Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ундармаа: Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний хүслийг хангаад байвал эмэгтэй хүн гэсэн утгаа алдана

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Г.Ундармаа “Тю Тю” хэмээх кино найруулсан билээ. Түүний анхны найруулсан кино өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийж, олны хүртээл болсон юм. Эмэгтэйчүүдийн байр суурь, үнэ цэнэ, хайр сэтгэл, амьдралын утга учрыг харуулсан тус киноны гол дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн II курсийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ.

Дашрамд сонирхуулаад Тю Тю гэдэг нь балетын бүжигт өмсдөг дэрвэгэр хормой юм. 19-р зууны эцэст Тю Тю балетын урлагийн хувцас, хэрэглэл болжээ. Мэргэжлийн шүүгчид, балетчидын техник, чадвар, хөлийн хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор Тю Тю үүссэн аж. 

Хошин урлагийн тайзнаа гараагүй хоёр жилийн хугацаанд анхныхаа киног найруулан үзэгчдийн хүртээл болгоод байгаа жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.


- "Тю Тю"-г хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Киноны зохиолыг Г.Бадамцэрэн гэдэг зохиолч эмэгтэй надад санал болгосон. Яалт ч үгүй хийх ёстой сэдэв. Бидний үзэж, харж, уншиж байгаа бүх зүйлд хүчирхийллийн баримттай мэдээнүүд байдаг. Эмэгтэйчүүд юуны төлөө биеэ худалдах гээд байгаа юм.

Хүсээгүй эмэгтэйг хэрхэн хүчирхийлж байна. Хүчирхийлэл заавал чанга үг яриа, үйлдлээр бус инээсэн царай, аятайхан нүдний цаана ч байдаг гэж боддог. Бид энэ киног даруухан энгийн тал руугаа хийхийг зорьсон. Сэдэв нь маш хүнд учраас зөөллөж хийхийг хичээсэн.

Юм бүхний үндэс эмэгтэй хүн. Айл гэрийн ээж жаргалтай байвал, хүүхэд, хань ижил жаргалтай. Гэр бүл жаргалтай байвал нийгэм жаргалтай. Энэ утгаараа эмэгтэйчүүдэд зориулж уран бүтээлээ хийж байна.

-“Тю Тю-гээр юуг илэрхийлэхийг зорив?

-Эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхлыг харгалзалгүй ашиглах, залуу нас, гоо үзэсгэлэнг нь эд зүйлээр хууран өөрийн болгож буй талаар кинондоо өгүүлсэн. Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо “Тю Тю”-гээр дамжуулан илэрхийлсэн гэж хэлж болно.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажил хийе гээд зориод хийх гэхээр зав, боломж, бололцоо олддоггүй байсан. Гэхдээ бид нэг ажил хийнэ гээд л хүлээгээд удаашраад байх хэрэггүй. Хийж байгаа зүйл бүртээ тодорхой хэмжээгээр мессеж өгөөд байх ёстой гэж бодож байна. Тэгээд л “Тю Тю” киногоо хийсэн.

-“Тю Тю”-гийн үйл явдал 1980-аад онд өрнөж  байсан. Тухайн үеийн орчныг бүрдүүлэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

 

-Киног маань үзсэн хүмүүс “Яг 1970, 80 оны амьдрал мөн үү” гэж асууж байсан. Бид 1980 он гээд л жүжигчдэдээ хуучин, навсархай хувцас өмсгөе гэж бодоогүй. Би үүнийг арай өөрөөр хийе гэж бодсон.

1980 битгий хэл 1950, 60 онд ч манай сэхээтнүүд маш ганган дэгжин байсан юм билээ. Их зохиолч Ц.Нацагдоржийн эхнэртэйгээ авхуулсан зураг сошиалаар тарсан даа. Маш дэгжин, одоо ч тэдний пальтог өмсчих юмсан гэж бодохоор. Нэг тийм цэвэрхэн хүмүүс байсан. Кинонд угаасаа сэхээтний амьдралыг харуулж байгаа учраас түүнийг нь тодотгож өгье гэж бодсон юм.

Нөгөө талаар яг 1980 оныг харуулах ёстой гэж зүтгээгүй. 1980-аад онд тэр бүү хэл түүнээс өмнө нь эмэгтэйчүүдийг хүссэн хүсээгүй, ийм үйлдэл хийлгэдэг байсан. Үеийн үед эмэгтэйчүүдийг ашиглах явдал байсан одоо ч байгаа гэдгийг харуулахыг зорьсон

-1980-аад оны үед, манайхны хэлдгээр хүний чанар сайн байх үед хүчирхийлэл байсан гэдгийг та киногоороо харууллаа. Одоо энэ цаг үед хүчирхийлэл ямар байна гэж харж байна вэ?

