Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хэн жаргалтай вэ?

Д.Түвшин
2015 оны 3 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд хоёрхон сарын өмнө гурван саяулаа болж, тэрхүү азтай шинэ иргэнээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин хэмээн нэрийдсэн билээ.

Монголын үрс маш олон болох ерөөл, дэмбэрэл дагуулсаар аав, ээжийнхээ амин хайртай охин, ард түмнийхээ ашид дэлгэрэх амны хишгийн даллага болон мэндэлсэн Х.Монголжин охины аз хийморийг нь дээдэлж, Монголын төр гурван өрөө байраар мялаасан. Ингэснээрээ Х.Монголжин охин хувьдаа нэг ширхэг орон сууцтай Монголын 202 мянга, 38 иргэний нэг нь болсон юм.

Энэ тухай яагаад онцлоод байна гэвэл Улсын Бүртгэлийн Ерөнхий газар эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн орон сууцны бүртгэлийн тайланг энэ оны нэгдүгээр сарын байдлаар олон нийтэд танилцуулахад Монголын гурван сая иргэний ердөө л 239 мянга, 34 нь өөрийн гэсэн орон сууцаа нэр дээрээ бүртгүүлсэнд байгаа юм.

Тэднээс 202 мянга нь Х.Монголжин охины адил нэг л байртай юм байна. Гэтэл 15 иргэн 10 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай бол ганц биедээ 68 ширхэг орон сууц наалдуулчихсан хүн байгаа нь үнэхээр гайхалтай. Мэдээж тэр хүн эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй л байж таарна.

Гэхдээ найман хүүхэдтэй байсан ч 10 ширхэг байртай байхад л үлдсэн насандаа санаа амар амьдарч болмоор санагдана. Гэтэл 10, 20 биш 68 ширхэг байртай гэж байгаа юм.

Магадгүй барилгын томоохон компанийн эзэн байж болно. Тэгээд чанартай, чанаргүй орон сууц ар араас нь босгосоор байгаад тэр хэмжээний сууц өөртөө үлдээсэн байж болно.

Гэтэл улсын татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь гулгуулчихсан нөгөө Татварын дарга нар шиг ч юм уу, хэдүүлээ нийлээд хэдэн арван тэрбумаар цохичихсон МИАТ-ын дарга нар шиг “Буруу гар”-ын мөнгөөр бужигнуулчихсан байвал яах вэ. 

Найман хүүхэдтэй байсан ч 10 ширхэг байртай байхад л үлдсэн насандаа санаа амар амьдарч болмоор санагдана.

Ер нь тэгээд хэдэн үеэрээ зарж, үрж хөлслүүлж барагдахгүй тэр олон байр нэг хүний байтугай нэлээн хэдэн хүний нэр дээр байхад ч бусдын сонирхол татахаас аргагүй. 

Нэг нь 68 байрныхаа дунд төөрөх шахам мунгинаж явахад хэдэн үеэрээ орон сууцанд амьдрах нь битгий хэл, хөл тавьж үзээгүй шахам Улаанбаатарт толгой хоргоддог хүмүүс хэдэн арваараа өдөр нь шил, лааз, хуванцар сав түүж, бусдын хоолны шавхруугаар өл дарсан болчхоод шөнө нь орц хонгил, траншейны нүх бараадаж өдөр хоногийг төөрүүлж яваа.

Тэдний олонх нь магадгүй энэ насандаа ганц өрөө байранд, ганц шөнийг бүтэн нойртой өнгөрүүлж үзэлгүй явсаар хорвоогоос буцацгааж байгаа. Магадгүй үр хүүхэдтэй бол түүнийг нь ч тийм хувь заяа хүлээж байж болзошгүй. Гэтэл 68 байртай тэр хүн тэр олон байрандаа орж үзэж амжихгүй байсаар нартыг дуусгахыг ч үгүйсгэхгүй. Хорвоогийн амьдрал гэдэг үнэхээр хар, цагаан, эрээн бараан, өдөр, шөнө шиг ялгаатай, учрыг нь олохын аргагүй хачин жигтэйхэн юм даа. 

Энүүхнээрээ би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, магтаж сайшаах ч гэсэнгүй. Бас элдэвлэн гутаах санаа агуулсангүй. Зүгээр л Монголд хэн жаргалтай вэ гэж дотор хүнээсээ асуусан юм. 68 байшинтай хүн жаргалын орой дээр ганцаараа сууж байдаг юм болов уу, бодож санах зүйлгүй, санаа зовохгүй өдөр нь шил лааз түүчхээд шөнө нь траншейнд ороод дугжирчихдаг тэр хүмүүс хачин эрх чөлөөтэй, нэг ёсны ямар ч хүлээсгүй амар жаргалтай өдөр хоногийг өнгөрүүлдэг юм болов уу. 

Зураг