Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын "Бэлтрэг суйлах" амбийц ба Монгол

Р.Эмүжин, Өдрийн шуудан
2015 оны 3 сарын 31
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Өмнөд хөршид үйлдсэн дэлхийн газрын зургийн заримд нь Монголыг зориуд мартсан байдаг. Үүнд өширхөн дургүйцсэн Монголчууд өнө мөнхийн өмнөд хөршдөө хорсол зангидах нь элбэг хэдий ч энэ нь нийгмийн бухимдал төдийгөөс хэтэрдэггүй билээ. Тэгвэл өдгөө Хятадууд Сибирийн талыг өөрийнхтэйгөө адил өнгөөр будан “хятадчилсан” газрын зургийг хааяа мэдэн будилах байдлаар зоримог үйлдэх болсон нь олон улсын шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татах болов.

Түүгээр ч зогсохгүй дундад Азийн орнууд, алс холын Африкийн улсууд хүртэл Хятадын амбицын нөлөөнд автан, юаниар юм юмаа арилжиж байна. Энэ үзэгдлийг “Дэлхийг хятадчилах түрэмгий бодлого” хэмээн гадаадын хэвлэлүүд тодорхойлох болсон. Эдийн засаг нь жилдээ долоон хувиар тасралтгүй өсөж, улам бүр хүчирхэгжиж буй Хятад сүүлийн үед эл давуу байдлаа ашиглан, илэрхий даварсан тоглолтууд хийх болсон нь анхаарал татах сэдвийн нэгд тооцогдоод байна.

Зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй улс төрийн нөлөөллөөрөө Хятад нь Америктай өрсөлдөх хэмжээнд толгойгоо өндийлгөж буй явдал тоогүй нөхцөл байдлыг авчирч болох талтай. Тэр тусмаа Украинд үүссэн бодит шалтгааны улмаас Америк, Оросын харилцаа илэрхий муудаж, Өрнөдийн орнууд В.Путинийг буланд шахахаар оролдох болсон нь Азид тавих анхаарлаа сулруулахад хүргэн, улмаар эндээс Бээжин хожиж буй талаар тоймчид үг унагасаар удлаа.

Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин очсон газар бүртээ өндөр дүнтэй өр зээлийг санал болгож, үүгээрээ дамжуулан бүс нутагтаа төдийгүй тив алгасан эдийн засаг дээр суурилсан улс төрийн бодлого явуулах болсон нь цаагуураа доллар, юань хоёрын өрсөлдөөн илэрхий идэвхжиж буйг нотолж байж ч болох.

Одоогоор БНХАУ дэлхийн 29 оронд 3.1 их наядаас хол давсан юанийг своп хэлцэл нэрээр зээлүүлээд байгаа. Эдийн засгийн хямралд автсан орнуудад ийнхүү “сайхан сэтгэлээр” тусалсныхаа хариуд Си Зиньпин юу нэхэх вэ? Хамгийн ойрын гашуун жишээг дурдахад, Тажикистан улс эдийн засаг, аюулгүй байдлын хилээ нээж, дотооддоо Хятадын банк (Bank of China)-ийг байгуулах зөвшөөрөл өгсөн явдал юм.

Ингэснээрээ тус улс үндсэндээ Хятадын халаасны улс, нөөц колони болж хувирсан саяхны туршлага Монголд давтагдахгүй гэх газаргүй болчихлоо. Хятадын банк Тажикистанд “бэлтрэг суйлах” аргаар ажиллан, бүх төрлийн зээлийг нутгийн уугуул оршин суугчдад маш бага хувийн хүүгээр олгож эхэлсэн байдаг. Хэдэн жил үргэлжилсэн “бэлтрэг суйлах” ажиллагааны үр дүнд уулын энэ улс Хятадын мэдэлд бүрэн шилжиж, улс орноороо өрөнд баригдсан талаар манай эдийн засагчид онцлон сануулах нь бий.

Өр зээлийнхээ барьцаанд Хятадууд Тажикистаны газар нутгийн тодорхой хэсгийг өмчлөн авсан бөгөөд үүнд нь Гүржийн ард түмний удам дамжин шүтэж ирсэн тахилгатай уул багтсан талаар хэлтэй бүхэн хэлэлцэж буйг энд сануулахад илүүдэх юун. Дэлхий даяар хүрээгээ тэлж Сибир, дундад Азийн орнууд, Африкт хүртэл гар сунгаад хүрч амжсан өмнөд хөршийнхөн маань Монголчуудад ямар сонголт үлдээсэн нь сонин.

