Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн цахим картыг бус иргэний үнэмлэхээ ашиглая

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг утас, ухаалаг автобусны буудал, ухаалаг нүдний шил, ухаалаг иргэний үнэмлэх гээд сүүлийн жилүүдэд бид ухаалаг гэсэн бүхнийг нэвтрүүлж байна. 

Төд удалгүй ухаалаг эрүүл мэндийн дэвтэртэй болох юм гэнэ. Учир нь  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж өргөн бариад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байж баталсан. Тус хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хуульд зааснаар иргэн бүр цахим эрүүл мэндийн дэвтэртэй болно. Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд цахим системд бүрэн шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

“Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар Монгол Улсын иргэн бүр албан журмаар даатгуулна. Даатгуулагч бүр эрүүл мэндийн цахим карттай болно. Цахим карттай болсноор иргэдийн даатгал төлсөн болон өвчний түүхийг агуулсан мэдээллийн сантай болох юм. Энэ нь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах баримт болно. Цахим хэлбэрт шилжүүлж өвчтөний нэгдсэн мэдээллийн сантай болсноор тухайн файл руу ороход эмч нар өвчтөнийхөө талаар бүрэн мэдээлэл авах боломжтой” гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлсэн.

Монгол Улсын гурван сая иргэнийг цахим эрүүл мэндийн дэвтэртэй болгоход улсын төсвөөс 20 тэрбум төгрөг зарцуулах аж. Салбар яамны сайдын хэлсэнчлэн цахим эрүүл мэндийн дэвтэрт тухайн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын сангаас хэдий хэмжээний эмчилгээний зардал гаргуулсан болон өвчний түүх, хийлгэж байсан эмчилгээ зэрэг мэдээлэл нь багтах юм байна. Тэгэхээр иргэд одоо байгаа цэнхэр өнгөтэй эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүхийн картаа ашиглах хэрэггүй болно гэсэн үг. Мэдээж сайн хэрэг. Эмнэлэгт үзүүлэхдээ олон цаас, бичиг баримт авч яваад байх шаардлагагүй болно.

Гэхдээ уг нь бид 2011 онд иргэний үнэмлээ ухаалагжуулсан. Тухайн хүний бүх мэдээллийг нэг дор агуулсан цахим үнэмлэх учраас ухаалаг гэж нэрлэсэн хэмээн тайлбарлаж байлаа. Шинэ цахим үнэмлэхэд иргэдийн мэдээллийг агуулсан чип байршиж буй бөгөөд иргэдийн бүх мэдээлэл хадгалагдаж байхаар бүтээгдсэн.

Эрүүл мэнд, гэр бүл, боловсрол гээд бүх мэдээллийг цахим иргэний үнэмлэхэд багтаана гэж байсан ч үнэн хэрэг дээрээ ухаалаг иргэний үнэмлэхтэй болоод ид шидийг нь нэг ч удаа үзээгүй гэхэд хол зөрөхгүй л болов уу. Заримдаа ухаалаг иргэний үнэмлэхний “ухаан чадал” хүрэхгүй үе ч бий. Тэр тохиолдолд бид иргэний үнэмлэхээ нотриатаар баталгаажуулан ашигладаг. Ямар нэгэн ажил хөөцөлдөх бүрт иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг заавал шаарддаг. Ухаалаг, цахим иргэний үнэмлэхийн ач тус иргэдэд мэдрэгдээгүй.

Ухаалаг иргэний үнэмлэх гаргаад ид шидийг нь үзээгүй, ач тусыг нь мэдрээгүй хэр нь эрүүл мэндийн даатгалын дэвтрээ ухаалагжуулах юм гэнэ. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвөөс 20 тэрбум төгрөг гарна гэдэг бага хэрэг биш. Эрх баригчид энэ онд цалин, тэтгэвэрээ 17 тэрбумаар л нэмсэн шүү дээ.

Монгол Улсын гурван сая иргэнийг цахим эрүүл мэндийн дэвтэртэй болгоход 20 тэрбум төгрөг шаардлагатай 

Энэ оны төсвийн тодотгол хийгдсэн учраас цахим эрүүл мэндийн картын санхүүжилтийг хэрхэн хийх нь одоогоор тодорхой болоогүй байгаа.

Төсвийн тодотголыг дахин өргөн барих, нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх гэсэн хоёр зам бий гэж албаныхан хэлж байна билээ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн хэмнэлт хийх зайлшгүй шаардлагатай цаг үе бидэнд тулгараад буй. Гэтэл 20 тэрбумаар эрүүл мэндийн даатгалын дэвтрийг цахимжуулна гэж зүтгээд байгаа нь хэн нэгний ашиг сонирхол юм биш байгаа.

Өдөр бүр шинэ техник технологи нэвтэрч, хүний хийх ажлыг хөнгөвчилж байна. Бид ч үүнтэй хөл нийлүүлэн алхах нь зүйн хэрэг. Гэвч ухаалаг нэртэй иргэний үнэмлэхээ бүрэн ашиглаж үзээгүй хэр нь их хэмжээний мөнгөөр дахин эрүүл мэндийн цахим карттай болох нь хэр цагаа олсон ажил вэ.

Цахим иргэний үнэмлэхдээ эрүүл мэндийн байдал, өвчний түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх гээд анх ярьж байсан тэр бүх мэдээллээ багтааж, ухаалаг үнэмлэхийнхээ ашиг тусыг яагаад мэдэрч болохгүй гэж. Тэгвэл эдийн засаг хүнд байгаа энэ үед улсын төсвөөс 20 тэрбум зарцуулах шаардлагагүй шүү дээ. 

Нөгөө талаар эмнэлэг бүрт цахим үнэмлэх бий. Аймаг, дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд заавал тухайн эмнэлгийн цахим картыг авсан байх ёстой. Эмнэлгийн цахим карт аваагүй бол мэдээж эмчид үзүүлэх боломжгүй. Тэр картыг нь иргэд 2500-3500 төгрөгөөр худалдаж авдаг хэр нь эмчид үзүүлэх цаг авахаас өөрөөр ашиглаж байсан нь үгүй. Эрүүл мэндийн даатгалын цахим карттай болохоор мөн л эмнэлэг бүрийн картыг ашигласан хэвээр байх уу. 

Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр ашиггүй олон цахим карт худалдаж аваад ямар хэрэг байна вэ. Тиймээс цахим иргэний үнэмлэхдээ иргэдийн бүх мэдээллийг багтаагаад бүрэн төгс ашиглая. Иргэний үнэмлэхээ бүх зүйлд ашиглаад эхэлбэл иргэдийн ч төрийн байгууллагынхны ч ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгө аль алийг нь хэмнэнэ шүү дээ.

Хийж, санаачилсан зүйлээ бүрэн дүүрэн ашиглаж сураад, амьдралдаа хэрэглэж, ажлаа хөнгөвчилж сурчхаад дараагийнхаа шинэ зүйлийг эхлүүлдэг больё.