-Одоо үед шударга зүйл маш ховор болчхоод байна. Хүмүүсийг анзаараад байхад өөрийн авьяас чадвар, мэдлэгээрээ амжилтад хүрэх нь бага болсон байна. Аль болох бялдуучилж, хэлбэрдэж, зальжин буруу аргаар дээшээ гарах, сайхан амьдрах сонирхолтой болсон. Талхныхаа мөнгийг олох, хэрэглээгээ хангах гэх мэт явцгүй хүсэл, сонирхол их байна. 

Анх ирсэн кино зохиолыг бага зэрэг өөрчилсөн. Дээр үед даргын хүүхэн гэж хэлдэг байсан. Энэ асуудал дээр эмэгтэйчүүдээ өмөөрч дуугарахыг хичээсэн. Эмэгтэй хүн заавал ямар нэгэн зорилгын төлөө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний хүслийг хангах ёстой гэж бодсон. Тэгээд анх зохиолд байгаагүй, гол дүрийн охины аавын дүрийг гаргаж ирсэн юм. Алимаа юуны төлөө өөрийгөө золиосолсон бэ гэдэг нь чухал. Түүнээс дуртай машинаа унах гэж, байртай болох гэж эхнэртэй эрийн хүүхдийг төрүүлж амьдарна гэдэг эмгэнэл.

Хүний дур хүсэлд хязгаар байхгүй. Тэр хязгааргүй юм бүхэнд эмэгтэйчүүд хүслийг нь биелүүлээд байвал бид хэн ч биш болно. Эмэгтэй хүн хайртай хүнтэй, цэвэр ариун байдал, гэр бүлийн үнэнч харилцаатай байх хэрэгтэй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн хүслийг нь биелүүлээд байвал эмэгтэй хүн гэсэн утгаа алдана, ямар ч үнэ цэнэгүй болно. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй, ариун байх ёстой шүү дээ.

-Киноныхоо гол дүрд ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн оюутан охиныг тоглуулсан. Хэрхэн сонгож авсан бэ?

-Мэргэжлийн жүжигчин гэхээр яг балетчин эмэгтэй байхгүй байсан. Киноны зохиол бичигдчихсэн дүрээ хайж байхад М.Цэрэндолгорыг санал болгосон юм. Фэйсбүүкийг нь авч, зурагнуудыг нь үзэж, утсаар холбогдсон. Тэгээд л ерөнхийдөө М.Цэрэндолгорыг тоглуулъя гэж шийдсэн.

Монголд ирж пробонд ороод кино багийнханд бүгдэд нь таалагдсан. Анх киноны зохиол гараад л заавал мэргэжлийн балетчин байх ёстой гэж би бодсон. М.Цэрэндолгор хүний хэлсэн үгийг эергээр тусгаж авдаг, бүх л сайн, сайхан чанар шингэсэн охин. Тиймээс хамтран ажиллахад их амар байсан.

-Кинон дээр Алимаагийн аав балетчины дүрстэй мод охиндоо бэлгэдэг. Тэр яг байгаль дээр байсан уу, кинондоо зориулан хийсэн үү?

-Түүнийг манай киноны зураач Түмээ “Тю Тю”-д зориулж хийсэн. Ер нь байгалийн мод, чулууг харахаар ямар нэгэн зүйлийн дүрс байдаг шүү дээ.

-Анхныхаа киног найрууллаа. Дахиж кино найруулах уу?

-Одоогоор надад гурав, дөрвөн киноны зохиол ирсэн байна. Кино драмын сургуулийн жүжигчний анги төгссөн. Л.Лхасүрэн багш намайг найруулагч болгоно гэхэд би тухайн үед ийм залуухан, аятайхан охиныг найруулагч болгох гэлээ гэж бодож байсан шүү. /инээв/

Энэ амьдралд, энэ салбарт олон зүйл үзэж, хараад, бодож эргэцүүлээд ирэхээр өөрийн бодлыг илэрхийлэх хэрэгтэй болсон. Нийгэмд дуугарах дуу хоолой надад байх ёстой гэдэг үүднээс эмэгтэйчүүдийн тухай маш даруухан кино хийсэн. Хүмүүс ч надад “маш хүнд сэдвийг энгийн зөөллөж хэлсэн байна. Маш их таалагдсан” гэж хэлсэн. 

