Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ийм сайхан цогцолбортой болох цаг ХЭЗЭЭ ВЭ?

Л.Ганчимэг
2015 оны 3 сарын 28
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Ойрын тав, арван жилийн дотор улсын хөрөнгөөр хоёр том цогцолбор Монголд сүндэрлүүлэхээр төлөвлөсөн нь Байгалийн түүхийн музей, Спортын төв ордон.

Хоёулаа л Монголын нэрийг олон улсад тахалдаг газрууд гэчихвэл хилс болохгүй биз. Байгалийн түүхийн музей бол хүүхэд багачуудаас гадна гадаадын жуулчид хамгийн их үйлчлүүлдэг, улсын төсөвт жилд 130 гаруй сая төгрөг төвлөрүүлдэг байгууллага. Гэвч барилгыг нь ашиглах боломжгүй гэдэг акт мэргэжлийн хяналтын байцаагч гаргасан учраас үүдээ бариад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

Тус музейн долоон давхар шинэ цогцолборыг барьж, ашиглалтад оруулбал улсын төсөвт жилд тэрбум шахам төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Н.Зоригтбаатар захирал нь хэлсэн.

Үндэсний шигшээ багийнхны бэлтгэл сургуулилалтаа хийдэг гол газар болох Спортын Төв Ордон ч мөн хэзээ хэзээгүй нурж мэдэхээр болсон тул мэргэжлийн хяналтынхан хоёр ч удаа “муу” дүн тавьж, эцэст нь буулгах шийдвэр гаргасан байдаг.

Спортын Төв Ордон ч мөн хэзээ хэзээгүй нурж мэдэхээр болсон.

Гэвч хэлснийх нь зоргоор энэ газрыг хаачихвал Монголын тамирчид хаана бэлтгэлээ хийх билээ.

Хагас зуун жилийн настай, шиврээ борооны ая даалгүй дээврээс нь дусаал гоождог, ширүүхэн дуугарвал дэргэдэх ханын шавар шохой нь уначихдаг болсон энэ “хөгшин” барилгаас бид олимпийн аваргуудаа өлгийдөж авсан.

Өвөлдөө махны зоорь аятай хөлдөөчих гэдэг, зунд нь болохоор олон жилийн хур чийг, хөлсний үнэр ханхалдаг Спортын Төв Ордны шалыг цөмрөх вий гэхдээ тамирчид нь тогоруу шиг цөмцгөнөн, хөдөлгөөн бүрээ хянаж цэнэдэг гэх онигоорхуу яриа ч бий.

Болоод л байсан юм чинь” гэж явсаар байгаад нэг өдөр тамирчид, дасгалжуулагч юутай хээтэйгээ дарагдаж сүйдэхгүйн тулд шинэ спорт цогцолбороо даруйхан бариасай хэмээн салбарынхан чин сэтгэлээсээ хүсэж байна.

Байгалийн түүхийн музейг концессын гэрээгээр барих барилгын жагсаалтад оруулчихаач

 

 

Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборыг барихад 24 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Газар, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны систем, холбоогоор хангах гээд бүх зүйл нь бэлэн. Барилгын зураг төслийг нь энэ чиглэлээр арвин туршлагатай “Балдас” компани 400 сая төгрөгөөр хийсэн аж.

Гэвч шинэ барилга барьж эхлэх нь байтугай хуучныг нь ч буулгалгүй өдий хүрэв. Энэ жил улс орны эдийн засаг хүнд байгаа учраас тэр мөнгийг шууд гаргах боломжгүй гэвэл ядаж концессын гэрээгээр хувийн хэвшлийнхнээр бариулах саналыг судлаад өгөөч гэдэг хүсэлтээ тэд салбарын сайддаа хэлжээ.

Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборыг барихад 24 тэрбум төгрөг шаардлагатай.

Ингээд “Байгалийн түүхийн музейг концессын гэрээгээр барих барилгын жагсаалтад оруулж өгнө үү” гэдэг Л.Гантөмөр сайдын гарын үсэгтэй албан хүсэлт Аж үйлдвэрийн сайдад очиж, улмаар тэр нь Хөрөнгө оруулалтын газар луу хүргэгдсэн гэнэ.

Концессын гэрээгээр энэ онд ямар барилгуудыг барих вэ гэдэг судалгааг хийж, эцсийн хувилбараа нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулах эрхтэй тус газрынхан харин “Одоогоор манайд 50-60 тийм хүсэлт ирээд байна. Бид холбогдох яамдын төлөөлөлтэй уулзаж, судалж байгаа” гэхээс өөр хариу хэлэхгүй, дүмбийж сууна. Тэд судалгаагаа хурдан хийгээд, Засгийн газарт хүргүүлж, тогтоол гаргуулчихвал Байгалийн түүхийн музейг барих тендер зарлагдана гэсэн үг. Байгалийн түүхийн музейн долоон давхар цогцолбор нийтдээ 16 мянган ам метр талбайтай гэдгээрээ Азид хамгийн томд тооцогдох юм.

