Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих ангид эмч болон эм тарианы нөөц нэн дутагдалтай байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Каритас Чех байгууллагаас Европийн холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд хэрэгжүүлсэн "Монголын Хорих байгууллагууд дахь хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих" төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Каритас Чех Репаблик байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тиболт Чапоё /Thibault Chapoy/ “Миний хувьд төслийг маш амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч чадсан гэж дүгнэж байгаа.

 Хорих ангиудад тулгамдсан асуудлууд их байсаар байна.

Гэсэн хэдий ч хорих ангиудад тулгамдсан асуудлууд их байсаар байна.

Тухайлбал,

  • Хорих ангийн орчин нөхцөл тааруу, хоригдлуудыг ангилан байршуулах шаардлагатай байна. 
     
  • Хоригдлуудын эрүүл мэндэд анхаарал хандуулж, сурч боловсрох нөхцөлөөр хангах хэрэгтэй байна.
     
  • Хамгийн чухал асуудал бол суллагдах дөхсөн ялтнуудын сэтгэл зүйг нийгэмд бэлдэх асуудал их орхигдож байгаа нь ажиглагдсан. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр одоогийн байдлаар ял эдэлж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь давтан ял эдэлж байгаа юм. Тэдний хувьд шоронгоос гараад нийгэмд байр сууриа олж чадахгүй байгаа учир ахин хоригдох нөхцөл бүрдэж байна” хэмээн ярилаа.
Төслийн хүрээнд хамгийн эхэнд хорих ангийн нийгмийн ажилтнууд, хоригдогчдыг нийгэмшүүлэх, тэдэнтэй ажиллахад мэргэжлийн сургалтад хамруулжээ.

Сургалтын явцад  хорих ангийн нийгмийн ажилтан, нийгмийн ажлын багш оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, гарын авлага хэвлүүлэх, хорих ангид ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад сургагч багшаар дамжуулан сургалт зохион байгуулсан байна.

ШШГЕГ-ын Нийгмийн сэтгэл зүйн тасгийн ахлах мэргэжилтэн Г.ГалсанжамцЯлтнууд эрхээ хамгаалуулах асуудлаар хүний эрхийн байгууллага, өмгөөлөгчид хандах асуудал нь нээлттэй байгаа. ШШГЕГ-ын зүгээс ялтнуудын суурь эрхийг хамгаалах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

"Монголын Хорих байгууллагууд дахь хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих" төслийн хүрээнд манай нийгмийн ажилтнууд үе шаттай сургалтуудад хамрагдаж, гарын авлагатай боллоо. Цаашид тогтмол сургалтууд зохион байгуулж байхаар төлөвлөж байна” гэлээ.

Мөн төслийн хүрээнд хорих ангиудад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулсан байна.

Судалгааны товч дүгнэлтийг танилцуулбал:

  1. Улсын хэмжээнд (25 хорих анги) 40 хорих байр байдгаас 45 хувь нь буюу 21 хорих байр нь хорихын зориулалтын бус барилга байна. Энэ барилгууд нь эмнэлэг, цэргийн хуаран, агуулах, аж ахуй, авто засварын зориулалтаар анх баригдсан барилгууд юм. Нийт барилгын 22.5 хувь нь 50-аас дээш жил ашиглагдаж байна. Ашиглалтад ороод 20 жил болж байгаа 16 барилгаас нэг нь зориулалтын барилга байна. Харин 2002 оноос хойш хорих ангийн зориулалттай хэд хэдэн барилга ашиглалтад оруулсан байна.
     
  2. Хорих ангиудад ялтнуудыг гэмт хэргийн төрөл, давтан болон анх хоригдож байгаа зэргээр нь ангилан өөр өрөөнд байрлуулдаггүй. Зөвхөн хувь хүний үнэлэмжээр өрөөг нь хуваарилан байрлуулж байна. Энэ нь ялтнуудын засан хүмүүжих төлөвшил, зан суртахуунд нөлөөлөхөөс гадна хүний эрх зөрчигдөх үндэс болж байна.
     
  3. Хорих ангийн газар зүйн байрлалаас шалтгаалан ундны ус нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй байна. Хорих ангийн усны нөөцөөс хамаарч нэг ялтны уух усны хэмжээ нь өдөрт нэг хүнд шаардлагатай усны хэмжээний 50 хувьд хүрэхгүй байна. Мөн хорих ангийн эдийн засгийн орчин, менежмент хийх боломж бололцоо нь газар зүйн байрлалаас хамаарч харилцан адилгүй байна. Үүнээс шалтгаалан зарим хорих ангид ялтнууд огт ажил хийх боломжгүй байна.
     
  4. Ял эдэлж буй хүмүүс суллагдсаны дараах амьдралын төлөвлөгөө боловсруулахад хорих байгууллагын дэмжлэг, оролцоо дутмаг байна. Энэ асуудалд хорих байгууллагуудын удирдлага, албан хаагчид анхаарч ажиллах шаардлагатай нь харагдаж байсан.
     
  5. Хорих ангид эмч болон эм тарианы нөөц нэн дутагдалтай байна.
     
  6. Хорих ангийн албан хаагчдын дунд явагддаг сургалт, дамжаанд хамрагдах давтамж тогтмол байгаа ч ихэнх нь ШШГЕГ-ын сургалтууд байна. Цаашид хорих ангийн албан хаагчдыг хүний эрх, хоригдогчидтой харилцах харилцааны техник олгох сургалтад хамруулах нэн чухал байна.

Төсөл хэрэгжүүлэгчид Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран ШШГЕГ, хорих ангийн ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгуулж “ХҮНИЙ ЭРХ ЭМХЭТГЭЛ”, “ХҮНИЙ ЭРХИЙН БАРИМТ БИЧИГ, зөвлөмж, тогтоол “ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ” гарын авлагуудыг хэвлүүлэн гаргажээ.

Түүнчлэн бичил төслийн сонгон шалгаруулалтаар шалгарсан “Хууль Сахиулахын Их Сургууль” болон “Хүний Эрх Хөгжил Төв” байгууллагууд хамтран хорих ангиудад ял эдэлж буй хүмүүст шаардлагатай хууль эрх зүйн хэрэгцээг тодорхойлох судалгаа, гарын авлага гаргах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Гарын авлагад шаардагдах мэдээлэл цуглуулах анкетын судалгаанд 1,519 ялтан, фокус бүлгийн ярилцлагын судалгаанд 166 албан хаагчид оролцжээ.