-Тэгэхээр таны найруулсан дахин нэг кино үзэгчдийн хүртээл болоход ойрхон байгаа юм байна. Хэзээнээс шинэ киноныхоо ажилд орох вэ. Ямар төрлийн кино хийх бодолтой байна?

-Ерөнхийдөө ирсэн зохиолуудаас сонголтоо хийчихсэн. Цэвэр инээдмийн кино хийхээр сонгосон байгаа. Багш оюутны амьдралыг харуулсан бүтээл. Багш нар их үнэнч, өөдрөг үзэлтэй, залуу сэтгэлгээтэй, мундаг боловсролтой хүмүүс санагддаг. Оюутнууд, хүүхдүүдийг сургана гэдэг эх орныхоо төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. 

Харин оюутнууд дөнгөж аав, ээжийнхээ гараас гараад шинэ амьдралд ороод хамгийн хэцүү зааг дээр байдаг. Тиймээс энэ хоёр ертөнцийг сайхнаар харуулсан, инээдмийн кино хийх бодолтой байна. Яг хэзээ үзэгчдийн хүртээл болгоно гэсэн төлөвлөгөө байхгүй. Ажлаа 100 хувь хийж дуусгачихад, хүмүүст хэлбэл сайхан. 

Ер нь надад кино зохиолууд их ирж байгаа. Би түүнд маш их баяртай байна. Орой бүр нэг зохиол уншдаг болсон.

-Сүүлийн үед бараг өдөр бүр л шинэ кино нээлтэй хийж байна. Чанар, чансааны хувьд ямар болж байна гэж дүгнэдэг вэ?

-Би уран бүтээлчдээ, өөрсдийгөө эвий дээ л гэж боддог. Бас тэднээрээ бахархдаг. Учир нь гуравхан сая хүн амтай, маш жижиг зах зээл дээр тэлчилж байгаа юм шүү дээ манай урлагийнхан. Тэгэхэд Оросын нэг жүжигчин нэг удаагийн киногоороо хангалуун амьдарна, олон хүнд үзүүлнэ гээд олон давуу талтай. Манайд бол бүтэн жил зовж нэг уран бүтээл хийгээд тэр нь сарын л ажил болж байна. Өвөрмонголын “Чандмань эрдэнэ” гэдэг дууны дуучид энэ дуугаараа амьдарч байна гэж байна шүү дээ. Хятадын том зах зээл рүү орчихсон, дуугаа утасны оператор компанид зарчихсан. Тэдэнд боломж маш их байна.  

Саяхан ажлын шаардлагаар хэдэн клип үзсэн. Манайхан үнэхээр гоё хийдэг болчхож. Гэхдээ сонсдог цөөхөн хүнтэй, тэд нь сонсоод ханачихдаг, дахиад дараагийн зүйлийг хүсч байна. Тиймээс чанартай уран бүтээл хийж байгаа гэж боддог шүү.

Эмнэлгээ засах материалдаа өөрөө явдаг

 

 

-Кино найруулж, эмнэлэг тохижуулаад олон ажил хийлээ. Одоо юу хийж байна вэ?

-Нэлээн олон кино зохиол уншиж байна. Хоёр шинэ төсөл хэрэгжүүлэх гээд ажил эхэлсэн. Нэг нь мэргэжлийн дагуу, нөгөөдөх нь хавдрын эмнэлэг рүү орж байна. Нэгдүгээрт зүгээр байж чадахгүй байна. Хоёрдугаарт нэгэнт хийгээд эхэлчихсэн, сурсан ажил учраас энэ ажлаа орхиж чадахгүй байгаа. Тиймээс ХСҮТ рүү орсон. Мөн Францын бичиг хэргийн хэрэгсэл оруулж ирэн, дэлгүүр ажиллуулж байгаа. 

Монгол гэр бүл бүхэнд нэг хавдартай хүн байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын чадвар, тохь тухтай орчин гээд манай улсын эмнэлгүүдэд хэцүү зүйл маш их бий.

Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын чадвар, тохь тухтай орчин гээд манай улсын эмнэлгүүдэд хэцүү зүйл маш их бий. 

