Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

К.Кобландин: Монголд амьдарч байгаа Казахстан Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бүрэн эрхтэй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Казахстан Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох гэж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Казахстан улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2016 онд болох байсан ч нэг жилээр урагшлуулж энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд явуулахаар болсон байна. Учир нь 2016 онд Ерөнхийлөгч болон Парламентын сонгууль нэг жил болох учраас хоёр сонгуулийг нэг жил явуулах нь сонгуулийн чанарт сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин “Казахстан Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа нэг жилээр урагшлуулах шийдвэр гаргасан. Учир нь санхүү, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, дэлхий нийтийн аюулгүй байдлыг харгалзан үзэж, нөгөө талаар Казахстан Улсын эдийн засгийн дунд болон богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилийн өмнө зохион байгуулахаар болсон.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар дэлхийн эдийн засгийн хямралын давалгаа 2016 онд тохионо. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилийн өмнө зохион байгуулж “Нурлы жол” шинэ эдийн засгийн хөтөлбөр, “Казахстан 2050” дэлхийн хөгжингүй 30 улсын нэгэнд орох хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилготой юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтийг гуравдугаар сарын 15-н хүртэл хүлээж авсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өчигдрийн байдлаар 27 хүн өгсөн байна.

Үүнээс Казахстан Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигч төрийн хэлийг маш сайн мэддэг байх ёстойгоос гадна 40-өөс дээш насны хүн байна гэсэн заалтын дагуу эдгээрийг шалгах комисс ажиллаж байгаа.

Комиссын шийдвэрээр дагуу сонгуульд таван хүн оролцуулах болсон. Үүнд: 

  • Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев,
  • “Оюунлаг нийгмийн ертөнц” сангийн Ерөнхийлөгч Лимана Койшиева,
  • Коммунист ардын намын төвийн хорооны Нарийн бичгийн дарга Тургын Сыкдыков,
  • Бие даан нэр дэвшигч Канат Турагелиев болон
  • А.Кусайнов нар Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Бусад нэр дэвшигчийн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн шаардлагыг хангах эсэхийг шалгах ажил үргэлжилж байна.

Үндсэн хуулийн шаардлагыг хангасан таван хүн сонгуулийн дараагийн шат болох дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах ажилдаа ороод байна. Нэг хүн 93 мянгаас доошгүй хүний гарын үсэг цуглуулах ёстой. Одоогийн Ерөнхийлөгч Н.Назарбаев хагас сая дэмжигчийн гарын үсгийг цуглуулаад байна.

Тус сонгуулийн ажиллагаанд ажиглагчаар оролцох урилгыг Монгол Улсын Сонгуулийн Хороонд явуулсан” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Казахстан улсын хэдэн иргэн байдаг вэ. Энэ хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулиа өгч болох уу?

-Манай Элчин сайдын яаманд бүртгэлтэй Казахстан Улсын 108 иргэн байна. Эдгээр хүний зарим нь Орхон, Баян-Өлгий аймгуудад амьдарч байна. Энэ бүх хүн Казахстан Улсын Элчин Сайдын Яаманд ирж Ерөнхийлөгчийн сонгуулиа өгөх бүрэн эрхтэй.