Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг”сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№49,50)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 3 сарын 27
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

-Эрхлэгчийн зурвас-

Цаг хугацаа үнэхээр хурдан аж. Хүлээсэн хүнд уяатай мэт зогсчихоод байдаг, заримдаа бүр цаашлан холдоод байх шиг санагддаг энэ өдөр, хоног гэгч юунаас ч үл хамаарах эрчимт урсгал хүсэл зорилгодоо тэмүүлсэн, өрсөлдөгч мөч бүртэй уралдан яарсан хэн нэгэнд бол хэтэрхий богино аж.

Өдгөөгөөс яг нэг жилийн тэртээ “Гэрэг” сэтгүүлийнхээ анхны дугаарыг өлгийдөн аваад баярлан хөөрч байсан бид нэг л мэдэхэд нэгэн бүтэн жилийг ардаа орхисон байна.

Сэтгүүлийг маань олон хүмүүс таньдаг мэддэг, бас уншдаг захиалдаг болж. Гэхдээ Монголчууд бүгдээрээ мэддэг болсон гэж хэлж чадахгүй.

 Дэлхийн сэтгүүл зүйн жанжин шугам болсон хараат бус, чөлөөт сэтгүүл бүтээн нутагшуулах нь бидний зорилго байв.

Долоо хоногт нэг л дугаар гаргадаг, жилд 52-хон долоо хоног байдаг болохоор өнгөрсөн хугацаанд сэтгүүлийн маань шинэхэн 50 дугаар Таныг зорин ниссэн байна.

Цөөн дугаар маань хүн бүрт хүрч чадаагүй нь мэдээж. Гэсэн ч манай сэтгүүлийг Монгол хүн бүр мэддэг байгаасай, уншдаг болоосой гэж бид хүсдэг. Тэр цаг удахгүй гэдэгт итгэдэг. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд хичээн зүтгэх ёстой гэдгээ ч бид ухаардаг.

Хүн төрөлхтний соёлын өв санд баттай байраа эзэлсэн, нэрийг нь мэдэхгүй хүн үгүй шахам болсон, дэлхийн өнцөг булан бүрд өөрийн гэсэн уншигчтай “TIME”, “NEWSWEEK” гэх мэтийн алдартай сэтгүүлүүдийн зам мөрөөр замнасан, дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн стандарт, хэв жаягийг илтгэсэн Монгол сэтгүүл хийж яагаад болохгүй гэж... гэсэн том амбийц л биднийг “ГЭРЭГ”-ийн хуудсыг нээхэд, Монголын сэтгүүл зүйд бас нэгэн шинэ урсгал нэмэхэд хүргэсэн. Дэлхийн сэтгүүл зүйн жанжин шугам болсон хараат бус, чөлөөт сэтгүүл бүтээн нутагшуулах нь бидний зорилго байв.

Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил гэж байдаг. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийг өлгийдөх, өлгийдөөд зогсохгүй өсгөж торниулах байдаг. Чөлөөт сэтгүүл зүйн зам адармаатай. Мэргэжлийн түвшний мэдээллийн хэрэгсэл болно гэдэг хүссэн зоргоор хийчих ч ажил биш. Азтай нь манайд сайн сэтгүүлчид, шилдэг мэргэжилтнүүд ажилладаг.

Үзэл бодол, итгэл үнэмшил, өөртөө хийгээд ирээдүйдээ үнэнч байх чанар Монголд ховор зүйлийн нэг. Манай залуус ийм чанаруудаар халгимал. Мэдлэг, сэтгэл, мэдрэмж гурав нэгэн дор хосолно гэдэг бас олон тохиолдох зүйл биш. Энэ гурав цогцолж гэмээнэ жинхэнэ сэтгүүлч бий болдог гэж би хувьдаа боддог. Манайхны дотор ийм цогцолмол төрхтэй сэтгүүлч олон бий.

Хараат бус сэтгүүл байхын уг чанар санхүүжилттэй яах ч аргагүй л холбогдоно. Бусдын хараа хяналт, халаас өвөрт багтчихгүйн тулд бор зүрхээрээ л болгохын төлөө зүтгэх хэрэгтэй болж байна.

Ердөө л сайн сэтгүүл, сайхан бичихийн бөөн хүслээс өөр баялаггүй бид мэтэд энэ бол чөмөг дундраасан асуудал. Гэхдээ биднийг дэмждэг олон олон хүмүүс, уншигчид байгаагийн хүчээр долоо хоног алгасалгүй сэтгүүл минь хэвлэгдсээр, өдөр бүр уншигчдын маань тоо өссөөр байгаад бид баярладаг, бас урам зориг маань бадардаг.

