Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатахуун үйлдвэрлээд эхэлбэл 2000 хүрээд байгаа ам.долларын ханш 1000-аас доошоо бууна"

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” нээлттэй уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр оролцсон юм. Түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр экспортод ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан зөвхөн дотоодын, орон нутгийн шинж чанартай үйлдвэрлэлийг дэмжихээс биш экспортод тодорхой нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг статистикийн тоо баримт харуулж байна. Тэгэхээр бид шинэ техник, технологийг бий болгох, жижиг дунд үйлдвэр хөгжиж, стандартын өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох, ажлын байр нэмэгдэх чиглэлд түлхэц өгөх дүр зургийг харж байгаа.

Үнэндээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь нийтийг хамарсан ажлын байр, үйлдвэржилт, дотоодын хэрэгцээг хангаж байгаа болохоос экспортод тодорхой  үр дүн өгөхгүй байгаа ч импортыг орлоход үр дүнгээ өгч байна. Тухайлбал, 888 төслийн хүрээнд ядаж л бид хадаасаа үйлдвэрлэдэг болсон.

-Томоохон үйлдвэрүүд байгуулах санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Уг тогтоолын төсөлд статистик тоон эерэг үзүүлэлтийг хангах чиглэлийн бэлэн болсон бүх төслүүд орж байгаа. Үүнийг цаашид явуулна. Энд улс төр, танил талын асуудал гэж байхгүй. Монгол төрийн бодлогод нийцсэн төслийг хэрэгжүүлнэ.

Бидэнд санхүүгийн хүндрэлтэй асуудал бий. Тиймээс хөрөнгө хаанаас босгох талаар олон төрлийн судалгаа хийж байна. Ингээд жижиг төслөө Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, томоохон төслүүд буюу зэс хайлуулах үйлдвэр, ган боловсруулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, эсвэл хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх байх. Энэ нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай ажлууд учраас хөрөнгө оруулалтын асуудлыг хоёр хэсэгт хувааж, тогтоолынхоо шийдвэр гаргуулна.

-Аж үйлдвэрийн яам хэчнээн төслийг концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байна вэ?

-Концессын гэрээ нь зам тээвэр, дэд бүтцийг бий болгох, эрчим хүчний дутагдлыг нөхөхөд асар их үүрэг гүйцэтгэж байна. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш нийт 17 төсөл концесын гэрээгээр байгуулж, 7.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байна. Үүнээс 2015 онд 2.9 их наяд төгрөг орж ирнэ. 

Нутгийн баруун чиглэлийн бүх аймгууд Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон. 2016 онд Монгол Улсын бүх аймаг нийслэлтэйгээ автозамаар холбогдоно.

Мөн Багануур дүүргийн цахилгаан станцыг барих гэрээ хийгдсэн. Ирэх намар ажил нь эхэлнэ.

Түүнчлэн хог боловсруулах үйлдвэрийг нэгдсэн төлөвлөлт, төсвөөр хийхээр концессын гэрээнд оруулж байгаа. Энэ нь хогоо боловсруулаад эрчим хүч, хийн түлш гаргадаг  хамгийн орчин үеийн техник технологи ашигладаг үйлдвэрийг нэгдсэн журмаар оруулж ирэх тухай юм.

-Бид хэзээнээс шатахуунаа үйлдвэрлэдэг болох вэ?

-Нефтийн үйлдвэрлэл байгуулах чиглэлд төрийн бодлого чиглэгдэх цаг нь болсон. Олон жил бид эргэлзлээ шүү дээ. Тиймээс бид 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьж дуусгах зорилт тавьсан. Хэрвээ бид шатахуунаа өөрсдөө үйлдвэрлээд эхэлбэл 2000 хүрээд байгаа ам.долларын ханш 1000-аас доошоо бууна гэдгийг дахин хэлье. Тиймдээ ч Аж үйлдвэрийн яам энэ чиглэлийн бодлогын суурийг тавих ёстой.

Манай улсад түүхий нефть хангалттай байгаа. Өнөөдөр 600 мянган тонныг гаргаж байна. Цаашдаа нэг сая болно. Харин үйлдвэр баригдаж дуусахад хоёр сая түүхий нефть гаргах боломж бүрдэх учраас түүхий эдийн дутагдалд орох асуудал байхгүй.

-Долларын ханш өндөр,  эдийн засгийн хүндрэлийн үед  үйлдвэрүүдээ барих нь зөв үү?

-Үйлдвэрүүдээ барих нь зөв. Ялангуяа импортоос хараат байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй.