Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Харшилд дур мэдэн эмчилгээ хийх нь онош буруу, эмчилгээ үр дүнгүй болоход нөлөөлдөг"

Ж.Нарангэрэл
2015 оны 3 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Хаврын улиралд хүмүүсийн харшил ихээр хөдөлдөг. Улмаар оношилгоо, эмчилгээ хийлгээгүйн улмаас харшил нь үгдэрч хүндрэх нь ч бий. Тиймээс энэ удаа Арьсны өвчин судлалын үндэсний төвийг зорьсон юм. Бид Анагаахын шинжлэх ухааны магистр, арьс гоо заслын ахлах зэргийн их эмч Г.Доржхандтай ярилцлаа.

-Хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн олон хүн харшил хөдөллөө гэж ярьдаг. Энэ үнэхээр зөвхөн биеийн эсэргүүцэлтэй холбоотой байна уу. Эсвэл орчны нөлөөнөөс хамааралтай байна уу?

-Харшлыг хамар, нүдний салстын өвчин, амьсгалын замын эсвэл арьсны өвчин гэдэг утгаар нь хэсэгчилж, тусгайлан авч үзэхээс илүү хүний бие цогц гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний биеийн махбодын үйл ажиллагаатай холбоотой илэрдэг өвчин.

Хаврын улиралд харшлын өвчин нэмэгдэж, сэдэрч байна гэдэг нь хүмүүсийн идэж хэрэглэж буй хоол, хүнсний витаминлаг, чанарлаг байдлын агууламж буурсан байдаг.

Мөн улирал солигдоход хүмүүс өвлийн хүйтэн гэдэг сэтгэхүйгээсээ шууд салж, цаг агаарын нөхцөлдөө тохируулан хувцаслаагүйгээс даарч хөрөх зэрэг олон шалтгаанаар биеийн эсэргүүцэл, дархлаа нь буурчихсан байгааг анзаарч мэддэггүй.

Ийм тохиолдлоос болоод харшил сэдэрдэг. Тэр дундаа энэ үед нарны харшил маш их идэвхэждэг.

-Өдийд нарны харшил сэдэрдэг гэж үү. Ихэнх хүн зуны хурц наранд шарагдаад сэдэрдэг гэж боддог шүү дээ?

-Иргэд тэгж ойлгох нь бий. Гэхдээ өдий хаврын наранд хэт ягаан туяа илүү их байдаг. Ялангуяа цасанд ойсон нарнаас харшил нь сэдрэх тохиолдол энэ үед их гардаг.

Манай эмнэлгийн хувьд үндэсний төв гэдэг утгаараа 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн иргэдийг харьяалалгүйгээр үзэж, оношлон, эмчилдэг учраас маш их ачаалалтай байдаг. Ер нь харшлын өвчин буурахгүй байгаа шүү дээ.

 Хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарын баталгааг маш сайн харах хэрэгтэй. 

Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн зуны саруудад модлог ургамал тоосоо гөвдөг.

Энэ үеэр мөн модлог ургамлын тоосонцрын харшилтай хүмүүсийн өвчин бас сэдэрдэг. Тиймээс үүнтэй холбоотойгоор манай эмнэлгийн зүгээс ургамлын гаралтай амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээг ирэх сарын 5-наас эхлүүлэх гэж байна.

-Таны хэлж буйгаар цаг агаар, түүний нөхцөл байдалтай холбоотойгоор харшилтай болдог, эсвэл сэдэрдэг гэж байна. Түүнээс гадна иргэдийн ахуйн хэрэглээнээс үүдэлтэй харшлын өмчлөлүүд ч бас бий болсоор байгаа. Тухайлбал хоол, ундны хэрэглээ, хүүхдийн тоглоом зэрэг байна.

-Бидний хэрэглэж байгаа хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарын баталгааг маш сайн харах хэрэгтэй. Мэдээж сав, баглаа, боодол дээрээ хадгалалтын хугацааг нь зааж өгсөн байдаг ч импортоор авч ирээд, хэрэглэгчийн гарт хүрэх хүртлээ тээвэрлэлт нь хэр зөв байсан зэргээс шалтгаалаад тухайн бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Энэ нь тодорхой хэмжээгээр харшил үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс ядаж л хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн баталгаатай газраас худалдан авч хэрэглэх нь зүйтэй.

-Харшлын өвчнийг ужгируулах нэг шалтгаан н амнаас ам дамжсан эмчилгэ гэдэг. Монголчуудын эрүүл мэндийн боловсрол энэ тал дээр хэр байна. Өвчнөө эр оношлуулж, зөв эмчилгээ эхлүүлэхдээ хэрхэн хандан байна вэ?

-Зарим иргэд арьсан дээр нь ямар нэг толбо гарах ч юм уу харшлын төрлийн зүйл ажиглагдвал дурын эмийн санд очоод, эм зүйчээс эмчилгээний зөвлөгөө авч, эм болон тосон түрхлэгийг хэрэглэх тохиолдлууд байдаг. Энэ бол мэдээж дан ганц арьсны өвчний хувьд ч биш л дээ.

