Хууль Зүйн Яамнаас хүчирхийлэлтэй тэмцэх нэг сарын аян зохион байгуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах асуудлаар Хууль Зүйн яамнаас олон нийтэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд “Аюулгүй гар утас” аянаар арга хэмжээгээ эхэлж байгаа аж. Аяныг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ зохион байгуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, “Гэгээ” уран бүтээлийн нэгдэл дэмжиж, хамтран оролцож байгаа аж.
Аяны хүрээнд иргэдээс сайн дурын үндсэн дээр хандивласан гар утсыг "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-ын ажилчид цуглуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, асуудал хариуцсан алба хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэдэд тэдгээр гар утсыг түгээх ажлыг зохион байгуулна гэв.
Ингэснээр хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлэг, цагдаагийн болон бусад тусламж авах хугацаа оройтоход нөлөөлдөг аж.
Иймээс дахин эрсдэлд орохоос сэргийлж, хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд байрлаж байгаа болон цагдаагийн тусламж авсан, дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудын дэмжлэг авч байгаа иргэдэд олон нийтээс хандивласан гар утсыг дугаарын хамт өгөхийг зорьж байгаа гэдгийг тэд онцоллоо.
Сарын хугацаатай энэ аянд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн болон бусад зарлагдсан цэгүүдэд байршиж байх “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ажилтнуудад иргэн та гар утсаа хандивлаж болох юм байна.
Иргэдийн хандивын гар утсыг хүлээн авах цэгүүдийг гуравдугаар сарын 09-ний өдөр орон даяар зарлана гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!