Хэдэн зууны турш хил хязгаараа Европ руу сунгах хятад мөрөөдөлд хана хэрэм болсоор ирсэн Монгол Улсыг алгасах хандлага сүүлийн үед ил тод цухалзах боллоо. Энэ нь Америкийн Ази руу чиглэсэн бодлогоос өрсөх гэсэн нэг төрлийн улс төрийн том нүүдэл бөгөөд нөгөө талаараа Монгол Улс бол Хятадын хувьд аль эрт амандаа хүлхэж буй шагайн чинээ шар тос гэдгийг дэлхийд илэрхийлсэн алсын хожоо ч байж болох талтай.

Харамсалтай нь Монголчууд овоо босгоогүй бол Хятадууд юунд ийнхүү хөрш Монголыг хөлдөө жийн шагшрах билээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны богино хугацаатай гадаад өр 1.4 тэрбум ам. доллараас хэдийнэ давсан бөгөөд үүний нэлээдгүй хувийг БНХАУ-аас авсан зээл эзэлж буй юм.

Өнгөрсөн онд Си Зиньпиний Монголд хийсэн айлчлалын үеэр Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл буюу богино хугацаатай зээлийнхээ хэмжээг 15 тэрбум юань хүртэл нэмсэн байдаг. Дээр нь бас нэг тоо дурдахад хэдийгээр бид гуравдагч хөршийн эрэлд уйгагүй мордсон боловч Монголчуудын гадагшаа экспортолсон нийт бүтээгдэхүүний 90 хувь нь Хятад руу ачигдаж, импортоор авсан барааны 40 орчим хувийг Си овогтнууд манайд нийлүүлдэг нь маргашгүй үнэн юм.

Энэ хурдаараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар хямралаас гарч чадахгүй шаварт удах тусмаа ямар ч шалгуур тавьдаггүй Хятадын Ардын банкинд хандан зээлээ нэмэх магадлал өндөр. Хэрэв тэгсэн тохиолдолд Тажикистаны гашуун тавилан манайд давтагдахад ойрхон болно. Хятадууд мэдээж, манайхны хүсэлтээр мөнгө зээлнэ.

Оронд нь Хятадын банкийг Улаанбаатарт байгуулах найрсаг хүсэлт тавьж, үндэсний хэдэн банкийг маань түлхэн унагах бодлого баримтална. Одоо ч энэ сэдвээр төрийн түшээд маргалдсаар байгаа нь нууц биш. Си Зиньпиний “бэлтрэг суйлах” улс төрийн гол гар хөл нь Хятадын Ардын банк гэж ойлгож болох юм. Хил залгаа Монголчууд байтугай хаа байсан Африк өнөөдөр Хятадад бөхөлзөж, дэлхий даяараа үүнийг “Колоничлолын шинэ бодлого” хэмээн тодорхойлоод байгааг энд дурдъя.

БНХАУ бол асар том үйлдвэрлэгч. Тиймээс ч үйлдвэрлэгчдэд ус агаар мэт шаардлагатай байдаг түүхий эдийг нь бэлтгэн нийлүүлдэг жижиг жараахайнууд буюу Монгол шиг улсууд үргэлжид хэрэгтэй. Монгол бол Хятадын хувьд түүхий эдийн бэлтгэл бааз төдий харагддаг нь бодит байдал.

Эл шалтгааны улмаас түүхий эдийн баазад тохирсон бодлогыг Монголын хувьд Бээжин баримтлах нь тодорхой. Хийн хоолой, Торгоны зам зэрэг Бээжингийн оролцоотой том төслүүд манайхыг тойрох болсны цаана “Монголоос зөвхөн Хятад руу л түүхий эд татна” гэсэн давхар лоозон уншигдаж байгааг би хувьдаа анзаарахгүй байж чадахгүй.

Нөгөө талаар Монголын улс төрийн хүчнүүд илэрхий талцсан байдлаар Америк болон Орос, Хятад гэсэн ангилалд хуваагдан, тус тусдаа тэднийг төлөөлөн ажиллаад удсаны үнэн төрх аажимдаа илэрч буй нь энэ юм. АН-ын улстөрчид төрийн гурван өндөрлөгт заларсан өнөө үед Америктай сөргөлдөхгүйн тулд Монголыг түр мартсан мэт Хятадууд аяглаж байгаа нь байж болох хувилбар.

МАН-ын улстөрчид төрд ноёлсон үед Орос, Хятадын бодлого Монголд хэрэгжихэд илүү аятай нөхцөл үүсдэг нь бас л үнэн.

Түүхэнд хийгдсэн хамгийн том тохиролцоо буюу Оросоос Хятад руу 400 тэрбум ам.долларын хий нийлүүлэх гэрээний гадна талд Монгол Улс үлдэв. 

