Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганболд: Ц.Мөнхбаяр нар хуулийн дагуу тэмцэхээ ухамсарласан

Б.Энхзаяа
2015 оны 3 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчөөс гурав дахь удаа уучлал хүсчээ. Энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.

-Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлөө гурав дахь удаа хүргүүлэхээр болжээ. Гэтэл Ерөнхийлөгч тэднийг албан ёсоор уучлал хүсээгүй гэж  мэдэгдсэн. Өмнөх хүсэлтүүд эзэндээ хүрээгүй юм уу даа?

-Улсын Дээд Шүүх шийдвэр гаргаснаас хойш хоёр удаа Ерөнхийлөгчид уучлал хүсэх өргөдөл гаргасан. Хүсэлтийн хариуд Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд хариу ирүүлж байж.

Албан бичигт Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн тайлбартай. Ерөнхийлөгч уучлал хүссэн хүсэлтийг яагаад одоо хүртэл мэдээгүй байна вэ. Үүнээс харахад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх нь хариуцлагагүй ажиллажээ гэж харж байна.

Ц.Мөнхбаярт долоо, Д.Төмөрбаатарт 10, Г.Болдбаатарт 3.1 жилийн ял өгсөн шүүхийн үйл ажиллагаа хэдийнэ болоод өнгөрчихсөн байхад Ерөнхийлөгчийг шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн. Энэ бол хайнга ажиллагаа. Буруу ажилласан гэж үзэж байна.

Тиймээс уучлал хүссэн өргөдлийг өөрийн биеэр өнөөдөр /өчигдөр/ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэнэ. Эрхэм Ерөнхийлөгч та эдгээр хүмүүсийн хүсэл зорилгыг нь, ямар үүднээс ийм алхам хийснийг нь тунгаан бодож уучлал үзүүлээч гэж хүсч байна. Энэ нь зөвхөн бидний хэсэг нөхдийнх биш нийт ард түмний хүсэл юм шүү.

-Ерөнхийлөгчийг гадаад иргэдэд уучлал үзүүллээ гэж нэг хэсэг шуугисан. Тэдний оронд Ц.Мөнхбаяр нарыг суллах ёстой гэж үзэх нэгэн ч байсан. Төрийн тэргүүн танай холбооны нөхдөд уучлал үзүүлж болох хуулийг судалж үзэв үү?

-Хуулийн хүрээнд уучлал үзүүлэх боломжтой гэдгийг Ерөнхийлөгч өөрөө баталж хэлсэн. Эх орныхоо төлөө явсан хүмүүс торны цаана суух биш эрх чөлөөтэй тавцан дээр гарч ирэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Нэгэнт шүүхээс ял оноогоод, түүнийхээ багагүй хэсгийг нь эдэлсэн болохоор шүүхийн шийдвэрийг өөр өөрсдийн үзэмжээр тайлбарлах нь зохисгүй юм. Монголын ард түмэн энэ гурван хүнийг эрх чөлөөтэй болж гарч ирээд гол, усаа хамгаалаасай гэж хүсч байна. Шүүх хурал аль хэдийнэ болчихсон. Одоо харин уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн эрх. Тэр байтугай хүмүүст уулчлал үзүүлснийг ард түмэн мэдэж байгаа.

-Ц.Мөнхбаяр нар өмнө нь уул уурхайн компаниуд руу буу тавьж, Чингисийн талбайд нум сумтай жагссанаас болж хуулийн байгууллагаар шалгуулж байсан. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байсан учраас дахин уучлал үзүүлэх боломжгүй тухай ярилцлагадаа онцолж байсан?

-Тэр үйл явдал бол хуулийн дагуу шийдэгдээд явчихсан. Түүнд Ерөнхийлөгч анхаарал тавьсан, нөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Уучлал үзүүлнэ гэдэг ял авсан хойно болох процесс. Тэдэнд 21 жилийн ял оноогоод долоон жил болгож бууруулсан нь шүүхийн процесс л байсан. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эсэх нь хариу нь одоо л гарах ёстой.

-Уучлалыг зөвхөн Ц.Мөнхбаяр хүссэн үү?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхаа журмаар гурвуулаа хүсэлтээ өгсөн. Харин би Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч учир түүний хүсэлтийг зохих газарт нь хүргэж өгөхөөр авч явна.

-Тэднийг зайлшгүй гарч ирэх шаардлагатай гэлээ. Шүүхээр буруудсан шигээ дахин тэмцэл өрнүүлэхгүй биз дээ?

-Ц.Мөнхбаяр бол 2001 оноос хойш “Онги гол” хөдөлгөөн байгуулж, бүх хүчээ дайчлан ажиллаж ирсэн. Урт нэртэй хуулийг анхнаас нь боловсруулж, дэмжүүлэх батлуулах бүх шатанд нөхдийгөө удирдан оролцож байсан. Харамсалтай нь батлуулсан хуульд нь өөрчлөлт оруулчихлаа. Мөн Байгаль орчны тухай хуульд экологид хохирол учруулсныг зөвхөн Засаг дарга нэхэмжилдэг байсан зүйл заалтыг өөрчлүүлж, иргэд аж ахуйн нэгж төрийн бус байгууллага нэхэмжлэх эрхтэй болгож чадсан.

Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Гол усаа хамгаалахын төлөө тэмцэнэ. Хувь хүн уучлал хүсч байна гэдэг шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дахин хуулийн дагуу ажиллана гэдгээ ухамсарлаж байгаагийн илрэл. Тиймээс тэмцлийн арга хэлбэр нь хуулийн хүрээнд байж таарна. Тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсчихлээ. Гол, ус, ойн сав газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрчихлөө. Үүнд хяналт тавихаас эхлээд олон ажил бий.

-Хэрэв уучлахгүй бол?

-Бид тэгнэ, ингэнэ гэж төлөвлөсөн юм алга. Уучилна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгч бол Монгол орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө ажиллаж байгаа хүн. Ц.Мөнхбаяр нар ч ижил хүсэл зорилготой.

-Ял эдэлж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Г.Болдбаатарын бие тааруу байгаа гэв үү?

-Ц.Мөнхбаярын хувьд хэвийн. Г.Болдбаатарын хувьд түгшүүртэй байна. Өмнө нь зүрхний хүнд хагалгаанд орж байсан хүн. Эмнэлэгт ч олон удаа хэвтэж байсан. Шоронд удаан суувал амьд гарч ирэхээргүй болсон. Монголыг цаазын ялгүй орон гэж зарласан ч өөр утгаар шоронд хэрэгжиж байна.

-Ц.Мөнхбаяр уул уурхайн “АУМ” компанийн захирлаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн гэсэн. Нэхэмжлэлээ авч чадсан уу?

-Энэ асуудал шүүхийн шатанд явна. “АУМ” компанийн захирал мэдүүлэг өгөхдөө үнэнийг үгүйсгэсэн олон тайлбар хэлсэн байсан. Тиймээс бид нотлох баримт цуглуулж байна. Ц.Мөнхбаяр нар компани дарамталж мөнгө авч байгаагүй учраас ялна гэдэгтээ итгэлтэй байна.

Яахав тодорхой хэмжээгээр заналхийлэл байсан нь үнэн. Голын эх сүйтгэх юм бол амиар чинь солино шүү гэж хэлж байсан. Гол усныхаа төлөө тийм хэмжээний зүйл байхад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

Зураг