Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Алтан барьцаагаа сольж, Тусгаар тогтнолын ордныг авахыг хүслээ

Б.Дамдин
2015 оны 3 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 869 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 645 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 689 дүгээр тогтоол гарч Лениний музейн өмчлөгч нь МАН биш Монголын төр болохыг шийдвэрлэв.

Тухайн үед Засгийн газар буюу ССАЖЯ нэхэмжлэгчээр, МАН хариуцагчаар оролцсон юм. Олон жил энэ намын мэдэлд байж, Нийслэлийн МАН-ын хорооны “голомт” болоод байсан Лениний музейн барилга нэг л өдөр ингээд “эзэн”-дээ очсон хэрэг.

Үнэндээ бол МАН музейн барилгыг алдахгүй гэж ихээхэн гэдийсэн байдаг. Бүр, МАН-д ОХУ-аас Лениний музейг бэлэглэсэн гэх яриаг хүртэл гаргав. Гээд нэмэр болсонгүй. Үүнийгээ нотолж чадаагүй гэсэн үг.

Харин Засгийн газрын зүгээс баахан баримт дэлгэж байгаад шүүхийн өмнө МАН-ыг буулгаж авчээ.

1974 онд Сайд нарын зөвлөлөөс Лениний музейг барих шийдвэр гаргаж байжээ. 

1974 онд Сайд нарын зөвлөлөөс Лениний музейг барих шийдвэр гаргаж байжээ.

Ингээд зураг төсөл батлах, барилга угсралтын ажил гэсээр 1980 он гэхэд улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан байна. Ингээд 1980 онд ашиглалтад орж, 1989 оныг хүртэл музейн зориулалтаар ашиглажээ. Энэ хүртэл улсаас урсгал зардлыг нь гарган ашиглаж байсан гэсэн үг.

Ингэж явсаар 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаад төрийн өмчийн бүртгэл хийх үед МАН хэдийнэ эзэн суучихсан, тэр үедээ асуудлыг нэг тийш болгож амжилгүй маргаантай барилгуудын жагсаалтад бичээд орхижээ. Түүх нь ердөө л энэ. Тэгээд л төр хэдэн жилийн дараа өмчөө авсан нь энэ ажээ.

Харин шүүхийн бүх шатаар жинхэнэ өмчлөгчийг тогтоогоод шийдвэр гүйцэтгэн төрд авахын даваан дээр нэгэн асуудал үүссэн юм. МАН-ынхан Лениний музейг иргэн Г.Алтанд нэг сая ам.долларын барьцаанд тавьчихсан нь гараад ирэв.

2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ бий.

Зээлийн гэрээний эхэнд “...Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа.

Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай нэг сая ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.

Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ. Энэ нь Ардын нам Г.Алтанд cap бүр 29 мянган ам.долларын хүү төлдөг гэсэн үг.

Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7,550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4,712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьжээ.

Ардын нам өнөө хэр нь Г.Алтанд нэг сая ам.доллараа өгөөгүй байгаа аж. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байсан. Одоо ч хэвээр байгаа юм байна.

Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг. Бага хурлын гишүүн болсноосоо хоёр жилийн дараа ийн их хэмжээний зээл намдаа өгчээ. МАН Г.Алтангаас зээлсэн нэг сая ам.доллараа Орон нутгийн сонгуульд зарцуулсан бололтой юм.

Өнөөдөр Зээлийн болон Барьцааны гэрээг баталж байсан Г.Занданшатар ажлаа өгчихсөн. Харин гэрээ байгуулсан Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Тамир нь ажлаа хийж байгаа. Гэхдээ хэн дарга байхаас үл хамааран МАН Г.Алтанд нэг сая ам.долларыг эргүүлэн төлөх учиртай. Тиймээс Г.Алтан шүүхэд гомдол гарган дээрх хэргийн гуравдагч этгээдээр оролцох болсон байна.

Тэрбээр 2015 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд “Гуравдагч этгээдээр татуулах тухай” хүсэлт гаргажээ. Хүсэлтдээ “...Маргаж байгаа байр нь МАН-д бүртгэлтэй болохыг шалгаж холбогдох газраас лавлагаа авснаар Алтан миний бие МАН-д зээл олгохдоо тухайн байрыг барьцаалан барьцаагаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн зээл олгосон болно.

МАН нь одоог хүртэл миний зээлийг төлөөгүй учир барьцаа хөрөнгийг өөр  бусад хүний нэр дээр шилжүүлэх нь хууль бус болно. Иймд дээрх маргаж байгаа байр нь одоогоор Алтан миний авах авлагын баталгаа болж хуулиар баталгаажсан тул Г.Алтан надыг шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэжээ. Улмаар Г.Алтан итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэлээрээ дамжуулан шаардлага гаргасан байна.

Шаардлагадаа “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /үлэг гүрвэлийн музей/-ыг барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү.

Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чөлөөлөх тохиолдолд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалан МАН-ын байрлаж буй байр Тусгаар тогтнолын ордны байраар барьцааг солих шийдвэр гаргана уу. Шаардлага гаргасан Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл” гэсэн байна.

Ингэхээр Лениний музейн өмчлөгчийг тогтоох шүүхийн ажиллагаа бүрэн дуусаагүй болж таарна. Учир нь шүүхээс Тусгаар тогтнолын ордныг Г.Алтангийн барьцаанд өгөх эсэхийг шийдэхээр дахин хуралдана. Харин мань МАН-чууд хэдийнэ Тусгаар тогтнолын ордноо хэн нэгэн мөнгөтэй захиралд барьцаалчихсан байх вий дээ. Ингэж мэдэх л улс. Тэгвэл төр Лениний музейгээ, Г.Алтан сая ам.доллараа авч чадахаа больж, энэ хэрэг нам гацна гэсэн үг.

Зураг