Хүмүүс хавдраар өвдөөд аргаа бараад эмчлүүлэх гэж гадны улс орон зорьж, хуруу хумсаа хуйхлах шахан байж олсон мөнгөө зөвхөн нэг хүний өвчинд зориулж байна.

Энэ бол эмгэнэл. Би улстөрч, мундаг бизнесмен, эмч биш учраас бүх зүйл рүү нь шууд орж чадахгүй л байна. Өөрийн эхлүүлсэн “Итгэлийн танхим”-аараа энэ онд бүр илүү түлхүү ажиллахаар шийдсэн. Ер нь ажил эхэлсэн. 

-Одоогоор хэдэн эмнэлэг тохижуулаад байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна вэ. Тооцож үзсэн үү?

-Төрөх эмнэлгийн хүлээн авах заалыг тохижуулж, аавуудын өрөөг шинээр нээж, камержуулж, бага зэрэг тоног төхөөрөмж авч өгсөн. Дараа нь Яаралтай Түргэн Тусламжийн Төвийн хүлээн авах заал, эмч нарын өрөө, эмчийн амралтын өрөө,үзлэгийн өрөө, заалыг нь тохижуулсан. Өнгөрсөн жил ЭХЭМҮТ-ийн хүлээлгийн заалыг тохижуулж өгсөн. Ханыг нь хүртэл нурааж шинэ хана хийсэн.  

Энэ бүх ажилд 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр ажлыг хийхдээ би мөнгө босгосон. Хүмүүс маш сайхан хүлээж авч байгаа. Сайхан сэтгэлт олон хүний буянаар "Итгэлийн танхим" хийсэн юмтай, хэлэх үгтэй байна. Хүмүүс ч ая тухтай, орчинд үйлчлүүлээд гардаг болсонд баяртай байгаа.

Одоо үед хүн, хүндээ итгэхээ больсон цаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Бид юм хийчихсэн учраас хүмүүс надад итгэж байна. Тодорхой хэмжээгээр танил, найз нөхөд, хамаатан садандаа хандаж, тусламж хүсдэг. Тэд намайг энэ ажилд яаж зүрх сэтгэл, цаг заваа зориулдгийг мэддэг болохоор дуртай тусалдаг юм.

Ажил хийж байхдаа ч, уран бүтээл дээрээ ч энэ хүн юу хийсэн бэ гэдгийг харах дуртай. Сүүлийн үед 30, 40 хүрчихсэн хүнээс ямар ажил хийсэн бэ гэж асуух дуртай болоод байгаа. Ажлын ард гарна гэдэг тухайн хүний чадварыг илэрхийлнэ.

-Нэг эмнэлгийг хэдий хугацаанд засч дуусдаг вэ?

-Нэг эмнэлэг дээр зургаан сар орчим ажилладаг. Эхний дөрвөн сар дизайнерын хийх ажил байдаг. Зураг гарсны дараа барилгын компаниа олоод, үнээ гаргана, нийт төсвөө тооцно.

Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг учраас бидний ажил төвөггүй бүтдэг.

Мөнгө босгох ажилдаа ордог. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг учраас бидний ажил төвөггүй бүтдэг шүү. Тав дахь сараас барилгачид ажлаа хийнэ. Зургаа дахь сараас өөрөө бараг өдөр, шөнөгүй цуг байдаг. Материалдаа явна гээд ажил их бий.

-Та өөрөө материалдаа явдаг юм уу?

-Тэгнэ. Тэгэхгүй бол нэгдүгээрт хүмүүс хямдруулж авч чадахгүй. Чанартай материалаар хийхийг боддог юм. Хоёрдугаарт дундаас нь мөнгө унагадаг муухай зүйл бий болсон. Олсон хэдэн төгрөгөө шударга бус зүйлд зарцуулмааргүй байна шүү дээ. Тэгээд өөрөө 100 айл руу материалдаа явдаг.

Тоглолтод оролцохгүй, ямар ч орлогогүй байгаа болохоор, өөрийн гэсэн данс нимгэрээд л байнаБи хувиасаа тодорхой хэмжээний хандив "Итгэлийн танхим"-даа оруулсан. Угаасаа өгөх ёстой. Хүмүүс өгөөд байхад энэ ажлыг санаачилчхаад өөрөө өгөхгүй байж болохгүй шүү дээ. 

Хүмүүс онлайн, утсаар холбогдож их тусалсан. Мөн би өөрөө гадуур их явж, хүмүүстэй уулзаж, тусламж хүсдэг. Зарим компаниудын ажилтнуудад лекц уншиж, орлогоо 100 хувь “Итгэлийн танхим”-даа оруулдаг. 

