Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Марко Поло ОАК-ны хоёрдугаар бүлэгт Монголчууд олноороо оролцож магадгүй

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Марко Поло ОАК-ны зохиолч Жон Фуско, найруулагч Дэн Минахан, продюсер Ричард Шарки нар Монголд зохиол, дүрийн судалгаа хийж, тусгай зочдод нэгдүгээр бүлгийн 1, 2-р ангийг үзүүлээд буцлаа. 

Учир нь тус ОАК ны хоёрдугаар бүлэгт  Юан гүрний нийслэлд суугаа Хубилай хаан Монголын гал голомтыг сахиж үлдсэн Хархорин дахь Хайду хоёрын төрхийн эрхийн төлөөх тэмцэл, зөрчлийн талаар өгүүлэх юм. Энэ бол Монголын түүхийг өмнөх бүлгээсээ илүүтэй онцолж Монголчуудыг илүү өргөнөөр дэлхийд сурталчилна гэсэн үг юм.

Мөн зарим эх сурвалжууд Чингис хаантай хэсэг гарах учраас тохирох Монгол жүжигчин хайж байгаа гэж мэдээлж байна. Тиймээс киног бүтээгчид төслийн 2-р хэсгийн зураг авалтын зарим хэсгийг Монголд хийх,  жүжигчин, орлон тоглогч, олны хэсгийнхэн зураг авалтад Монголчуудыг түлхүү оролцуулах талаар төрийн болон хувийн хэвшилтэй хэлэлцсэн юм. 

Дээрх уран бүтээлчид энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзан саналаа илэрхийлсэн байна. 
Кино рейтингийн ихэнх сайтуудад Марко Поло ОАК дундаж үнэлгээтэй байгаа ч гэсэн нөгөө талаар Ази жүжигчдийг ингэж олноор нь гаргаж ирсэн ОАК өнөөдөр байхгүй байна.

Арьсны өнгөөр ялгавар гадуурхдаг гэж шүүмжлүүлдэг Холливуудын уран бүтээлчдийн дундаас Төв Азийн түүхийг тэр дундаа Монголчуудын байлдан дагууллын түүхийг хөндсөн нь урьд үзэгдээгүй шинэ сэдэв билээ. 

Яагаад гэвэл Холливуудын кинонд ихэвчлэн цагаан арьстай эрэгтэй жүжигчдийг гол дүрээ болгодог эсвэл Америк, Европчуудын буюу цагаан арьстнуудын түүх, үлгэр домгоор кино хийдэг. Харин зохиолч Жон Фуско Холливуудын уламжлалт сэдвээс хазайж Монголчуудын түүхээр олон ангит кино хийж, Монголчуудын түүх соёлыг дэлхийн кино сонирхогчдын анхаарлын төвд авчирч байна.   

Зохиолч Жон Фуско бол Хидалго (Hidalgo), Зоригт залуучууд (Young Guns), Аянган зүрхэт (Thunderheart), Хориотой вант улс (The Forbidden Kingdom), Оскард нэр дэвшсэн Симарроны азарга Спирит (Spirit: Stallion of The Cimarron), зэрэг киноны зохиолыг бичсэн бөгөөд түүхэн эх сурвалжийг маш чухалчилдгаараа Холливуудад алдартай юм. 

Тэрбээр Монголд найман жилийн өмнө хүүтэйгээ аялж байхдаа Марко Поло ОАК-г хийх санаагаа олжээ.

Түүнтэй хамт ирсэн найруулагч Дэн Минахан бол Зургаан Фунтын доор (Six Feet Under), Жинхэнэ цус (True Blood), Дэдвүүд (Deadwood) болон Хаан ширээний төлөөх тоглоом (Game of Thrones) ОАК-ны хэд хэдэн ангийг найруулснаараа алдаршсан юм. Тэрбээр сүүлийн арав гаруй жил телевизийн олон ангит киноны найруулагчаар ажиллаж байна. 

Продюсер Ричард Шарки хоёр дахь удаагаа Монголд ирж байгаа ба “Тав дахь засаглал” (Fifth Estate), Ах дүү Блүүм (Brothers Bloom), Гайхамшигт Дөрөв: Мөнгөн гулгагчийн мандалт (Fantastic Four: Rise of the Silver Surfer) кинонуудад Продакшн менежерээр ажилласан байна. Тэрбээр Холливуудын кино салбарт 25 жил ажилласан ба Бөгжний эзэн гурвал (Lord of the Rings trilogy), Оддын дайн: Нэгдүгээр бүлэг (Star Wars: Episode I) болон Маргааш үгүй болохгүй (Tomorrow Never Dies) кинонуудад Байрлалын менежерээр ажилласнаараа олноо танигджээ.

Марко Поло ОАК-ны хоёрдугаар бүлэгт Монголчууд олноороо оролцож чадвал эдгээр арвин их туршлагатай хүмүүсээс суралцаж, эргээд Монголын кино урлагыг дэлхийн түвшинд хүргэхэд том хувь нэмэр оруулах бизээ. 

Дашрамд дурдахад Марко Поло ОАК-ны нэгдүгээр бүлэг өнгөрсөн жил нээлтээ хийсэн ч Нэтфликс кино сайт Монголд болон Азид орж ирээгүйн улмаас албан ёсоор үзэх боломж Монголчуудад олдоогүй юм. Нэтфликс бол 53 гаруй сая хэрэглэгчтэй, 50 гаруй оронд цацагддаг, төлбөртэй кино үзүүлэх вэбсайт юм.