Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

20 жилийн хүлээлт 2020 онд биелээсэй

Б.Өнөртогтох
2015 оны 3 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

-Нөөцөө түшиглэсэн хоёр үйлдвэрийг Дорноговь, Дорнодод барих урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулжээ-

Монгол Улс 2020 он гэхэд дотоодын нөөцөө түшиглэсэн хоёр ч нефтийн үйлдвэр барих асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж эхэлсэн нь нийгэм, эдийн засгийн хүрээнд анхаарал татах сэдэв болжээ.

Энэ талаар улс төрийн хүрээнийнхэн болон эдийн засагчид янз бүрийн байр суурь илэрхийлж, улс төрийн сонирхлоор шоу юм гэж харагдуулах, харлуулах хэсэг ч гарч ирлээ. Гэвч энэ нь өнөөгийн нийгмийн хүлээлт, яах аргагүй бодлого төлөвлөлт дутагдаж байсан салбар гэдэгт бүх хүн санал нэгдэж байна. 

Энэ хэрвээ ажил хэрэг болчихвол гэх найдварын оч олон хүнд төрж байгаа биз. Өмнөх 20 жилд яригдсан 15 үйлдвэрийн талаар ийм их акц өгөөгүй атлаа өнөөдөр барихаар яригдаж байгаа хоёр үйлдвэрийн яриа энэ салбарынхныг ярих хэлэх, шүүмжилж сайшааж ярих сэдэв болсон нь энэ салбарын бодлого анхаарал татаж эхэлснийг харуулж байна. Нэг үгээр хэлбэл, өмнө нь бодлогогүй цээжний бангаар, сэтгэлийн хөөрлөөр ярьж байсан асуудлыг бодлогын хэмжээнд ажил хэрэг болгох яриа эхэлжээ.

Нефтийн үнээс хамааралтай ам.долларын ханш галзуурч байгаа нь яах аргагүй ярих сэдвийн нэг. 

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсчихвөл үйлдвэрээ барихад улам л хүндэрнэ. 

Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг улсаас хараат биш байсан бол ингэж харааж ерөөх нь зүйн хэрэг.

Дотооддоо нефтээ үйлдвэрлэчихдэг байсан бол дэлхий үнээ буулгачихлаа, бид юунаас дутаж байна вэ хэмээн цамнах нь ч зөв. Харамсалтай нь хэн нэг сэтгүүлч гарын үзүүрээр дүгнэж, хэн дуртай улстөрч энэ сэдвээр улстөржих боломж одоогоор хаалттай юм. Монголчууд бид гадны зах зээлээс хамааралтай олон жил боллоо. 

ОХУ зэрэг томхон нефть олборлогч улс орнуудад үнэ буурч, алдагдалтай байгаа ч манайхтай хийх арилжаанд тогтвортой байдлын гэрээний үнэ үйлчилдэг учраас дэлхийд үнэ буурахаар дагаад буурчихдаг үнэтэй улс бид биш. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд бид үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц алга. Ам.долларын галзуурлыг аргамжихын тулд нефть бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлогч орон болох учиртай. 

Тэгсэн цагт импортын бүтээгдэхүүний 28 хувийг бүрдүүлж байгаа нефть бүтээгдэхүүний хараат байдлаас гарч чадна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан энэ байдлыг бид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, ийм цаг үед үйлдвэрээ бариад авъя л даа. Тэгж чадвал бид хожно. Харин дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсчихвөл үйлдвэрээ барихад улам л хүндэрнэ. 

Дотооддоо нөөцтэй, хаанаас ч турбо татсан боломжтой нам дор газарт байршлыг нь тогтчихсон, одоогоор илрээд байгаа нефть бүтээгдэхүүний нөөц нь дотоодын жижиг зах зээлээс гадна экспортод гаргах боломжтой салбараасаа бид 1.5 тэрбум ам.доллар гадагшаа урсгаж байсан тоон мэдээлэл гарчээ. Яг л 60 сая малтай атлаа сүүгээ гаднаас худалдаж ууж байгаа шиг.

Говийн бүсэд хайгуул хийх бүрт нөөц нь олдож байгаа асар их баялгаа ашиглаж чадахгүй өдий төдий тэрбум мөнгө салхинд үрж байгаадаа дүгнэлт хийе. 

Монгол Улс нефтийн үйлдвэрээ барих шаардлагатай байна. 

Тиймээс бид нэн даруй хараат байдлаас гарах гарцаа эхлээд ярих шаардлага бий болж байна.

