Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн зуунд амьдарч байж...

Н.Пунцагболд
2015 оны 3 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс энэ сарын 27-28-нд зуны цагийн хуваарьт шилжсэн. Өмнө нь манай улс ийм маягаар цагаа урагшлуулж, ухрааж зохицуулж байсан түүх бий.

Мэдээж цаг урагшлуулж, ухраахад гарах янз бүрийн механик үр дагавруудыг тоочих юм бол их. Гэмт хэргийн гаралт буурдаг, цахилгаан эрчим хүчийг таван хувиар бууруулдаг энэ тэр гээд. 

Мөн хүний биед сөрөг нөлөөтэй зүйл ч байгаа. Энэ мэтээр сайн, мууг нь яриад байвал барагдахгүй. Гэхдээ ганц цагийн зөрүүний асуудлыг амралтын өдрүүдэд цаашлуулж, наашлуулаад зохицуулчхаж байгаа болохоор гайгүй байх. Зарим залуучууд цагийн зөрүү гарахгүй байна энэ тэр гээд сүр сүйд болж байгаа. Тэр дундаа фэйсбүүк, твиттерээр ялихгүй юм ярьж байгаа нөхдүүд алийг тэр гэх вэ.

За энэ ч яахав, дээр дурдсан ялихгүй шалтгааны хажуугаар жаахан онигоотой юм шиг үйл явдал боллоо. Бид өнөөдөр 21 дүгээр зуунд амьдарч байгаа. Тэддүгээр, эддүгээр гэхээсээ илүүтэй дэлхий нийтээрээ технологийн зуун гэж тодотгож байгаа шүү дээ. Манай улс ч дэлхий нийтийн технологиос нэг их хол хоцорчихгүй л яваа. Өнөөдөр хүн бүр л ухаалаг утас барьж байна. 

Ерөнхийдөө хүний амьдралын бүхий л зүйлийг ухаалаг утас нэг дор шийдэхэд тусалж байгаа гэхэд болно. Холбоо барьж, зураг авч, хөгжим сонсож, интернетэд орж байна. Үндсэндээ хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. 

Гэтэл сая цаг урагшлуулахад ухаалаг утасны цаг автоматаар урагшилсангүй. Манай Засгийн газрынхан зүгээр л урагшлуулах шийдвэр гаргаад, тэртээ 2000-аад оны үеийнх шиг л ажил хийчихлээ. Уг нь эртнээс бэлтгэл хийгээд, ухаалаг утсанд зориулсан программ гаргаад, цаг урагшлахад бүх зүйл автоматаар зохицуулагдсан бол аятай юу. Хүмүүс ийм зүйлийг харж, хүсч байсан юм билээ. Тэр талаар ч ярьж байна. 

Гэтэл тийм бэлтгэл байхгүй, шууд л харанхуйгаар урагшлуулчихсан.  Ухаалаг утас барьж байгаа хүмүүс гэрийнхээ цагийг түлхэж байгаа юм шиг л утасныхаа цагийг тааруулсан. Ингэхээр чинь технологийн зуунд амьдарч байгаагийн хэрэг юу байна.

1990-ээд оны дунд үед цагийг урагшлуулж байсан, тэр жишгээр гэвэл тэнэг хэрэг биз дээ. Тэр үед ухаалаг утас гэж байсан биш. Хүмүүс өглөө босоод, гэрийнхээ цагийг урагшлуулж, хойшлуулаад л болно. Одоо бид арай өөр орчин, нөхцөлд амьдарч байна.  

Өглөө босч ирээд ухаалаг тодотголтой утастай хүмүүс цагаа тааруулах гээд сууж байх нь нэг талаараа онигоо биз дээ. Удахгүй зуны улирал болох гэж байна. Аялал жуулчлалын улирал эхэллээ гэсэн үг. Гадаадын жуулчид манай улсыг зорьж ирнэ.

Дэлхий нийтээрээ ухаалаг утас барьж байгаа энэ үед жуулчид манай улсад ирээд цагаа тааруулах гээд орчуулагчаасаа асуугаад байж байх уу.  Эсвэл цаг нь зөрөөд яваад байх уу. 

Утгагүй байгаа биз дээ. Хэрвээ Монголд ирэхэд нь л утасных нь цаг нь автоматаар таарчихдаг бол аятай юу. Жуулчид гайхаад, шагшираад байна гэж юу байх вэ. Харин ч Монголын технологи сайн болж, хөгжиж байгаа юм байна гэж бодно биз дээ. Энэ мэтээр ярих асуудал байна. 

Цаг урагшлуулсан асуудлыг зөв, буруу гэж дүгнэхийг хүссэнгүй. Гагцхүү технологийн зуунд амьдарч байж өглөө босоод ухаалаг утасныхаа цагийг тааруулах гээд сууж байгаадаа л жаахан гайхлаа. Хүмүүс ч ингэж гайхаж байна. Ядаж байхад манай Засгийн газрын тэргүүн технологи сайн мэддэг, залуу хүн биз дээ. Тэгж бодохоор л бүр ихээр гайхаад байх юм. Шийдвэр гаргасан бол цаг үетэйгээ нийцүүлсэн ажил хийх хэрэгтэй шүү дээ.

Зураг