Энэхүү Монголыг тойрсон гурвалсан тоглолтоос өнөөхөндөө ОХУ гадаад нөхцөл шалтгааны улмаас хол хөндий байгаа нь Бээжинд боломж олгож буйг мартаж болохгүй. Эсвэл энэ бүхэн хоёр хөршийн маань тохиролцоо байв уу? Ямартай ч Орос, Хятад хоёр гүрэн хийн хоолойгоо Монголыг тойруулан тавих болчихлоо.

Цэнхэр гаригийн түүхэнд хийгдсэн хамгийн том тохиролцоо буюу Оросоос Хятад руу 400 тэрбум ам.долларын хий нийлүүлэх гэрээний гадна талд Монгол Улс үлдэв. Эдүгээ Сн Зиньпиний санаачилсан гэх Торгоны замын тухай яригдаж байна. Мөн л энэ зам Монголыг тойрон, Казахстаны нутгаар тавигдахаар хэлцэл өрнөж буй. Энэ бүхэн Монгол Улсыг Бээжин аль эрт өөрийн бүрэлдэхүүн хэсэг мэт үзэх болсны илрэл үү, эсвэл монголчуудын ааг омгийг дарах гэсэн алсын хараатай нүүдэл үү гэсэн асуулт гарч ирж байна.

Хэдийгээр Си Зиньпиний мэдэгдсэнээр ойрын жилүүдэд Хятадын эдийн засаг саарах хандлагатай байгаа ч энэ нь нэгэнт суйлсан бэлтрэгээ гаршуулан өөрийн болгож, дараагийн алхмаа хийхийн тулд нуувчиндаа түр бүгэх дотор санаа ч байж болох. Хятадын колоничлолын шинэ бодлогыг зогсоох ганц хувилбар байдаг юм гэсэн.

Тэр нь Америкийн Номхон далайд хэрэгжүүлж буй тэнгисийн цэргийн хүчний бодлого. Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын хүчирхэг систем нэр дээрээ Умард Солонгосыг бус, Хятадыг хараалсан олон жилийн төсөл гэдгийг олон улсын харилцаагаар мэргэшсэн Ф.Войтоловский шулуухан хэлсэн нь бий. Түүний өгүүлснээр Америкчууд Хятадын бодлого Монголд хэрэгжихэд илүү Бээжинг усаар бүслэн хаахад хэзээ ч бэлэн аж.

Гэвч Монголчууд бидний эрх ашиг дэлхийг хятадчилж буй болон Хятадын нөлөөллийг тогтоон барих гэсэн хоёр үзүүрт энэхүү нүсэр хэрнээ уян хатан, амьд, шургуу бодлогын хаана нь явна вэ? Юутай ч бид өмнөд хөршдөө асар их өртэй. Өрөндөө нүүрсээ нийлүүлдэг. Таван Толгойн хэлэлцээр ч бас Сү.Батболдын үед тавьсан 20 жилийн хугацаатай энэ өрнөөс болоод зогсчихоод байна. Түүгээр ч зогсохгүй эл өрийн байдлаас шалтгаалан Таван Толгой аль эрт Хятадын “Chaleo”, “China Shenhua energy” хоёр компанийн мэдэлд очсон агаад энэ асуудлыг Бээжинд шийдэх нь бараг л тодорхой болчихлоо.

Нэгэн цагт Монголын сор болсон хөвгүүдийн хувь заяаг Москвад шийддэг байсан бол өдгөө худалдагдсан улстөрчдийнхөө буянаар Ар Халхын эрдэс баялгийн орд газруудын тавиланг Бээжинд дэнслэх нь. Яаж ядарсан ч Хятадаас нэмж зээл авахгүй байх ухаан, эх оронч сэтгэл манай улстөрчдөөс гарах уу?

Товчхон хийгээд шулуухан хэлэхэд Монголын хувь заяа, тусгаар бодлогын хэтийн төлөв гаднын улс орнуудын гар хөл болсон цөөн улстөрчийн өнөөдрийн халаасны хэмжээ, хэтэвчний нимгэн зузаанаас шалтгаалж мэдэх тийм л жижигхэн, хямдхан цаг үеийг улс орон минь туулж байна.

“Монголыг эзлэх, дагуулах шаардлага байхгүй, учир нь бид аль эрт энэ улсыг эзэлчихсэн” хэмээн Хятадын төрийн нэгэн том нөхөр ам алдсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Зөвхөн тусгаар хилтэй, тусдаа хэлтэй байснаараа улс орон оршин тогтнодоггүй гэдгийг дэлхий даяар нэгэнт эхэлчхээд буй колоничлолын шинэ эрин үе сануулж байгааг энд зориуд онцлохыг би хувьдаа хүсэж байна.

 

Зураг