Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батцэцэг: Индонез нүүрсний экспортоороо манай улсын өрсөлдөгч гэж болно

Зууны мэдээ
2015 оны 3 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийг “Элчин сайд ярьж байна” буландаа урив. Өмнө нь Монголд суугаа гадаадын Элчин сайдууд оролцдог байсан энэ буланд гадаадад суугаа Монголын Элчин сайдуудаас анхны зочин нь Элчин сайд Ш.Батцэцэг болж байна. Түүнтэй цахимаар ярилцсанаа хүргэе.

-Хамгийн сүүлд өр­нө­сөн үйл явдлаас яриагаа эхэлье. Саяхан Ин­донезийн Сурабаяа, Жакарта хотод Монголын соёлын өдрүүд болжээ. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Элчин сайдын яам, Индонезийн Сурабаяа хот дахь Өргөмжит кон­сулын газартай хамтран Монголын соёлын өд­рүүд, Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээл­тийн арга хэмжээг өн­гөр­сөн сарын сүүлээр Сурабаяа, Жакарта хотод амжилттай зохион бай­гууллаа.

Сурабаяа хотноо болсон арга хэмжээнд тус хотын иргэд, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон Сурабаяа дахь гадаадын Консулын, Өргөмжит консулын газруудын төлөөлөгчид оролцож, тэд манай орны түүх, соёлтой биечлэн танилцах боломжтой болсон юм.

Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон арга хэмжээнд БНИУ-ын Засгийн газрыг төлөөлөн Эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах сайд хатагтай Й.Йамбисэ, Үндэсний хөгжил төлөвлөлтийн сайд А.Чаниаго, Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хүрэлцэн ирж, Индонезийн яам, агентлаг, бизнесийн болон Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, мөн тус улсад суугаа Монгол Улсын иргэд идэвхтэй оролцлоо.

Соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр “Монгол Костюмс” төвийн загвар өмсөгчид Монголын үндэстний хувцас Хүннү гүрний үеэс эхлэн өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирснийг харуулсан хэд хэдэн цуглуулга үзүүлэхийн зэрэгцээ Индонезийн болон гадаадын зочдод уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуутай танилцуулж, цам, бие биелгээ, уран нугаралт, бөөгийн бүжиг зэргийг толилуулсан нь ирсэн зочдын сонирхлыг маш ихээр татлаа.

Агуу түүхтэй улсын соёл агуу байдаг гэдгийг тэд харуулсан даа.  Бидний зохион байгуулсан Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээлтийн соёлын арга хэмжээ нь тус улсад Монгол Улсын түүх, соёлыг таниулахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо. Индонезийн тал мөн ийнхүү өндөр төвшинд манай арга хэмжээнд оролцсон нь Монгол Улсыг ихэд сонирхож байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.

-Танай Элчин сайдын яам шинээр байгуулагдсан. Та анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Иймд ЭСЯ-ныхаа бүтэц, бүрэлдэхүүн, ажил байдлын талаар танилцуулна уу?

-Шинэ тутам байгуулагдаж байгаа гэдэг утгаараа бүтэц цомхон, ачаалал өндөртэй ажиллах шаардлага гарч байгаа. Энд хоёр дипломатч, техникийн хоёр ажилтан, нэг нягтлан бодогч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид ирээд яг долоон сар болж байна. Нэг талаас энэ нь суугаа орны аж, байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоотой танилцах, бас өөрийн улсаа таниулахад богинохон мэт боловч эргээд өнөөдөр харахад долоон сар гэдэг тодорхой төлөвлөсөн ажлуудыг дараалал сайтай хийж чадвал бас чиг багагүй хугацаа байдаг юм байна.

Миний хувьд ирэнгүүтээ ЭСЯ-аа байршуулах, төрийн далбаагаа мандуулах, алба залгуулахад шаардлагатай наад захын техник хэрэглээгээр хангах, тохижуулах мөн ЭСЯ-ны ажилтнууд болон өөрөө амьдрах байрыг оновчтой сонгох гэдгээс ажлаа эхэлсэн дээ. Товчхондоо Монгол хүн гэрээ барихдаа газар нутгаа хэрхэн сонгодог, гэрээ бариад тулга, тогоогоо угсраад цайгаа чанаад суух тэр л дүр төрх гэж ойлгож болно.