-ХСҮТ-д ямар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Дөрөвдүгээр давхрын сахиурын хэсгийг янзална. Мөн иргэдэд хавдрын талаар сургалт явуулах бодолтой байгаа. Цогц ажил хийе гэж зорьж байна. Энэ төсөл дээр хоёр жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Манай улсад хавдрын өвчлөл үнэхээр их байна. Аавыгаа аваад гадагшаа эмчилгээнд хэд хэд явсан болохоор үүнийг сайн мэдэж байна.

Хүмүүс цалин багатай, хамгийн хямд гутлыг ч худалдаж авч чадахааргүй байна шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг нь өвдөхөөр хамаг юмаа зарж, барьцаалж эмчлүүлэх гэж хичээж байна. Солонгосын эмнэлэгт Монголд явж байгаа юм шиг байдаг. Бүгдээрээ л сэтгэлийн гуниг, айдастай хүмүүс. Тиймээс хавдрын эсрэг хүн бүхэн гар бие оролцож, өөрсдөө энэ өвчний талаар мэдлэгтэй болох ёстой.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хамтран ажиллахаар болсон. Бид ХСҮТ-д нэг жилийн аян өрнүүлэхээр төлөвлөөд байна. Нэгдүгээрт эмнэлгийн орчинг сайжруулна. Хоёрдугаарт иргэдэд хавдрын боловсрол олгоно, гуравдугаарт эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар ярьж байна. Бидний энэ ажилд олон хүн сайхан сэтгэлийн гараа сунгаж, өвчин зовлон туссан хүмүүст сэтгэлийн дэм, итгэлийн гал өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Засаж тохижуулах эмнэлгээ хэрхэн сонгодог вэ. Эмнэлгүүд санал тавьдаг уу?

-Би эхлээд эмнэлгийн эмч, удирдлагуудад хэлэлгүйгээр өөрөө эхлээд хүн ихтэй үед нь очоод, ерөнхийд нь явж үздэг. Тэгэхээр бүх юм харагдана. Явж байгаад хамгийн хэцүү санагдсан эмнэлгээ сонгодог.

 Хамтлагийнхныхаа жаргалтай үед нь хамт байж чадахгүй ч зовлонтой үед нь очихыг боддог

-Сүүлийн үед лекц уншаад байгаа гэж сонсогдсон. Ямар сэдвээр лекцээ уншдаг вэ?

-Миний ярих дуртай сэдэв “Инээмсэглэл”. Эмэгтэйчүүдийн тухай “Single Ladies” “Тю Тю” гээд хоёр өөр жанрын кино хийсэн. Тиймээс тодорхой хэмжээгээр судалсан, харсан зүйл их байна. Энэ утгаараа бүсгүйчүүдэд ямар үед аз жаргалтай байдаг, аз жаргалын хэрхэн мэдрэх, бусдад аз жаргалыг яаж түгээх, хэн нэгэнд гомдоод яваад байх уу, хийж, бүтээгээд байх уу гэх мэт олон сэдвээр лекц уншиж байгаа.  

Эмнэлгээ тохижуулж дуусчихаад эмч нартаа лекц уншдаг. Сэтгэл зүрх гаргаж хийсэн ажил учраас хэлэх юм их байдаг. Анх нөхөртөө “Намайг телевиз дуудаад юм ярь гээд байх юм. Би юу ярина аа” гэж байсан. Тэгсэн манай нөхөр “Чи өөрөө энэ бүх ажлыг хийсэн биз дээ. Хийсэн хүнд хэлэх зүйл байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан. Тэгж би зориг орж байлаа. Түүнийхээ дагуу эмч нартай уулзаад яриа хийж эхэлсэн. Дунд сургуулийн хүүхдүүд, эмэгтэйчүүд намайг уулзалтад их урьдаг.

Тиймээс би өөрийн тархинд байгаа зүйлтэйгээ очихоос илүү тэдэнд зориулж судалгаа хийсэн, уншсан мэдсэн зүйлтэй очих дуртай. Яваа яваандаа судлаад, лекц уншаад байхаар түүндээ дурлаад, илүү их уншиж мэдэх гэж хичээдэг болсон.  

-Хамтлагаасаа гараад бараг хоёр жил болж байна. Хошин урлаг руугаа дахиж орох уу?

