Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот, Өмнөговь аймагт улаанбурхан өвчин бүртгэгдээд байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN

Эрүүл Мэнд, Спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа.

Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болгожээ.


Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн

Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй бөгөөд урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь  хүүхдээ 9 сартай, 2 настайд нь улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм.

Хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандана уу.