Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тасалбар түгээгч “баяртай”

Н.Пунцагболд
2015 оны 3 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өч төчнөөн асуудал байгаа. Гэхдээ жил ирэх тусам энэ асуудлуудыг янз бүрээр шийдэж л байна. Тухайлбал, нийтийн тээвэр гэдэг иргэдийн хувьд толгойны өвчин болчихсон зүйл шүү дээ.

Том оврын автобусанд сууна аа, чихэлдэнэ, тасалбар түгээгч нь загнана, хэрүүл маргаан болно, эд зүйлээ хулгайд алдана. Ядаж байхад автобус оройны 21.00 цаг болохтой зэрэгцээд зогсчихдог. Микро автобус байгаа л даа.

Гэхдээ дураараа үнээ нэмнэ, буулгаж хаяна, жолооч, тасалбар түгээгч хоёр нь нийлээд иргэдийг зодох шахна.  Энэ бүхний эсрэг Нийслэлийн нийтийн тээврийн газраас юу хийж байгаа нь мэдэгддэггүй.

Мэдрэгддэггүй гэвэл бүр ч зөв тодорхойлолт болох байх. Тэгвэл энэ жилээс эхлээд автобусыг ухаалаг төлбөрийн системтэй болгох гэж байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон хэцүү зүйлс бүгд шийдэгдэхгүй ч гэсэн ядаж зарим хэсэг нь өөрчлөгдөх нь.

 Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1,170 орчим том оврын автобус ухаалаг төлбөрийн системтэй болж дуусах юм.

Албаны хүний өгч байгаа мэдээллээр бол ирэх сарын 16-наас эхлэн эхний ээлжийн автобуснууд ухаалаг төлбөрийн системтэй болоод эхлэх аж.

Ингэж явсаар ирэх долдугаар сар гэхэд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1,170 орчим том оврын автобус ухаалаг төлбөрийн системтэй болж дуусах юм байна. Ингэснээр иргэд автобусанд суухдаа уншуулдаг цахим карттай болох нь байна. 

Мөн автобусны урд хаалгаар орохдоо цахим картаа уншуулаад, буухдаа голын хаалгаар буух аж. Тасалбар түгээгчтэй “тулалдаад” байх хэрэггүй болно. Дээрээс нь хаа хамаагүй хүмүүс орж ирээд, мөнгөө төлсөнгүй, барьсангүй гэсэн хэрүүл гарахгүй амар болно.

Автобус ухаалаг төлбөрийн системтэй болно гэхээр өндөр настнууд болон оюутнууд гэх мэтийн үнэ төлбөргүй зорчдог нөхдүүд сандарч магадгүй. Хэдийгээр төлбөрийн систем нь өөрчлөгдөж байгаа ч гэсэн улс тэднийг эрхлүүлдгээрээ эрхлүүлсээр байх юм гэнэ. Гэхдээ сарын эхэнд тодорхой лимиттэй карт олгох ажээ. 

Хэрвээ хамаа замбараагүй хэрэглээд, лимитээ дуусгачихвал өөрсдөө цэнэглэх шаардлагатай болно. Энэ бол маш зөв шийдэл байгаа биз дээ. Одоо өндөр настан, оюутнууд яаж байна. Нэг “юм” үзүүлчхээд, автобуснаас автобусны хооронд үсчээд явж байгаа. Хэд ч бууж, суусан дур. Тэгээд өндөр настнууд нь дамжихдаа мөнгө үрнэ энэ тэр гэсэн асуудалгүй болохоор бараг л бүх автобусанд үсэрч суугаад, хүүхэд, залуучуудын сандлыг нь “дээрэмдэнэ”. 

Оюутнууд ч ялгаагүй. Автобус хэсээд, тасалбар түгээгчийнх нь уурыг бараад, агаар булаацалдаад явдаг. Тэгвэл ухаалаг төлбөрийн системтэй болсноор энэ мэт завхралыг арилгах нь. Лимитээ дуусгачихвал мөнгөө төлөөд, улсад орлого оруулаад явна гэсэн үг шүү дээ.  Цахим карт цэнэглэх “нэгж”-ийг буудал бүр дээр шахуу зарж байх юм гэсэн. 

Тэгэхээр иргэд санаа зовоод байх зүйлгүй. Түүнээс гадна ухаалаг систем рүү шилжсэнээр автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гэж гомдоллохоо болино гэдэгт итгэлтэй байна. Учир нь тасалбар түгээгч, жолоочийн хийдэг “цавчаа” алга болно гэсэн үг.

Үндсэндээ автобусны тасалбарын орлого тухайн компанидаа үнэн зөвөөр очно гэсэн үг. Дээрээс нь тасалбар түгээгчид цалингаа нэмүүлнэ гэж жагсаж, тэмцэх гээд байхгүй амар шүү дээ.  Яах вэ, тасалбар түгээгч хийж байгаа хэдэн хүн л ажилгүй болох байх. Гэхдээ  бид дэлхий дахины жишиг рүү ойртох, ухаалаг системд шилжих цаг болсон.

Зураг