Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

С гепатитыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг "Harvoni" эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдөр Гийлэд Сайнсэс / Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын 400 гаруй мянган хүн өвчлөн шаналж байгаа элэгний вирусийн өвчлөл тэр дундаа архаг С гепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын сайд цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Иймээс Монгол Улс эмийн журмандаа өөрчлөлт оруулж Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг түргэвчилсэн аргаар бүртгэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сард эмийн зөвлөлийн хуралдаанаа хийж элэгний С вирусийг эмчлэх "Sovaldi"  эмийг бүртгэсэн.

Өчигдрийн уулзалтын хамгийн гол үр дүн нь Гийлэд Сайнсэс компанийн үйлдвэрлэсэн Европын холбооны орнуудад эмчилгээнд хэрэглэгдэж өндөр үр дүнгээ өгч байгаа дараагийн эм болох "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж ,эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон явдал байлаа.

"Harvoni" эм нь вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эм бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдгээрээ давуу талтай юм байна.Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон байна.

Иймээс хугацаа алдалгүй өндөр үр дүнтэй дараагийн эмийг бүртгэх нь чухал юм. Монгол Улсын хууль тогтоомж эмийн журмын дагуу Гийлэд Сайнсэс /Gilead Sciences / компани нь албан ёсны гэрээт компаниараа дамжуулан "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх бүх баримт материал бүхий албан хүсэлтээ илгээсэн тохиолдолд Эрүүл мэнд, спортын сайд хугацаа алдалгүй эмийн зөвлөлийн хурлаар оруулан бүртгэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.

Gilead Sciences компани ирэх дөрвөн сарын эхээр холбогдох материалаа явуулан бүртгүүлэхээр боллоо. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдын зөвшилцөж чадсан хамгийн гол асуудал бол "Harvoni" эмийг өмнө нь бүртгэсэн "Sovaldi" эмийн адил хөнгөлөлттэй үнээр авч ард иргэддээ хүргэх боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.

Гийлэд Сайнсэс компанийнхан "Harvoni" эмийг "Sovaldi" эмэнд үзүүлсэн хөнгөлөлттэй үнээр монголын ард түмний элэгний эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэдгээ энэ үеэр уламжиллаа.

"Sovaldi" эм нь АНУ-д гурван сарын курс эмчилгээний үнэ нь 84,000 ам доллар байсныг Монгол Улсад нэг сарын эмчилгээний эм 300 ам доллар буюу 3 сарын курс эмчилгээний үнийг 900 ам доллар байхаар хямдруулж байсан юм.