-Би 19 жил хошин урлагт зүтгэсэн. Тиймээс энэ урлагаа орхихгүй. Мэргэжлийн дагуу төсөл хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ.

-Тэгвэл “Шинэ үе”-дээ орох уу?

-Хэрэгжүүлэх төслөө залуу уран бүтээлчидтэй хамтарч хийнэ. Наймдугаар сараас үзэгчдэд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 

-Шинэ хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Хүмүүсийг нэг зүйлд удаан бариад байхгүй, нэг төсөл дээр нэг удаа цуглаад ажиллаад байя гэсэн бодолтой байгаа.

-Г.Ундармаа Боёотой муудалцаад хамтлагаасаа гарсан гэж нэг хэсэг бичсэн. Ер нь ямар шалтгаанаар 18, 19 ажилласан хамт олноосоо холдох болсон юм бэ?

-Би хүмүүст зовлонгоо тоочоод байхыг хүсдэггүй. “Шинэ үе”-ээс гарахад манай аавын бие маш муу байсан. Тиймээс аавтайгаа байж, асрах шаардлагатай болсон. Дараа нь аавдаа зориулан эмнэлэг тохижуулж эхэлсэн. Цаг заваа сайн үйлсэд зориулж явсаар байгаад л өнөөдрийг хүрлээ.

-Олон жил нэг хамт болон ажилласан продакшинд тань таагүй зүйлүүд ар араасаа тохиолдсон. Энэ хамт олны нэг хэсэг нь байсан хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хэцүү зүйлүүд зөндөө болж байна. Маш их харамсалтай байгаа. Тэр бүхэнд нь очиж байгаа. Жаргалтай үед нь хамт байж чадахгүй ч   зовлон тохиолдсон үед нь хамт байхыг хичээдэг.

Бидний амьдрал олны нүдэн дээр байдаг болохоор хүмүүст их хүндээр туссан байх. Түүнээс өдөр бүр, хаа сайгүй л зовлон тохиолддог шүү дээ. Хамгийн хэцүү нь хагацал юм даа. Сайн жүжигчин, сайн дүү чинь өнөөдөр байхгүй гэж бодох бүрт зүрх зүсэгдэх шиг болдог.

-Та твиттерт их жиргэдэг. Цэргийн баяраар хийсэн зургийг тань эрчүүд том бэлэг байлаа гэж хошигнож байсан.

-Яах вэ нэг зориг гаргасан юм /инээв/. Тэр үед их олон баяр ар араасаа болсон. Би цагаан сараар ээждээ үйлчилсэн. Мартын найман, цэргийн баярыг манайх ерөөсөө тэмдэглээгүй. Тэгээд нэг үеэ бодвол амьдрал хэцүү байхад хүмүүс баяр болгоноор баярлах гээд л байх юм. Яагаад өдөр бүр аз жаргалтай байж болохгүй юм бэ гэж бодсон. Нэг хүн хэдэн хүнд ч бэлэг өгөх ёстой юм. Мартаар хүн бэлэг өгөхөөр, цэргийн баяраар эргүүлж өгөөд л.

Би бэлгийн тэр стандартыг өөрчилсөн юм. Твиттерт зургаа оруулчхаад эхлээд жаахан ичсэн. Нэгэнт зориг гаргаад оруулчихсан болохоор тэгээд л орхичихсон. Хүмүүс их нүнжигтэй бэлэг байна гэж байсан. /инээв/

-Өнөөдөр инээдмийн баяр, хошин урлагийнхны баярын өдөр. Зарим хүмүүс хошин урлагийг массын урлаг гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Ямар ч зүйл тухайн нийгмийн захиалгаар үүсэн бий болдог. Энэ утгаараа стресс, уур бухимдал ихтэй энэ нийгмийн захиалгаар хошин урлаг хөгжиж байна. Заавал үүнийг массын урлаг гэж хэлээд байх шаардлагагүй гэж боддог. Хүмүүс ганц орой ч гэсэн стрессээ тайлаад, уур бухимдлаа мартаад, сэтгэлээсээ сайхан инээгээд гараг л дээ.

Тууштай, эрч хүчтэй, хошин урлагийнхан үзэгч дүүрэн тоглолтоо хийсээр л байна. Энэ бол бидний ажил тавьж буй дүн гэж ойлгож байгаа. Нэг үгээр хэлбэл, маш сайн гэсэн дүн.

Ярилцсан: Л.Одончимэг news@ikon.mn