Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батхуяг: Хаврын чуулганаар ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх уг аяны нээлт өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч, үйлдвэрчний байгууллага, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд оролцсон юм. 

Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ болон холбогдох байгууллагууд хамтран сарын аяны хүрээнд:

  • “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх,
  • “Нэн тэргүүнд ХАБ” үндэсний чуулганыг зохион байгуулах,
  • Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран Налайх дүүрэгт зохион байгуулах,
  • Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлаар БНСУ-ын ХААЭА-н агентлагтай хамтарсан сургалт хийх,
  • Осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлаар Герман улсын ослын даатгалын газартай сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

ЭНЭ ТУХАЙ...

 

Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг

Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн сарын аян “Ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлье” гэдэг уриатай явагдаж байна. Энэхүү сарын аяны хамрах хүрээ, асуудлууд өргөжиж байгаа.

Мэдээж ХАБЭА болон Хөдөлмөрөөс шалтгаалах өвчний асуудлуудыг шийдвэрлэхийг зорино. Мөн олон эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагдах болно.

Хамгийн гол нь УИХ-ын хаврын чуулганаар ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэх зорилготой байна. 

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтсийн дарга А.Цэнгэлмаа

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг тохиолдуулаад бид холбогдох ажлуудыг зохион байгуулж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэдэг эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс болдог.

Жишээ нь дуу шуугианд олон жил ажилласан тохиолдолд мэргэжлээс шалтгаалан өвчтэй болно. Тиймээс бид ажлын орчинг эрүүлжүүлэх, аюулгүй болгох хэрэгцээ шаардлага байна.

ХАБЭА-н тухай хуулиараа бусад холбогдох дүрэм журмаараа ажил олгогчид ажлын орчныг эрүүл, аюулгүй байлгах үүрэг хүлээсэн байдаг. Тэр утгаараа ажил олгогчид үүргээ биелүүлнэ.

Нөгөө талаасаа ажилтан хүн осол эндэгдэлгүй, аюулгүй ажиллах үүрэг хүлээсэн байдаг.