Өрх гэрээ бариад айл, саахалттайгаа танилцах, засаг ноёдтойгоо уулзаж элч төлөөлөгч гэдгээ мэдэгдэх, Монгол Улсын элч төлөөлөгчийн газар нээгдсэнээ суугаа орны олон түмэнд мэдээлэх гээд түүхэн талаасаа ч, дипломат ёс талаасаа ч мөрдөж ажиллах бүх зүйлээ сарын дотор амжуулахаар идэвхийлэн орсон.

Ингээд 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Индонез улсын  Ерөн­хийлөгч Сусило Бамбанг Юдоёонод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барь­санаар үүрэгт ажилдаа албан ёсоор орсон доо.

-Таны ажлын талаарх мэдээллийг цахим хуудаснаас байнга авдаг. Нэлээд олон сайдтай уулзалт хийсэн байсан?

-Үүрэгт ажилдаа албан ёсоор орсноос хойшх таван сарын хугацаанд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Нурхаяати Али Ассегаф, Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, Дэд сайд Абдуррахман Мухамед Фахир, Эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хүүхдийг хамгаалах яамны сайд Йохана Сусана Йембисе, Үндэсний хөгжил, төлөвлөлтийн сайд Андриноф Чаниаго, Эдийн засгийн асуудал зохицуулах сайд Софьян Жалил нартай албан ёсны уулзалт хийгээд байна.

Эдгээр уулзалтын үр дүнд БНИУ-ын Ерөнхийлөгч Жоко Видодо 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад өөрийн биеэр оролцох тухайгаа мэдэгдэж, Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ оны эхний хагаст хуралдуулах, мөн нийг­мийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод, бэлтгэл ажилдаа ороод байна.

Манай Элчин сайдын яам, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбоо (PATA – Pacific Asia Travel Association)-той хамтран Жакарта хотноо 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Индонезийн аялал жуулчлал, зочид буудлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудад зориулсан энэхүү арга хэмжээгээр бид Монгол Улсын аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын гайхамшигт байгалийн  тухай баримтат киног үзүүлж, Монгол Улсад аялал жуулчлалаар очиж байсан бизнес эрхлэгчдийг урьж оролцуулан Монголд аялсан тухай сэтгэгдлээс нь хуваалцуулж индонезичуудын нүдээр Монголын тухай танилцуулга хийсэн юм.

“Discover Mongolia” арга хэмжээнд Индонезийн 100 орчим аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгч компаний төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд тэдний сонирхсон асуултуудад манай ЭСЯ-ны ажилтнууд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Монгол, Индонезийн хооронд 1956 онд дип­ломат харилцаа тогтоосон.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү өнгөрсөн оны сүүлээр БНИУ-д айлчлал хийж, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Үүний мөрөөр бид хоёр орны парламент хоорондын холбоо харилцааг бэхжүүлэх, харилцан айлчлалуудыг ирэх жилүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

-Индонезид Монголчууд хэр олон амьдардаг вэ. Тэд голдуу аль салбарт ажиллаж, суралцаж байна вэ?

-Тийм олон биш. ЭСЯ-нд албан ёсоор бүртгэлтэй Монголын 40 орчим иргэн байгаа.

-Манай хоёр улсын харилцааны талаар товч мэдээлэл өгөөч. Та энэ талд ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Монгол, Индонезийн хооронд 1956 онд дип­ломат харилцаа тогтоосон. Индонез улс нь 350 жилийн турш Голланд улсын хараат орон байж, 1945 оны наймдугаар сарын 17-нд тусгаар тогтнож Бvгд Найрамдах Улс болсон түүхтэй. Индонезийн Ерөнхийлөгч нь Засгийн газрын тэргүүн, зэвсэгт хvчний ерөнхий командлагч юм. Ардын зөвлөлдөх конгресс нь хууль тогтоох дээд байгууллага бөгөөд Ардын зөвлөлдөх конгрессын чөлөөт цагт Ардын төлөөлөгчдийн зөвлөл нь үндсэндээ парламентын үүрэг гүйцэтгэдэг.

Хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг, 260 гаруй сая хүн амтай, Ази тивд төдийгүй, лалын шашинтай улс орон дотроо хамгийн ардчилсан тогтолцоотой улс гэж тооцогддог ийм улс юм.

Монголын Улсын Ерөнхийлөгч 1997 онд, Ерөнхий сайд 2002 онд Индонезид, Индонезийн Ерөнхийлөгч 2003, 2012 онд манай оронд айлчилсан байдаг. Индонезийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт манай төрийн албан хаагчид мэдээллийн технологи, ус цаг уурын мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацааны дамжаанд хамрагдаж ирсэн.

2006 оноос Монголд зохиогдох болсон олон улсын “Хааны эрэлд” хээрийн цэргийн сургуульд Индонезийн цэргийн албан хаагчид оролцох болсон. АСЕАН-ийн Бүсийн чуулга (АРФ)-ын “Энхийг сахиулах ажиллагааны экспертүүдийн тавдугаар уулзалт”-ыг 2012 онд хоёр тал Улаанбаатар хотноо хамтран амжилттай зохион байгуулсан гээд дурьдаад байвал хоёр орны гадаад харилцааны салбарт олон зүйлийг хэлж болно.

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Индонез улсын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно 2012 оны есдүгээр сарын 5-7-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Уг айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлыг ажил хэрэгчээр хэлэлцэж, яриа хэлэлцээ илэн далангүй, элэгсэг дотно уур амьсгалд болсон юм.  

Хоёр орны Төрийн тэргүүн нар бүс нутаг хийгээд олон улсад ардчиллыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэх нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез улсын Харилцаа, хамтын ажиллагааны зарчмын тухай 1997 оны Хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, ялангуяа дээд өндөр түвшний улс төрийн яриа хэлцээ, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хөгжиж байгаа, түүнчлэн, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй  гадаад бодлого  хэрэгжүүлж, нэр хүнд нь өсөн нэмэгдэж  байгааг тэмдэглэсэн байдаг.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын 2011 онд санаачилсан Ардчиллын төлөөх Азийн түншлэлд нэгдэх тухай Монголын талын урилгыг Индонезийн тал нааштай хүлээж авсан байдаг.

-Цаашид ямар салбарт хоёр орны харилцааг түлхүү хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?

-Элчин сайдын хувьд уламжлалт энэ харилцааг улам бүр өргөжүүлж, утга, агуулга, чанарыг нь сайжруулахад анхаарахаас гадна хоёр орны харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулахад онцгой анхаарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Монголын тал нэн тэргүүнд уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, мөн аялал жуулчлалын салбарт Индонезийн талтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа.

Уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийг зөв залах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, байгалийн баялгаас олж буй ашгийг тэгш хүртээмжтэй хуваарилах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Индонезийн хуримтлуулсан туршлага, сорил бидэнд олон зүйлийг хэлэх байх гэж бодож яваа. Индонезийн экспортын гол бүтэгдэхүүн нь нүүрс, дал модны тос. Эрчим хүчний хэрэглээнд зориулсан илчлэг багатай нүүрс, дал модны тос экспортынх нь 50 гаруй хувийг дангаар эзэлдэг.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд 13-т ордог ч Индонез нь нүүрс олборлолтынхоо хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт жагсаж, нүүрсний экспортын хэмжээгээрээ Австралийн өмнө гарсан төдийгүй дэлхийд тэргүүлж байгаа. Энэ үүднээс авч үзвэл Индонез улс нь яах аргагүй нүүрсний экспортоороо манай улсын өрсөлдөгч гэж тооцогдохоор байгаа.

Гэхдээ өрсөлдөгч утгаар бус хамтрах, энэ салбарт харилцан туршлагаа солилцож, техник, технологийн өөрчлөлт хийх нь аль аль талдаа ашигтай байх болов уу. Манай улсын нэгэн адил Индонез зэс, алтны дэлхийд эхний тавд багтах том орд газруудтай шүү дээ.

-Танай ЭСЯ АСЕАН-ий дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар. Энэ чиглэлээр юу хийж байна вэ?

-Жакарта дахь ЭСЯ нь мөн Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ий дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар юм. Монгол Улс 1998 онд тус бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлцэл явуулдаг олон талт механизм болох АСЕАН-ий Бүсийн чуулга (АРФ)-д, 2005 оны долдугаар сард Зүүн Өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон.  