Энэ дашрамд манай сэтгүүлийг захиалдаг, уншдаг, хэвлэгдэн гарах өдрийг нь хүлээдэг, лангуун дээр тавигдсан өдөрт нь худалдан авдаг, басхүү үнэ цэнэтэй зөвлөмж, шүүмж хэлдэг “ГЭРЭГ”-ийн эрхэм дотнын нөхдөд, хамтран ажиллагч сайн түншийн хувиар долоо хоног бүр сэтгүүлийг минь үйлдвэрлэн амилуулдаг “Таван богд менежмент” ХХК-ийн хамт олонд, хот хөдөө гээд хаа сайгүй оршин суугаа уншигч түмэнд түгээн хүргэдэг “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан”, “Sky post”, “Түгээмэл” тэргүүт шуудангийн болон үүргийн худалдааны байгууллагынханд, бидэнд итгэж, биднийг дэмжиж хамтран ажиллагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.  

“TIME” шиг нэр хүндтэй сэтгүүл болохын тулд бид хэр хол зам туулах ёстойг сайн мэдэхгүй. Гэхдээ 1923 онд тэд анхны дугаараа гаргасныг нь бол мэднэ. Тэднийх 92 жилийн түүхтэй. Бид харин 92 жилээр хүрэх оргилоо төсөөлдөггүй. Шинэ дугаар болгоноо ирээдүй рүү дөтөлсөн алхам гэж ойлгодог. Юутай ч бид 50 алхчихлаа. Хөлд орж буй хүүхдийн анхны алхам шахуу юм даа. Нэг алхчихсан хүүхэд дахиад алхахыг хүсдэг. Тэнтэр тунтар алхам нь нэмэгдэн нэмэгдсээр нэг л өдөр гүйдэг. Дараа нь хүний хорвоод жинхэнэ, өөрийн гэсэн мөрөө гаргана. Тэр хүртэлх зай бол бидний туулах учиртай зам. Хүрэх ёстой, нүдэнд харагдаж, сэтгэлд төсөөлөгдөж байгаа тэр цэгт хүрэхийн төлөө бид ахиад олон алхах ёстой. Алхам болгон минь бат суурьтай, унаж бүдрэхгүйн итгэл үнэмшилтэй байх учиртай. Энэ бидний эрмэлзэл бөлгөө.

Сайныг бүтээх, сайхныг мэдрэх бол зөвхөн сэдэл төдий зүйл биш билээ. “ГЭРЭГ” зөвхөн сэдэл биш. Сайн, сайхан руу тэмүүлэх эрмэлзэл зорилго бол миний, Таны, бидний зүрх, цусаар дамжин боловсорсон нэг ёсны хууль байх учиртай биз ээ. “ГЭРЭГ”-ийг жинхэнээр бүтээх нь бидэндээ бол хууль.  Түүнийгээ хэрэгжүүлж чадах, эсэх нь өөрсдөөс минь хамаарна. Гэхдээ зүрх, сэтгэлийнхээ өмнө бөхийн сөгдөж, чадахгүй нь дээ гэж хэлэх эрх алга. “ГЭРЭГ” бол хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл минь ямагт амьдаараа, халуунаараа байхтай тэнцэхүйц үнэ цэнэ бөлгөө.

Та бүхэндээ “ГЭРЭГ” сэтгүүлийн нэгэн жилийн ойн өдрийн баярын мэнд өргөн дэвшүүлье. “ГЭРЭГ”-ийнхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.    

Хүндэтгэсэн “Гэрэг” сэтгүүлийн эрхлэгч С.Батбаатар 

 

 

 