Улс төрийн намуудын шоу, улстөрчдийн хар цагаан пиар энэ салбарт байх учиргүй. 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьчихвал бид ам.долларын галзуурал, валютын хомсдолоос гарч чадах уу гэдгийг эдийн засгийн тооцоо үндэслэлд тулгуурлан гаргах цаг нь одоо ирчхээд байна. Яагаад гэвэл энэ нь стратегийн чухал ач холбогдолтой бодлогын хэмжээнд ярих асуудал. Монголчуудын хувьд олон жил хүлээсэн хүлээлт. 

Бид ийм үйлдвэр барих талаар ойрын 20 жил ярилаа. Дарханд Япончууд түлхүүр гардуулах гэрээгээр нефть боловсруулах үйлдвэр барьж энэ онд ашиглалтад өгөх талаар баахан сурталчилсан. Одоо сураг алга. Түүхий эдийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас татна гэхээр үнийн хувьд ялгаагүй. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үнэ буурлаа ч ОХУ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээндээ тусгасан үнээ л дагаж мөрдөнө. 

Тэр тохиолдолд Монголд үйлдвэр байсны ач тус харагдахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын төвшинд яригдаж байгаа нөөцөө түшиглэн үйлдвэрээ барих гарцыг л нэн даруй, маш хурдан хугацаанд хэрэгжүүлэхэд анхааръя. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтын үеэр “Монгол Улс нефтийн үйлдвэрээ барих шаардлагатай байна. Ган төмрөө өөрсдөө хиймээр байна. Түүхий эдээ нэмүү өртөг шингээж гаргах ёстой. 

Тиймээс энэ чиглэлд бид явахаас өөр аргагүй. 15 нефтийн үйлдвэрийн төсөл олон жил яригдлаа. Нэг нь ч яваагүйн бодлогогүй байсны илрэл. Тиймээс 2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэр барих ёстой. Тэр тусмаа дотоодын бүтээгдэхүүндээ тулгуурлан нефть боловсруулах үйлдвэр барих тухай баримт бичгийг яамнаас Засгийн газарт оруулж батлууллаа. Хаана үйлдвэр барихаа ярилаа. Урьдчилсан ТЭЗҮ-гээ шийдэхээр ярилцлаа. 

Хамгийн түрүүнд говийн бүсэд барих нь зөв гэж шийдлээ. Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаянгийн хэсэг манай орны хамгийн нам дор газар. Хаанаас ч турбо хоолой татсан хамгийн хямд өртгөөр түүхий эдээ татна. Дорнодын түүхий нефтийн үйлдвэрийг түшиглэж байгуулна” гэсэн юм. 20 жилийн хугацаанд хэд хэдэн Засгийн газрыг дамжиж яригдсан 15 үйлдвэрийг тойрсон ашиг сонирхол улстөржилт алга болох нь. 

Ам.долларын ханшаа ч бид хүссэн хэмжээндээ барьж, валютын нөөцөө нэмэгдүүлэх цаг ирэх нь. 2020 он гэхэд дотоодын нөөцөө түшиглэн үйлдвэр барьснаар дан ганц ам.долларын ханш яригдахгүй. Олон жилийн мөрөөдөл биелж импортын хараат байдлаас гарч чадна. Нефтийн үйлдвэрийг түшиглээд бусад боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орно. Нөгөө талаас талх, махны үнээ ч бид нэг төвшинд гаргаж чадах юм. 

Тиймээс л энэ хоёр үйлдвэрийг хурдан бариулаач хэмээн бүх шатны удирдлагуудаас нэхэцгээе. Хийж чадна гэж амласан хэсгээр ажлыг нь хийлгэе. Амлалтаа биелүүлж чадахгүй бол улстөр хийж, мушгин гуйвуулсан ч болох юм.

15 өөр үйлдвэр ярьж, ашиг сонирхлын үүднээс асуудалд хандах бус нөөцөө түшиглэсэн хоёр үйлдвэрээр дотоодын зах зээлээ хангах талаар нам ярихгүйгээр хөөцөлдөж эхэлье. 

Нефтийн үйлдвэр барьснаар 1.8 тэрбумын импортыг хэмнэж, нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийн хэрэгцээгээ хангах, цаашлаад экспорт, импортын харьцаа зохистой төвшинд очих учиртай. Тиймээс манай, танай гэж талцалгүйгээр асуудлаа ойлголцмоор байна. Монголд хамаагүй үнийг Монголд падлийтай болгох эсэх нь биднээс шалтгаалах нь ээ.

Зураг