Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтэлгүй дурлалаас болж олон хүнийг золиосолсон уу?

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Альпийн нуруунд Мягмар гарагт осолдож, 150 хүний амь насыг авч одсон онгоцны сүйрлийн талаарх нэмэлт мэдээллүүд гарсаар байна. Америкийн Нью-Йорк Таймс сонин “Аэробус А 320” онгоцны нэг хар хайрцгийн бичлэгийг тайлсан талаар шуугиан тарьсан мэдээллийг Лхагва гарагт нийтэлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр онгоц хөөрсний дараа нисгэгчдийн хооронд энгийн тайван яриа өрнөж байгаад, дараа нь нэг нисгэгч бүхээгээс гарч явжээ. Хачирхалтай нь нисгэгчийг буцаж ирэхэд бүхээгт үлдсэн нисгэгч түүнийг оруулаагүй нь хар хайрцагт бичигдсэн байна

Шуугиан тарьсан мэдэгдэл

Энэ тухай мэдээлэл гараад тун удаагүй байтал шалтгаан нь тодорхой болж, хоёрдугаар нисгэгч зориудаар хаалгыг түгжин, онгоцыг доошлуулж, уул мөргөсөн гэсэн мэдээлэл гарсан юм.

“Нислэг эхэлснээс эхний 20 минутад нисгэгчид их найрсгаар хоорондоо ярьж байсан. Дараа нь хөлгийн экипажийн дарга нөгөө нисгэгчдээ хандан хөлгийн хянаж байхыг хүссэн. Сандал хөдөлж, хаалга хаагдаж байгаа нь бичлэгт тодхон байсан юм. Экипажийн дарга бүхээгээс гарсны дараа хоёрдугаар нисгэгч удирдлагыг гартаа аван, онгоцыг доош чиглүүлсэн. Түүнийг ийн онгоцыг зориуд доошлуулах болсон шалтгааныг бид одоогоор мэдэхгүй байна. Гагцхүү түүнийг онгоц сөнөөсөн гэдгийг л мэдэж байна. Бичлэг дээр хоёрдугаар нисгэгч онгоцыг доошлуулахын тулд системийн товчлуур дээр дарж байгаа нь бичигдсэн. Тэр сандарч мэгдээгүй, ямар ч үг хэлээгүй, гэхдээ жигд амьсгалж байснаас нь үзэхэд тэр ухаантай, тайван байсан гэж дүгнэж болохоор байна” хэмээн Францын прокурор Брис Робен мэдэгджээ.

Нисгэгчийн эсрэг санаатай аллага гэсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд 150 хүний амь нас яригдаж байгаа үед амиа хорлолт гэсэн тодорхойлолт тохиромжгүй хэмээн прокурор өгүүлжээ. Түүний мэдэгдсэнээр зорчигчид чухам юу болж байгааг тэр дор нь ойлгоогүй, гагцхүү хамгийн сүүлийн мөчид л хашгирч байгаа нь дуулджээ. Үхэл хормын дотор ирсэн бөгөөд онгоц 700 километр цагийн хурдтайгаар уул мөргөжээ.

Энэ эмгэнэлт явдлыг алан хядах ажиллагаа гэж үзэх үндэслэл байхгүй, харин онгоцны нисгэгчийн танил, ойрын хүрээнийхнийг судалж байгаа гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараахан Францын Засгийн газар онгоцны сүйрлийг мөрдөн шалгахын тулд АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд хандсан тухай CNN агентлаг мэдээлжээ. 

Нисгэгч хэн байв? 

Онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн гэх нисгэгчийн талаарх мэдээллийг эх сурвалжууд дэлгэн тавьсаар байна.

 
Германы Монтабаур хотоос гаралтай 28 настай Андреас Лубитц эцэг эхтэйгээ амьдардаг, дарвуулт завины спортоор хичээллэдэг, нийтэч нэгэн байсан гэнэ. Харин түүний угсаа гарал, шашин шүтлэгийн талаар болон алан хядагчидтай холбоотой байсан эсэх талаар ямар нэг мэдээлэл гараагүй байна.

Rhein Zeitung сонины мэдээлснээр түүнийг хөршүүд нь найрсаг, нийтэч хэмээн дүгнэжээ.  Түүнчлэн эх сурвалжууд нисгэгч залууг бүтэлгүй хайр дурлалтай учирсан, гэр бүлийн асуудалтай байсан, нисгэгчидтэй харилцдаг сэтгэлзүйч ч үүнд нь тусалж чадаагүй талаар мэдээлсэн байна. Лубитц 2013 оноос эхлэн Germanwings компанид ажиллаж, нийтдээ 630 цагийн нислэг үйлджээ. Харин тэрбээр зуны сургалтдаа суугаагүй, ажил олгогчид нь ийнхүү сургалтад суугаагүйн шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна. Харин Германы Frankfurter Allgemeine Zeitung  сонин түүнийг хямралд орсны улмаас сургалтаа тасалсан гэж бичжээ.

