Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Онгод хийморь нь цалгиж асан найруулагч Равжаагийн Доржпалам

Монголын мэдээ
2015 оны 3 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын кино урлагийг бөхөөр төсөөлбөл “Олноо баясгасан далай даян дархан аварга”-уудын нэг нь нэрт найруулагч Равжаагийн Доржпалам гуай мөнөөс мөн билээ. Ийнхүү өгүүлэхийн учир нь юу вэ хэмээвээс Доржпалам найруулагч Монгол киноны найруулах урлагийн дэгийг анх бий болгож, урлан бүтээхийн үлгэр дуурайлаараа олон уран бүтээлчдэд үлэмжхэн нөлөө үзүүлсэн гавьяатай хүмүүн. 1958 онд анх Палам найруулагчтай танилцах хувь ерөөл учирсанд миний бие ихэд бэлгэшээн бахархаж явдаг юм.

Тэр жил Доржпалам гуай зохиолч Т.Нацагдорж, С.Дашдооров, яруу найрагч М.Дэдэндорж нарын зохиолоор Монголын хүүхдийн анхны киног бүтээхээр нийслэлийн сургуулиудаар гол дүрдээ тоглуулах авьяаслаг сурагчдыг сонгон шалгаруулж явсан билээ. Тэгж явахдаа манай I сургууль дээр ирэхэд нь уран зохиолын Жавзмаа багш хичээлээ зааж байв. Тэд манай ангид орж ирж олон хөвгүүд, охидыг ажиглаж байснаа надтай зэрэгцэн сууж байсан Э.Ганболдыг сонгож “Гурван найз” кинондоо тоглуулсан билээ.

Э.Ганболд маань хожим Монголын нэртэй жүжигчдийн нэг болсон. Тэд дараа нь II сургуулиас хожим Монголын нэртэй найруулагчдын нэг болсон Н.Нямдавааг бас нэг сургуулиас Цэцгээ гэдэг охиныг авч тэрхүү бүтээлдээ тоглуулсан гэдэг. Тэрхүү ерөөлтэй учрал намайг кино урлагт бүхий л амьдралаа зориулах хүсэл тэмүүлэлтэй болгосон нь Доржпалам гуайн ач буян хэмээн миний бие одоо хүртэл бодож явдаг. Доржпалам найруулагч 1930 оны дөрөвдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур Түшигцагаан нуур /одоогийн Зэлтэрийн сангийн аж ахуй/ хэмээх газар ардын хувьсгалд хүчин зүтгэж явсан Сумъяа бэйсийн гэрт мэндэлжээ.

Тухайн цаг үе ороо бусгаа байсан учир Сумъяа бэйс хүүдээ хир халдаахгүйг хичээж, өөрийн төрсөн дүү лам Равжаад хүүгээ өргүүлж нэрээр нь овоглуулжээ.

Р.Доржпалам 1949-1955 онд БХКУДС-д нэрт найруулагч Э.Чиаурелийн урланд суралцаж, Монголын анхны дээд мэргэжлийн кино найруулагч болсон юм.

Кино эхлэхэд улс орны хөгжлийн ололт амжилтыг баримтат кадруудаар харуулна.

Тэрбээр 1955 оноос эхлэн “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй ажиллаж, нийт уран сайхны 17 кино, мөн “Алтан соёмбын дуулал” /1975/, “Ялалтын дуун” /1984/ зэрэг баримтат кинонуудыг бүтээсний дээр А.Арбузовын “Эрхүүд болсон явдал” /1962/, Э.Войничийн “Соно” /1967/ жүжгүүдийг тайзнаа найруулан тавьжээ.

Түүнчлэн “Өндөр ээж”, "Тунгалаг Тамир”, “Харуул занги” зэрэг киноны зохиолыг бичсэний дээр “Ховор хүмүүс” киноны Сэрээнэн, "Тунгалаг Тамир” киноны Ванданов нарын дүрийг бүтээсэн юм.

1956 онд найруулагч Р.Доржпалам “Бидэнд юу саад болж байна” киног туурвисан нь Монголын инээдмийн киноны эх суурь болжээ. Энэ кино нь найруулга, зураг авалт, тайз чимэглэл, дэвшүүлсэн асуудал зэрэг олон зүйлээрээ 1950-иад оны Монголын дэлгэцийн урлагт шинэчлэл хийсэн билээ. “Бидэнд юу саад болж байна” кино нь тухайн нийгмийн хөгжилд саад болж буй нэг гол дутагдлыг анх удаа зоригтой шүүмжилж, киноны дүрслэлийн бүх хэллэгээр санаагаа хурц тод харуулсан нь олзуурхууштай болсон юм.