Музейн нэгдүгээр давхрын гол танхимд хамгийн том динозавр байрлахаас гадна жуулчид, зочдыг угтах цэлгэр, бас цэмцгэр саруул талбай байх аж. Мөн чихмэл хийдэг, байгалийн эрдэс, чулуулаг боловсруулдаг, хорхой шавьж болон төрөл бүрийн ургамлуудыг үзмэрт зориулан засаж дэглэх дөрвөн лаборатори энд байх гэнэ. 2-5 давхарт Байгалийн түүхийн музейн үндсэн үзмэрүүд байрлах юм байна.

Н.Зоригтбаатар захирал “Нийт талбайн 20 орчим хувийг палеонтологийн үзмэрт зориулахаараа онцлог. Түүнчлэн шинэ музейд маань Монгол орны байгалийн есөн гайхамшигт тогтцыг макетаар үзүүлнэ. Бас Оюу Толгой, Таван Толгойн уурхай, “Эрдэнэт” үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтыг модель маягаар үзүүлэнд тавина” хэмээлээ. Зургадугаар давхарт харин хамгийн сүүлийн үеийн техник технологи бүхий том кино театр, уулзалтын танхим нээх бөгөөд долдугаар давхрыг оффисын зориулалтаар ашиглах гэнэ.

Түүнчлэн олон үндэстний зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг түрээсийн газрууд байх учраас Байгалийн түүхийн музейн цогцолбор барьсан мөнгөө цаад тал нь 20 жилийн дараа гэхэд олох боломжтой гэдгийг ч тэрбээр онцолсон.

650 саяар хийлгэсэн зураг төсөл хэрэггүй болжээ

1958 онд анх ашиглалтад орсон Спортын төв ордны барилгад 57 жилийн турш ганц ч удаа бүрэн хэмжээний засвар хийгээгүй өдий хүрчээ. Олон жилийн турш засна, сайжруулна гэж ярьсны эцэст 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсноор Монголын нэгэн компаниар шинэ спорт цогцолборын барилгын эскиз зургийг гаргуулсан.

Гэвч тэр нь олон улсын чанар, эрүүл мэндийн стандарт, шаардлагад нийцэхээргүй байсан гэнэ. Улсын төсвийг 650 сая төгрөгөөр “шатаасан” тэрхүү зураг төсөл нь архитектурын ямар ч шийдэлгүй, зүгээр л нэг барилгын хар зураг байсныг Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтэн хэлэв.

Энэ оны эхээр тус яам БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшин” компанитай санамж бичиг үзэглэж, спортын шинэ ордныг хурдан бариулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Гэвч ямар төсөв мөнгөөрөө барих нь Монголын талын шийдэх асуудал байтал Сангийн яамныхан мөн л таг чиг.

Эрүүл Мэнд, Спортын Яамны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Бакытжан “Санамж бичиг байгуулснаар Спортын төв ордны шинэ цогцолборыг барьчихна гэсэн үг биш. Хаана, хаанаа ямар боломж байгааг судлахаар болж байгаа л хэрэг. Энэ барилгыг барих хөрөнгийн эх үүсвэрийг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, эсвэл хөнгөлөлттэй зээлээр шийдэх арга байгаа, эсэхийг судалж өгнө үү” гэсэн хүсэлтээ бид Сангийн яаманд тавиад хүлээсээр байна.Тэд энэ асуудлыг судлаад, боломжтой гэвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой” гэлээ.

“Шанхай констракшин” өмнө нь манай “Буянт-Ухаа” спортын ордныг барьснаас гадна одоогийн шинэ цогцолборын урьдчилсан зураг төслийг ч үнэгүй гаргаж өгчээ. Гэтэл манайхан өөрсдөөс шалтгаалах зүйлээ хурдхан шиг хийчихгүй гэдийгээд суугаад байдаг нь ямар учиртай юм бол.

Монгол Улсад цорын ганц байдаг хуучин ордонд маань өдгөө Спортын бэлтгэлийн төв, Спортын дунд сургууль, Жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн, Боксын, Хүндийг өргөлтийн, Гимнастикийн болон Оюутны спортын холбоо, Паралимпийн хороо гэх мэт төрийн бус олон байгууллага байрлан, үйл ажиллагаа явуулдаг. Монголын нэр нүүрийг тив, дэлхий, олимпийн дэвжээнд тахалдаг тэр олон хүний эрх ашгийг бодох цаг болсон байлтай.

Шинэ спортын ордон нь гаднаа 500 автомашины зогсоолтой, дотроо 2,500 хүний суудалтай спорт, урлагийн төв танхим, дахиад 1,000 хүний суудалтай туслах заал болоод 500 метрийн стандарт усан бассейнтай. Түүнчлэн Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, сургуулилалт хийх зориулалт бүхий 30 гаруй танхим, спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, дунд сургууль, албан тасалгаа байхаар төлөвлөжээ.

Бас хажууд нь 20 давхар, таван одтой зочид буудал барих бөгөөд хотын төвийн А бүсэд байрлах энэ буудлыг түрээслүүлснээр наанадаж зардлаа, цаашлаад Хятадын талд зээлээ төлөх эх үүсвэр ч болно гэж тооцоолсон аж. Тус цогцолборыг 160 сая ам.доллараар барих төсөв гарчээ.

Зураг