Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг 15 эмч “AЛTAH ЧАГНУУР”-ын эзнээр тодорлоо

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах“AЛTAH ЧАГНУУР” дээд шагналыг тав дахь жилдээ зохион байгууллаа.

Эрүүл Мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нар, ажилтан, албан хаагч нар өнөөдөр улс орны нуруун дээр үүрэгдэж байгаа ачааны хамгийн хүндийг үүрч яваа хүмүүс юм.

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан бид олон түмэндээ алтан гарт гэж үнэлэгдсэн олон сайхан эмч нараа урамшуулж байна.  “Алтан чагнуур” шагналын хувьд эмч хүн тухайн жилдээ хийсэн ажлаа үнэлүүлдэг томоохон шагнал болчхоод байгаа” хэмээн ярилаа.

“Алтан чагнуур” шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах, ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байгаа юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү шагналыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа эмч нараа урмаар тэтгэн алдаршуулах зорилгоор бий болгосон.

Өнөөдөр эрүүл мэндийн салбар 40 мянга гаруй эмч эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Үүнээс 8,900 орчим нь эмч нар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар эмч нар маань элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг 17 удаа , бөөр шилжүүлэн суулгах  мэс заслыг 99 удаа амжилттай хийгээд байна

Манай эмч нарын чадварыг дэлхийн аль ч оронд өндрөөр үнэлдэг" гэлээ.

 “AЛTAH ЧАГНУУР” шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эзнээр тодруулжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд “Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр “Алтан чагнуур” шагналын  эзэн боллоо. Бидний ажил хөдөлмөрт урам зориг өгч Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэж байгаад баяртай байна. 

Бидний өмнө бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна л даа. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулалт тааруу, зах зээлийн шилжилтээс хоцрогдож байна, ажилчдын нийгмийн асуудал орхигдоод байгаа гээд олон асуудал байна. Гэхдээ бид үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэж байна” хэмээн ярилаа.

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц “Миний бие 1990 онд  АШУҮИС-ийг төгссөн. Хүүхдийн эмчээр тасралтгүй 25 жил ажиллаж байна.

Хүүхэд гэдэг гэнэн, цайлган энэ ертөнцөд ажиллахад үнэхээр сайхан байдаг. Өндөр халуунтай, бие нь зовуурьтай байсан ч эрч хүчтэй, дайчин, яг байгаагаараа байдаг нь хүүхэд” гэлээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдөр Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад Эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй нь энэ юм.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2015 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. ДОТОР СУДЛАЛ
    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч БАТСҮХИЙН БАТБОЛД
     
  2. ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ
    Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч ВАНГАНЫ ШАРАВЖАМЦ
     
  3. МЭС ЗАСАЛ СУДЛАЛ
    Улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч ЗУНДУЙН ЛХАГВАСҮРЭН
     
  4. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН СУДЛАЛ    
    Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн ЛХАГВАЖАРГАЛЫН ГАНБОЛД
     
  5. СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ
    Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч ДОРЖГОТОВЫН ЛЯНХУА
     
  6. МЭДРЭЛИЙН ӨВЧИН СУДЛАЛ
    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдрэлийн их эмч ЗОГСООЛЫН УРАНЧИМЭГ
     
  7. МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ
    Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч БАТ-ОЧИРЫН ГАНБИЛЭГ
     
  8. АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛ
    Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн клиникийн 1-р тасгийн их эмч АЛТАНГЭРЭЛИЙН БАЙГАЛМАА
     
  9. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД
    Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл Мэндийн Төвийн эрхлэгч, их эмч ЁНДОНПЭРЭНЛЭЙН ДУЛАМСҮРЭН
     
  10. ЭМНЭЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ СУДЛАЛ
    Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч, эс судлаач эмч ДАМДИНДОРЖИЙН НАРАНТУЯА
     
  11. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СУДЛАЛ
    Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлгийн тасгийн эрхлэгч ЦЭРЭНДОРЖИЙН ӨЛЗИЙБАЯР
     
  12. НҮҮР AM, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ
    Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны эмчилгээний тасгийн эрхлэгч ЖҮГДЭРИЙН ЭНХТУЯА
     
  13. ХАВДАР СУДЛАЛ 
    Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч ЯНСАНГИЙН ЭРДЭНЭ-ОЧИР
       
  14. ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ
    Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн дүрс оношилгооны эмч БӨНДӨӨХҮҮГИЙН НАРАНЧИМЭГ
     
  15. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ
    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн халдварт өвчний тандалт судалгааны албаны тархвар судлаач, их эмч ЧОЙРОГИЙН УРТНАСАН