 (Яг одоо) Монголд онцлох 50

Яг одоо Монголд юу тренд болж байна вэ?. Хэн ярианы сэдэв болж, хэн гайхалтай амжилт гаргаж, ямар үйл явдал бүхний анхаарлын төвд байна вэ?. “Гэрэг” сэтгүүлд “Монголд онцлох 50” тусгай дугаарынхаа гурав дахийг таны өмнө өргөн барьж байна.
    Онцлох улстөрч: С.Баярцогт Шерпа 
    ...Сангажавын Баярцогт хэмээх эрхэм саяын хэд хоног хэвлэлийн гол дүрээр тодров. Телевиз, сонинд том том ярилцлага өглөө. Уг нь тэр хэвлэлд тийм ч ойр хүн биш. Өөрийгөө сурталчлах, өр зүрхнээсээ эх орондоо хайртайгаа байн байн илэрхийлэх, олдсон сиймхийг ашиглаад оноо түүчихийг эрмэлзэх өгөгдөл түүнд муу...
    Онцлох сонин: Засгийн газрын мэдээ Хамгийн гол эх сурвалж 
    ...Хаа сайгүй өрнөж буй эл давалгаа цаасан хэвлэлийг нэвчээж дуусаж байгаа гэвч том тоглогч, гарцаагүй хэрэгцээтэй хэдийн байр ганхалгүй үлдэж буй нь бас үнэн. Анхны дугаараа гаргаад зуу шахам хонож буй ч захиалагчдын тоогоор, уншигчдын үнэлэмжээр тунаж буй цөөн хэдэн сонины нэгд “Засгийн газрын мэдээ” багтаж байна. Яг үнэндээ бүгд л өвөрмөц байх гэж, урьд яваагүй замаар явах гэж хичээдэг. Санасан санаа адил боловч, түүнийгээ хэрхэн үйл болгосноор ялгарна...
    Онцлох брэнд: “Porsche Монгол” Өнөөдөр ирсэн маргааш 
    ...Австрийн инженер Фердинанд Порше одоогоос бараг зуун жилийн тэртээ төрөлх нутагтаа “Dr. Ing. h. c. F. Porsche GmbH” гэх жигтэйхэн урт нэртэй компани байгуулж, машины эд анги үйлдвэрлэх холын зорилгынхоо эхний тоосгыг өржээ. Тэрбээр “Volkswagen Beetle”-ээс эхлээд хуягт танк хүртэл олон төрлийн машины захиалга авч, үйлдвэрлэж байсан ч өөрийн нэрийн машин бүтээж чадсангүй. Гэхдээ ердөө 1948 он хүртэл шүү. Энэ онд тэр Австри дахь үйлдвэртээ “Фердинанд Порше 356” маркийн автомашин анх үйлдвэрлэсэн нь хожим спорт загварын хамгийн алдартай төмөр хөлгийн нэг болно гэж тэр төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ төсөөлөөгүй гэдэг нь, энэ түүх биелээгүй гэсэн үг биш ээ. Өдгөө “Porsche” тив болгонд өөрийн салбартай, жилдээ 189 мянган автомашин үйлдвэрлэдэг том компани болж өргөжжээ. Үүний үргэлжлэл болж, одоогоор хамгийн отгон салбар нь Монголд нээгдээд байна....
    Онцлох нэвтрүүлэг: “Авьяаслаг Монголчууд” Гэр бүлээрээ цуглах цаг
    ...Тус нэвтрүүлгийн төслийн багийнхан туршлага судлах, сургалтад хамрагдах зорилгоор Сингапур луу хоёр удаа, “Britain’s Got Talent” нэвтрүүлгийн хагас шигшээгийн шалгаруулалтыг үзэхээр Лондон хот руу нэг удаа очсон, “Asia’s Got Talent” буюу “Авьяаслаг Азийнхан” нэвтрүүлгийн хагас шигшээг үзсэн гээд газар дээрээс нь туршлага хуримтлуулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж...
    Онцлох хүн: Thrill Noel Монголд дурлагч 
    ...Хэрвээ надад кино хийх боломж олдвол би Монголын бүх жижиг ястан үндэстний амьдралыг харуулмаар байна. Үндэстэн бүрийн хүүхдүүд өөр өөрийн уламжлалт үндэсний гэртээ тоглож байгааг харуулах болно. Хэдий тэд өөр өөр харагдаж болох ч түүх, соёл нь ижил гэдгийг харуулна.

Монголчууд мориор уралдаж, Казах Монголчууд бүргэдээр ан хийж, халимагууд морин хуурын тэмцээн зохиож, тува хүмүүс олон төрлөөр хөөмийлж гэх мэтээр бүгд өөр өөрийн ёс уламжлалыг харуулж байвч өдрийн ажил дуусмагц тэд бүгд нэг ширээнд хамтдаа суун хооллож, үндэсний бүжгээ бүжиж, наргин цэнгэх болно. Мөн тэд бөх барилдаж, морь уралдуулж, хөөмий, морин хуур, сур харвааны тэмцээн зохиож буй аз жаргалтай кино бүтээхийг хүсэж байна...

 Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

50 нас хүрэхээсээ өмнө хийж үзэх ёстой 50 зүйл

Тусгай багц, Д.Мишээл 

...50 нас бол хижээл нас гэж ихэнх хүн үздэг ч энэ бол 100-гийн ердөө л тал хугацаа. Хэдий тийм ч энэ хооронд ихэнх хүмүүс дунд сургуулиа дүүргэж, хэд хэдэн дээд сургуулийн диплом өвөртөлж, хүний хань ижил болж, үр хүүхэд төрүүлж өсгөхийн сацуу карьерын хувьд ч хүрч болох дээд цэгтээ хүрсэн байдаг.

Тэдэн дунд эмээ, өвөө нар ч бий. Харин та энэ “цэл залуу” насандаа дор дурдсан 50 энгийн хэрнээ аз жаргал дагуулсан зүйлсийн хэдийг нь хийж амжсан ба хийхээр төлөвлөж байна?

