Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Немцовын хэргээр баривчлагдсан этгээдүүдийг захиалгат аллага үйлдсэн гэж буруутгажээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан таван хүнийг хөлсөөр, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа тухай Москва хотын шүүхийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Цахим хуудсын мэдээлснээр Анзор Губашев болон Заур Дадаевыг Оросын эрүүгийн хуулийн 222 дугаар зүйл буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангиар харин бусад сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 2-д зааснаар урьдчилан үгсэн тохиролцсон хэрэгт буруутгаж  байгаа юм байна. 

Эргэн сануулахад Оросын сөрөг хүчний томоохон зүтгэлтэнд тооцогддог Борис Немцов хоёрдугаар сарын 28-ны шөнө Москва хотын төвд, Москва голын гүүрэн дээр алагдсан юм. Энэ хэрэгт Заур Дадаев, Анзор Губашев, Хамзат Бахаев, Тамерлан Эскерханов,  Шагит Губашев гэсэн таван хүнийг сэжиглэн баривчлаад байсан юм.

Мөрдөн байцаагчид энэ хэргийн гүйцэтгэгч нь Чечений “Север” батальоны орлогч дарга асан Заур Дадаев байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ хэргийн тал дээр шинэ гэрчүүд гарч ирэн, сэжигтнүүдийг хэрэгт хамааралгүй байж мэдэх талаар мэдээллүүдийг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлж байсан ч ийнхүү шүүхээс ял төлөвлөж байгаа нь тодорхой боллоо. 

Эх сурвалж: Ведомости