Кино эхлэхэд улс орны хөгжлийн ололт амжилтыг баримтат кадруудаар харуулна. Зогсолтгүй ажиллаж буй үйлдвэр, дүүрэн нүүрс ачаад хурдлан давхиж яваа галт тэрэг... Эдгээр нь улс орны цаг эринтэй уралдан хөгжиж буйг харуулсан бэлгэдлийн дүрслэлүүд юм. Энэ санаагаа хором бүрийг тоолж буй цагны том дүрсээр улам тодруулна. Энэ нь зохиомжийн оновчтой арга төдийгүй дараа нь гарах үйл явдлын сөрөг дүрслэл болжээ.

Ийнхүү Р. Доржпалам найруулагч утгачилсан эвлүүлгийн шинэ аргыг Монгол кинонд анх нэвтрүүлжээ. Эдгээр дүрсүүдийн дараа “Бидэнд юу саад болж байна” хэмээсэн асуулт томоор гарч ирэх нь киноны нэр болохын хамт дэвшүүлсэн асуудлаа улам тодотгож байна. Р.Доржпалам найруулагч ийнхүү киноныхоо бага гэлтгүй хэсэг бүрийг маш нарийн бодож, зохиомж бүхнээ утга төгөлдөр хийсэн төдийгүй жижиг зүйлээр том, гүнзгий санаа гаргахыг эрмэлзсэн нь энэ киноны амжилтад хүрсний үндэс болжээ.

Хүнд сурталд автсан даргын үнэн нүүр царайг зан аашаар нь харуулаад зогсохгүй эдэлж хэрэглэж буй зүйлээр нь тодруулж үзүүлсэн нь сонирхолтой төдийгүй оновчтой дүрслэл болсон байна. Даргын өрөөний хаалгыг том том хээтэй, хад чулуу адил хүнд нүсэр овортой зүйлсээр товойлгож хийсэн нь найруулагч Р.Доржпалам, зураач Л.Гаваа нарын уран шийдэл байснаар зогсохгүй тухайн нийгмийнхээ дотоод мөн чанарыг илтгэсэн дүрслэл болжээ. Найруулагч Монголын инээдмийн киноны “алтан шанг” анх татсан бол хүүхдийн киноны төрлийг эхлүүлсэн гавьяатай уран бүтээлч бөлгөө.

Түүний бүтээсэн “Гурван найз” кино нь адал явдлын шинжтэй үйл явдлаар өрнөх боловч гол агуулга нь хүүхдийн аливаа зүйлийн утга учрыг нээж, байгаль ертөнцийг танин мэдэх гэсэн их хүсэл эрмэлзлэлийг харуулахын хамт тэдний үнэн сэтгэлийн үерхэл нөхөрлөл, чин зоригийг магтан дуулснаараа онцлог юм. Тиймээс энэ кино нь тухайн үедээ төдийгүй эдүгээ ч хүүхэд багачуудын хүнлэг сэтгэлээр хүмүүжихэд чухал ач холбогдолтой уран бүтээл болсон билээ.

Найруулагч Р.Доржпалам 1959 онд “Морьтой ч болоосой” кино бүтээсэн нь түүний инээдмийн төрлөөр хийсэн хоёр дахь кино байлаа. Тэрбээр энэ кинондоо хувь хүний алдаа, тухайлбал биеэ тоосон хөөрүү дэврүүн зан хүмүүнийг ямар ч ноцтой алдаанд оруулж болохыг хошигнол егөөдлийн хэлбэрээр дүрслэн үзүүлж сануулжээ.

Киноны үйл явдал нь цомхон боловч хүмүүст тус болохуйц санааг дэвшүүлснээрээ уг бүтээлийн ач холбогдол эдүгээ ч үнэтэй юм. Найруулагч Р.Доржпаламын уран бүтээлч арга барилын нэг онцлог нь уран бүтээлчдээ дарамталж загнаад, өөрийнхөө санааг шууд тулгаад байдаггүй, ямар нэг юм бодохоороо хоёр алгаараа өгзгөө алгадаж бүтээлчдийнхээ хийх ёстой ажлыг тууштай, тодорхой хэлээд өгчихдөг байсанд оршном билээ.