АСЕАН нь эдүгээ 590 сая хүн ам, 4.5 сая кв.км нутаг дэвсгэрийг хамарсан 1,282 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1,400 тэрбум ам.долларын худалдаа явуулж буй бүс нутаг юм. АСЕАН өөрийнхөө яриа хэлэлцээний түнш орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулан ажиллаж байна.

2020 он гэхэд АСЕАН-тай зургаан улс орон нэгдсэн зах зээлтэй болохоор зорин ажиллаж байна. Хятадтай 2010 онд, Японтой 2012 онд, Солонгостой 2010 онд, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэгтэй 2011 онд чөлөөт худалдааны бүс байгуулахаар тус тус хэлэлцээр байгуулсан байгаа.

Одоо Европын Холбоо, АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. 2015 он гэхэд АСЕАН нь эдийн засгийн нийгэмлэг (AEC)-ээ байгуулахаар төлөвлөсөн ба нөгөө талаас Индонезийн нийслэл Жакартад АСЕАН-ны орнуудын дээд хэмжээний 18 дахь удаагийн уулзалтаараа АСЕАН-ны орнууд өөрийн гэсэн Шенгений бүсийг бий болгох гэж байгаагаа зарлаад байна.

Ингээд бодохоор энэ их том айл, том зах зээлд Монгол Улсын хувьд  яриа хэлэлцээний иж бүрэн түнш байх зорилт их чухал юм. Том алхая, том зах зээлд хамтдаа оръё гэвэл энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа юм. АСЕАН-тай хамтран ажиллах зорилтын хүрээнд АСЕАН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлуулах чиглэлээр бид ажиллаж байна.

-Таны санаачлагаар энэ сард Олон улсын эмэгтэйчүүдийн форумыг Жакарта хотноо зохион байгуулна гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Яагаад ийм форум хийхээр болов?

-Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хамгааллын асуудал бол энд ярих асуудлын нэг юм байна гэж олон жилийн туршлагаас олж харсан юм. Ер нь боломж гарвал хийх л ёстой ажлын нэг учир саналаа боловсруулаад бусад дипломат бүсгүйчүүддээ танилцуулсан юм. Энэ маань явсаар Олон улсын эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалт болж хувирсан.

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хамгааллын асуудал бол энд ярих асуудлын нэг юм.

Үүнийг маань Индонезийн Ардын төлөөлөгчдийн танхимын гишүүн эмэгтэйчүүд дэмжээд энэ сарын 24-нд Олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг “Ардчиллын үйл явцад хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба ухаалаг төр дахь эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба олон улсын ойлголцолд эмэгтэйчүүдийн үүрэг” зэрэг сэдвээр зохион байгуулахаар болоод байна.

Монгол Улсын Элчин сайдын санаачилгаар зохион байгуулах энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсноо тэд саяхан мэдэгдээд байна.

Тус чуулганд одоогоор Монгол Улсын Их хурлын таван эмэгтэй гишүүн, Индонезийн төлөөлөгчдийн Танхимын 20 эмэгтэй гишүүн, Индонези улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн есөн эмэгтэй Элчин сайд, Индонезийн Засгийн газрын найман эмэгтэй сайд нийт 100 гаруй өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцохоор болоод байна.

-Төгсгөлд нь та Индонез улс болон иргэд, соёл, заншлынх нь талаар товчхон мэдээлэл өгөөч. Онцлог сонирхолтой зүйл юу байдаг вэ?

-Индонезийн байгаль, хүн, ам, түүх, соёл нь хүний сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Энд дэлхийн өв, соёлын санд бүртгэлтэй маш олон газар, эд зүйл бий. Би өөрийн үзэж, харж, мэдлэг болгож авснаа мэдээлэл болгон түгээх дуртай хүн.

Хав дарсан мэдлэг бол мэдлэг биш харин харанхуй хоосон юм. Иймээс ч би өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулж энэ талаар мэдээлэл их өгч байгаа. Цаашид ч боломжоороо өгч байх болно.

-Ярилцсанд баярлалаа. Хоёр орны гүүр болсон таны ажилд амжилт хүсье

Зураг