Андреас Лубитцийн амьдарч байсан байрыг өчигдөр цагдаагийнхан бүсэлж, сурвалжлагчид болон амиа алдсан зорчигчдын ар гэрийнхнийг нэвтрүүлэхгүйн тулд шуурхай хамгаалалт авсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Лубитцтай танил байсан хүмүүс түүнийг маш сайн залуу байсан ч хэт ядаргаа, сэтгэл хямралд орсны улмаас эмчлүүлж байсан гэдгийг мэдээлжээ.

Лубитцийн Фейсбүүк дэх хуудсыг эмгэнэлт явдал гарсны дараахан устгасан байна. Хэрэв алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан бол хүмүүс ихэвчлэн хэрэг гарахын өмнөхөн фейсбүүк хуудсаа устгадаг гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Түүнчлэн нисгэгч бүхээгт нэвтрэх кодыг өөрчилснөөр хөлгийн дарга бүхээгт нэвтэрч чадаагүй гэдгийг хэвлэлүүд онцолсон байна.

Ийнхүү түүнийг онгоц зориудаар сөнөөсөн гэсэн мэдэгдэл гарсны дараа Люфтханза концерны тэргүүн нисгэгчдээ маш нарийн шалгаж авдаг гэдгээ онцлоод ийм аймшигтай хэрэг гарна гэж хар дарсан зүүдэндээ ч төсөөлж байсангүй хэмээн мэдэгдсэн байна. Харин Лубитцын бүрэлдэхүүнд нь байдаг байсан нисэхийн клубын захирал түүнийг буруутгасныг эрс эсэргүүцэн, хэрэг мөрдөн шалгах явц дуусаагүй байхад ийм мэдэгдэл хийж таарахгүй хэмээн мэдэгджээ. 

 

Бүхээгийг хэрхэн цоожилж болох вэ? 

Хоёрдугаар нисгэгч хөлгийн даргад хаалга тайлж өгөлгүй, зориудаар түгжсэн гэж Францын прокуророос мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал хэрхэн үүсч болох вэ? 

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк болон Вашингтонд халдлага гарсны дараа АНУ-ын Холбооны нисэхийн газар шинэ тушаал гарган, нисгэгчдийн бүхээгийн хаалга гар бөмбөг дэлбэрэлтийг тэсэхүйц болгохыг бүх нисэхийн компаниудад үүрэг болгож байв. Аюулгүй байдлын систем нь бүхээгээс гарсан нисгэгчийг эргэн орж ирэх боломжийг хангахын дээр бүхээгт үлдсэн хүн зориудаар хаалга түгжих боломжтой болжээ.

“Аэробус А-320” онгоцны нисгэгчийн бүхээгийн хаалга нь нисгэгчдийн суудлаас асаадаг “нээлттэй”, “хэвийн”, “хаалттай” гэсэн гурван горимтой байдаг юм байна. Бүхээгт үлдсэн нисгэгч хаалга онгойлгож өгөөгүй бол хаалганы нөгөө талаас нэвтрэх код хийн орох товчлуур байдаг гэнэ. “Хэвийн” горимд байгаа хаалга цоожтой байх ч товчлуурын тусламжтайгаар 30 секундын дараа нээгдэх боломжтой юм байна.

Харин “нээлттэй” гэсэн горим нь бие засах газраас эргэн ирэх нисгэгчид хаалга онгойлгож өгөхийн тулд үлдсэн нисгэгч ашигладаг горим гэнэ. “Хаалттай” гэсэн горим нь гаднах товчлуураас өгсөн дохиог хүлээж авдаггүй механизм бөгөөд таван минутын туршид цоожтой хэвээр байдаг юм байна. Энэ горим нь хөлгийн багийн бусад гишүүдээс авсан кодны тусламжтайгаар нисгэгчдийн бүхээгт барьцаалагчид орохоос сэргийлсэн горим гэнэ.

Зарим онгоцонд нисгэгчийн бүхээгт хаалганы цаана байгаа хүнийг харах боломжтой телемонитор суурилуулсан байдаг аж. Түүнчлэн нисгэгчдийн бүхээгт хэдэн хүн байж болох вэ гэсэн асуулт мөн гарч ирж байгаа юм. Бүхээгээс нэг нисгэгч гарсан тохиолдолд бүхээг рүү онгоцны үйлчлэгчдээс нэг нь орох ёстой гэсэн дүрэм АНУ-д үйлчилдэг юм байна. Харин Жерманвингс компани Германы Иргэний нисэхийн газрын дүрмийг баримталдаг, энэ дүрмийн дагуу хоёр нисгэгчийн нэг нь бүхээгт маш бага хугацаанд үлдэхийг зөвшөөрдөг юм байна.