Өөрөөр хэлбэл, уран бүтээлчдийнхээ авьяас билгийг чөлөөтэй тавьж, өөрийнхөө санаж бодсонтой “сүлэлдүүлэн” нэгтгэхийг эрмэлздэг өвөрмөц арга барилтай уран бүтээлч байсныг манай киночид сайн мэднэ. Тиймээс ч Доржпалам гуайн бүтээсэн киноны олон уран бүтээлчид Монголын дэлгэцийн урлагийн “одод” болсон юм.

“Бидэнд юу саад болж байна”, “Гурван найз” кинонуудад зураглаач Д. Ганжуур зураг авалтын олон арга барил, гэрлийн өвөрмөц шийдэл, кадрын зохиомжийн шинэ туршилтуудыг чөлөөтэй бүтээсэн байдаг бол “Морьтой ч болоосой” кинонд зураглаач Б Дэмбэрэл уг киноны кадрын зохиомжийн хувьд маш их зоримог шинэ туршилтуудыг хийсэн байдаг. 1960- аад оны үед Монголын кино урлагт инээдмийн төрлийн бүтээлүүд эрчимжиж, нийгмийн хөдөлгөөнд саад болж буй элдэв доголдол, ёс суртахууны эмзэг асуудлуудыг хөндөж байснаараа тэмдэглэлтэй.

Энэ үед Р.Доржпаламын “Энэ хүүхнүүд үү” /1963/ бүтээл гарсан нь кино урлагаар зогсохгүй тухайн соёлын хөгжилд багагүй хувь нэмэр болсон бүтээл болжээ. Ч.Лодойдамбын “Итгэж болно” жүжгээр бүтээсэн энэ кинондоо найруулагч манай шилдэг жүжигчдийг тоглуулж, сайн зураглаачтай /Х.Дамдин/ хамтран ажиллаж, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржоор хөгжмөө бичүүлж бүтээснээрээ амжилтад хүрчээ. “Энэ хүүхнүүд үү” кинонд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дутуу үнэлдэг хүмүүсийн инээдэмт чанарыг шоглож шүүмжлэхдээ дүрийн сэтгэл зүйг онцгой анхаарснаараа оносон юм.

Эл бүтээлийн тухай задлан ярих аваас маш олон зүйлийг өгүүлээд зогсохгүй тусгай ном бичсэн ч болохоор билээ. Үзэгчид ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Д. Дамдинсүрэн, Т.Цэвээнжав, Ш.Жамсранжав, жүжигчин С.Мандах гээд олон уран бүтээлчдийн бүтээсэн хурц тод дүрүүдийг сэтгэл оюун, зүрх сэтгэлдээ хадгалж буй болохоор юу хэлэх сэн билээ. Гагцхүү эдгээр билэг төгөлдөр уран бүтээлчдийн бүхэл бүтэн чуулбарыг мэргэнээр олж сайхан бүтээл туурвисан найруулагч Р.Доржпалам гуайн өвөрмөц уран чадварт биширнэ.

Р.Доржпалам гуайн уран бүтээлийн арга барилын нэг онцлог бол ямар ч төрлөөр бүтээл туурвилаа гэхэд төрөл болгонд нь, тэр битгий хэл өөрийнхөө бүтээл болгонд ямар нэг шинэ санаа, шинэ өвөрмөц арга ухааныг шингээх хэмээн зүтгэдэг байсанд оршино. Тиймээс бүтээл болгон нь өөр өөр өнгө аястай байдаг. Тэр болгоны тухай энэхүү өчүүхэн өгүүлэлд өгүүлэх боломжгүйг эрхэм уншигч авхай нар мэргэнээр болгооно буй заа. Ер нь Р.Доржпалам гуайн үлэмж их уран бүтээлийн тухай нэг бяцхан товхимол гарснаас өөр юм байдаггүй юм.