Ерөнхийдөө л манайхан таарсан эмийн сангаасаа дурын эмээ аваад уучихдаг. Энэ нь эргээд тухайн өвчин юунаас болсон зэргээр оношлох, эмчлэх үйл явцыг удаашруулдаг. Уг нь эмийн санд эмч хүн хэзээ ч ажиллахгүй.

Харин тухайн эмийн заалт, тун зэргийг жорын дагуу олгож зөвлөгөө өгдөг эм зүйчид байдаг гэдгийг маш сайн ойлгох ёстой. 

Мөөгөнцөрт өвчинд харшлын тос, харшилд вирусийн гаралтай өвчний тос түрхсэн байдаг. 

Тухайлбал арьсны өвчний хувьд ямар нэг асуудлаас болоод биеэр тууралт гарлаа гэж бодъё.

Түүн дээр ямар ч тос түрхээгүй, дотроос нь харшил бууруулах эм уугаагүй тохиолдолд арьсны эмч нар хараад оношоо зөв тавина. Шинжилгээ, сорил өгөхөд хариу нь зөв гарна. Цаашдын эмчилгээний үр дүн өвчинд нь шууд нөлөөлнө.

Гэтэл зарим өвчтөн нэг биш нэлээд хэдэн төрлийн тосыг дур мэдэн түрчхээд ирнэ. Тэгээд бүр чиглүүлээд ч бус бүр эсрэг заалттай тос түрчихсэн байх жишээтэй. Мөөгөнцөрт өвчинд харшлын тос, харшилд вирусийн гаралтай өвчний тос түрхсэн байдаг. Ингэхээр нөгөө тууралт зэрэг чинь үндсэн шинж тэмдгээсээ хазайгаад, эмч нар хараад юунаас үүдэлтэй, ямар харшил вэ гэдгийг танихааргүй, эргэлзээ үүсгэхээр болчхоод ирдэг.

-Тэгэхээр өвчнөө бүр хүндрүүлнэ гэсэн үг биз?

-Хүндрэхээс гадна төгс эмчилгээ авах, өвчин нь дахихгүй байх зэрэгт нөлөөлдөг.

-Арьсны өвчин, харшлыг бол эмч үзэж хараад, шинжилгээ хийчихнэ. Амьсгалын замын харшлыг сорил тавьдаг билүү?

-Зовиур шинж, тэмдгээс нь гадна хурц бус, харшлын эм хэрэглээгүй үедээ сорилын шинжилгээ өгвөл эмчилгээнд нь мөн илүү ач холбогдолтой.

Манайд амьсгалын замын харшлыг 30-аад төрлийн тестээр оношилдог.

Түүнчлэн сорил тавиулаад чухам юунаас харшилж буйгаа мэдчихвэл дараа нь өөрөө тухайн зүйлээсээ зай барьж, түүнийгээ хэрэглэхгүй байвал харшил нь сэдрэхгүй байх магадлалтай.

Манайд амьсгалын замын харшлыг 30-аад төрлийн тестээр оношилдог. Ургамлын гаралтайг л гэхэд яг ямар өвс, ургамал вэ гэдгийг нь нарийвчлан гаргадаг. Хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалаад гэрийн тэжээвэр амьтан тэжээх болсон. Үүнээс нь бас харшил үүснэ. Тэгэхээр үүнд зориулаад муур, нохойн сорил тавьдаг.

Мөн ахуйн тоос гэж байдаг. Бидний нүдэнд харагдахгүй, бичил биет хачиг л даа. Энэ нь орны цагаан хэрэглэл, хөнжил, гудас, буйдан зэрэгт шимэгчилж амьдраад, агаарын тоостой холилдон, амьсгалын замын харшил үүсгэдэг. Тэгэхээр гэртээ орохоор ханиаж, найтаагаад байдаг хүн бол энэ төрлийн сорил тавиулах л шаардлагатай.

Ер нь хүн зургаан cap тутамд сорил тавиулахад эрүүл мэнддээ анхаарч буйн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл сорил тавиулснаар өөрийгөө юунаас харшилж болохыг мэдэж, мэдрэг байдлаа оношлуулж байна гэсэн үг.

-Нэг төрлийн харшлыг тоохгүй, эмчлэхгүй явснаас үүдэн дараа, дараагийн зүйлсээс харших нь их байдаг гэдэг. Энэ талаар мэргэжлийн эмч хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Харшил нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ моновалентной буюу нэг юманд харшилтай хүн поливалентной харшилтай болох тохиолдол бий.

Өөрөөр хэлбэл төмрийн харшилтай хүн байлаа гэхэд тэр төрлийн зүйл мэдрэгшсэн байдаг. Хэрвээ ажил, амралтаа зохицуулахгүй, хэт стресстэх, хоолны дуршил буурах зэргээс шалтгаалаад өөр төрлийн харшилтай болно.

Энэ бол ургамлын харшлуудад их харагддаг. Уг нь эхлээд ямар нэг ургамлаас харшиж байгаа бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй.Тэгэхгүй тоохгүй явсаар байгаад маш олон төрлийн ургамлын харшилтай болох үе бий.

Зураг