2. Мэдэгдэлгүйгээр хэн нэгний цайны юм уу кофены төлбөрийг хийх.
9. Номын сангаас авсан номоо буцааж өгөхдөө дунд нь 10,000 төгрөг хавчуулах.
26. Ямар ч онц шалтгаангүйгээр найздаа захиа бичих.
36. Мод тарих.
41. Стриптиз баар орж үзэх.

Нийтлэлийн үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ухаалаг таксигаар 50 км зорчсон нь

Тусгай багц, Ж.Чинбат 

... Жолооч С.Батсайхан ч хотоо чамгүй сайн мэддэг ажээ. Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр нь мөн нэг компанид такси барьдаг байна. Гэр бүлээ орлогоороо тэжээдэг учраас тэдний амьжиргаа хэр олон үйлчлүүлэгчтэй байхаас шалтгаална.

Такси дуудлага, зорчигч үйлчлүүлэгчийн эрэлт уул нь сайн байсан ч он гарсаар хямралаас болов уу, үйлчлүүлэгч цөөрчээ. Тэрбээр өдөрт хамгийн ихдээ 15 дуудлага авч байсан бол энэ өдөр зургаа байв. Өглөө 07 цагт ажилдаа гарсан тэрбээр орой 23 цагт түлш хийхэд цаана нь 30 мянган төгрөгтэй үлдэж байна. Магадгүй энэ мөнгөө тэрбээр такси баазынхаа өдрийн орлогод тушаах байх. Тиймээс илүү мөнгө олохын тулд дахиад хэдэн цаг явах төлөвлөгөөтэй байв...

 Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

Рестораны меню дээрх 50 дахь хоолыг туршсан нь

Тусгай багц Д.Мишээл 

...“Scotch house” рестораны цэсэн дээрх 50 дахь хоолыг тусгай дугаарт зориулан амтлах болсон шалтгаан нь тус газар Шотланд үндэсний хоолоороо алдартайд оршино. Америк, Европ хоолтой тус газрын цэсэн дээр эл дугаарын ард “Хаггис” хэмээх хоолны нэр бичигдсэн байлаа.

Мал аж ахуй эрхэлдэг байсны хувьд өдрийн өл даах хоол л хамгийн чухал байсан шотланд ардын хоолны төрөл, маяг Европын бусад орныг бодвол маруухан. Тиймээс манайхантай адил мах их иднэ, хачранд нь чанасан төмс гэсэн сонголт л их байдаг тул захиалсан хоол минь ч эдгээр орцоос бүрдэнэ гэдэгт бат итгэлтэй байлаа...

 Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

50 тооны бэлгэдэл

Тусгай багц, У.Бямбаням 

...Монгол соёл иргэншилд 50-ын тоо нь тав болон аравтын тоо тооллын тогтолцооны нийлбэр болдог. Өөрөөр хэлбэл, тавын тоо арван удаа нэгдэж, эсвэл арвын тоо таван удаа нэгдэж бүтнэ гэсэн үг.

Ертөнцийн үүслийн тухай Монгол домогт таван өнгө, таван зүг, таван махбодоор ертөнцийн дотоод бүтцийг бэлгэддэг. Уран зохиол, үлгэр туульд таван өнгө идээ гэдэг нь уран тансгийн бэлгэдэл, ер бусын бодгаль хүн мэндлэхийн дохио болдог...

 Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

50 насандаа бичсэн зохиолууд

Тусгай багц, Б.Баясгалан     

...Тавин нас. Туурвихуйн үйлст бол эр бяр нь тэгширч, оюун сэтгэлгээний бяд гүйцэж, туршлага нь яг л ханасан сайхан үе. “За одоо л...” гээд ханцуй шамлан суугаад юунд ч торж түгдрэлгүйгээр ид бичих нас.

Хорин насандаа шүлэг бичээд шаагилдаж явсан залуус гучин насандаа уншиж танилцах гол ном зохиол, бүтээл туурвилуудаа гүйцээгээд, дөчин насандаа эхний томоохон туршицуудаа хийж, алдахаа алдан онохоо оночихсон, цаашид ямархуу замналаар яаж шуухан галгиулах учраа ерөнхийдөө олчихсон байдаг.

Харин тавин нас бол эрчтэй бичих, ямар  ч хийдэлгүй, алдаагүй, сатааралгүй, ухаан дутах, оюун балчирдахын зовлонгүй бичих хамгийн оргил нас. Нобелийн шагналт зохиолч Ясүнари Кавабата тавин насандаа буюу 1949 онд нэгэн роман эхлүүлж 1952 онд хэвлэлтэд өгсөн нь уншигчдын сайн мэдэх “Мянган жигүүрт тогоруу” юм. Кавабата бол хүүрнэл зохиолын төрөл дэх хамгийн том “яруу найрагч” билээ. Энэ нь түүний хүүрнэл-яруу найраг “Мянган жигүүрт тогоруу”-нд машид уран нарийнаар биеллээ олсон байдаг....

 Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

Зураг