Тиймээс энэ их уран бүтээлчийн судалгааг эхлүүлж бүтээлийнх нь сонин арга барилуудыг сайн судалж олон нийтийн хүртээл болговол ялангуяа кино урлагт сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулж буй үр хойчид маань хэрэгтэй болов уу хэмээн зориуд бичиглэлээ. Монголын кино урлагийн 1970-аад оны онцлог бол түүх - хувьсгалын сэдэвт туульсын том бүтээлийн эхлэл тавигдсанд оршино. Тэрхүү эх үндсийг найруулагч Р.Доржпалам зохиолч Ч. Лодойдамбын “Тунгалаг Тамир” киногоороо тавьж билээ.

Энэ кино нь гурван анги бүтээл бөгөөд нэгдүгээр анги нь 10 бүлэг, хоёрдугаар анги нь есөн бүлэг, гуравдугаар анги нь есөн бүлэг, нийт 28 бүлэг бүтээл болсон нь хэмжээний хувьд ч маш том туурвил болсныг бэлхэн харуулна. Эх зохиол нь түүх-хувьсгалын сэдэвт бүтээлүүдийнхээ шилдэгт нь ордог байлаа.

Зөвхөн хэмжээний хувьд бус уран сайхны төвшин нь 1970-аад оны Монголын кино урлагийн ямархуу төвшинд хүртэл хөгжсөнийг харуулсан бүтээл болсноороо тэмдэглэлтэй юм.

 Нийгэмд амьдарч буй хүмүүсийн хоорондын харьцаагаар дамжуулж хүнийг хайрлахуйн утга учрыг хурц тод нээн харуулжээ. 

Нөгөөтэйгөөр сонгодог бүтээлийг дэлгэцнээ хэрхэн “хөрвүүлэх” арга барилыг анх удаа нээж үзүүлсэн туршлагаараа хожмын уран бүтээлчдэд үр шимтэй туршлагыг өвлүүлжээ хэмээн хэлж болно.

Р. Доржпалам ‘Тунгалаг тамир” романы утга агуулга, дэвшүүлсэн санааг киноны “хэлээр” тод томруун харуулснаараа уг кино нь түүний уран бүтээлийн урын санд томоохон байр эзэлдэг.

Эл кинонд XX зууны эхэн үеийн Монголын ард түмний оюун сэтгэлгээнд нэг шинэ эрин үе эхэлж, “Октябрын” хэмээх нэртэй оросын хувьсгалын шууд нөлөөгөөр Монгол оронд эрх чөлөөний тэмцэл өрнөн тус орныг шинэ нийгэмд дэвшүүлснийг харуулжээ. 1980-аад оны Монголын кино урлаг эрэл, олзоор дүүрэн цаг үе байж билээ.

Энэ үед Товийн зэрэглээ” /Р.Доржпалам/, “Эргэж бодох бодол” /Х.Дамдин/, “Хүний сайхан сэтгэл” /Б.Нагнайдорж/, Тарын таван хуруу” /Б.Балжинням, И.Нямдаваа/, “Би чамд хайртай” /Б.Балжинням/ зэрэг олон сайн бүтээлүүд сэтгэл зүйн чиглэлээр гарсан нь тухайн цаг үеийн киноны уран бүтээлийн ерөнхий өнгө аясыг харуулдаг юм.

Б.Балжиннямын зохиолоор Р. Доржпаламын бүтээсэн “Говийн зэрэглээ” /1980/ кино нь гарсан дороо үзэгчид, судлаачдын анхаарлыг татсан билээ. Учир нь энд тухайн нийгэмд амьдарч буй хүмүүсийн хоорондын харьцаагаар дамжуулж хүнийг хайрлахуйн утга учрыг хурц тод нээн харуулжээ.

Энэ бүхнээс харахад найруулагч Р.Доржпалам гуай хүнлэг сэтгэлийг дээдэлж, эх орон элгэн түмнээ хайрлаж, эв эетэй, цэлмэг ухаантай яваасай хэмээн хүсч явсан нь мэдрэгддэг. Найруулагч Р.Доржпалам гуай Оросын киноны уран бүтээлчдийн шилдэг арга барилыг Монгол киноны хөрсөнд бүтээлчээр суулгаж, Монгол сэтгэлгээгээр уран бүтээл хэрхэн туурвихын үлгэр жишээг өөрийн олон арван бүтээлээрээ харуулсан онгод хийморь нь үргэлж бургилж, цалгиж байдаг их уран бүтээлч байжээ.

Кино зохиолч, судлаач Дүйнхорын МЯГМАРСҮРЭН

 

Зураг