлцээгүйтэй холбоотой гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын тайланд дурджээ.

Донбассын оршин суугчдад тусламж үзүүлэх хөтөлбөрт зориулан энэ онд 316 сая ам.доллар хүссэнээс ердөө 16 хувь нь буюу 50.5 сая орчим долларын санхүүжилт л орж ирсэн гэнэ. “Санхүүжилт бага байгаа учраас гол салбаруудад хүмүүнлэгийн тусламж хүргэх хэмжээ эрс багасна ” гэж илтгэлд онцолжээ.

Санхүүжилт хүрэлцээгүйн улмаас 80 мянга орчим хүн бэлэн мөнгө, хүнсний талон хэлбэрээр олгогддог тусламжийг авч чадахгүй болох гэнэ.

Түүнчлэн босогчдын хяналтаа тогтоосон бүс нутгуудад хүнсний багц тараах ажлыг зогсоох юм байна. Украинд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 2015 оны хөтөлбөрийг өнгөрсөн сарын 23-ны өдөр танилцуулсан гэнэ. НҮБ-ын илтгэлд Дебальцевогийн оршин суугчдын хүнд нөхцөл байдлыг онцолсны дээр Донбассаас нүүсэн, тусламж шаардлагатай хүмүүсийн тоо нэг саяд хүрсэн тухай Украины мэдээлэл, баримтыг ч оруулжээ. 

Энд дуулгахад Донбассын оршин суугчдад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг Орос улс ч мөн үзүүлж байгаа бөгөөд 2014 оны наймдугаар сараас эхлэн Донецк болон Луганск руу 28 мянган тонн ачаа ачсан 23 цуваа хүрсэн юм. Түүнчлэн Украины бизнесмен Ринат Ахметовын сан энэ бүс нутгийн оршин суугчдад тусламж үзүүлж байгаа юм байна. 

Эх сурвалж: Lenta.ru