Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн төлөвлөгөөг баталлаа

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ.  

2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ-ын тогтоолоор эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан. Тус төлөвлөгөөний хоёрдугаар заалтад эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд нарийвчилсан төлөвлөгөөний төслийн танилцуулсан юм. Засгийн газрын гишүүд, яам, агентлагаас ирүүлсэн саналыг нэмж тусгаад өчигдрийн хуралдаанаар баталсан байна. 

Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамнаас эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 

Нарийвчилсан хөтөлбөрийг батлахдаа Засгийн газрын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, яам, агентлагууд, хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон ТББ, эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэн тусгасан байна.

Хүндрэлээс гарахад зайлшгүй авах ёстой 592 санал ирсэн бөгөөд давхардлыг арилгаж, агуулгын хувьд дүйцүүлээд 220 саналыг тусган баталжээ.

Нарийвчилсан хөтөлбөрт Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, ажлын байрыг хадгалах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх гэх мэт олон зүйл заалт орсон байна. 

Хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Хэрэгжилтийн явцын талаар улирал тутамд Засгийн газрын хуралдаанд мэдээлж байхыг Сангийн сайдад үүрэг болгожээ.