Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энхрий үрсээ энэрч хайрлахгүй юм бол Гурван саяулаа байгаад ч нэмэр алга

Өнөөдөр сонин
2015 оны 3 сарын 5
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Төрөлхийн хүнд өвчтэй бяцхан охиных нь бие дээр байсхийгээд улаан юм туурдаг учраас Адам, Таня хоёр эрх танхилхан түүнийгээ бусдаас өөр гэдгээ мэдээд эмзэглэх вий гэсэндээ өөрсдөө өнөөхтэй нь яг адилхан шивээс хийлгэжээ. Бяцхан үрээ сэтгэлийн сэвгүй өсөж торниосой гэсэндээ өөрсдийнхөө гуян дээр томоос том улаан цоохор шивээс хийлгэсэн тэр аав, ээжийн хайр, ухаан хэчнээн агуу вэ.

Харин манайд болохоор эрүүл саруул төрсөн цэцэг шиг охиноо өөрийн гараар үхэл рүү илгээж байдаг. Хорвоо яасан хатуу харгис, амьдрал ямар шударга бус юм бэ гэж халаглаад энэ хэргийг мартаж боломгүй байна. Тэглээ гээд дөрөвхөн настай охиноо харгис хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн төрсөн эцэг, хойд эх хоёрыг олны нүдэн дээр чулуугаар нүүлгэж хөнөөсөн ч гэр бүлийн хүчирхийлэл ор тас алга болохгүй.

Цахим ертөнцийн ганц давуу тал энэ хэрэг дээр гарч, нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асар их нуугдмал, бас ихээхэн амь бөхтэй бусармаг хэргийн тухай ярьцгааж, сүүлийн хэд хоногийн турш “халуун сэдэв” болголоо. Аав, ээж нь салсны улмаас сүүлийн жил гаруй хугацаанд төрсөн эцэг болон хойд ээхийнхээ “гарын шүүс” болж байсан жаахан охин хамгийн сүүлд эмнэлгийн орон дээр тав хоногийн турш үхэлтэй тэмцэн тарчилсаар хоёрдугаар сарын 21-нд бурхны орныг зорьсон.

Тэр бяцхан амины үнээр “олж” авсан гэмшил, ухаарлаа бид бүр хожимдохоос нь өмнө нийгэмд дохио болгон түгээж, дахиад олон хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллийн золиос болохоос аврах нь чухал.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн, айл өрх болгоны, төрийн болон төрийн бус байгууллагуудын, хууль хяналтынхны, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн үүрэг, оролцоо ч чухал байгааг энэ хэрэг харууллаа.

Хөөрхий охин арай эрт эмнэлгийн тусламж авсан бол яах ч байсан юм билээ.

Хүнлэг, нинжин сэтгэлтэй ард түмэн хэмээн өөрсдийгөө сурталчилдаг Монголчуудаас ч дагтаа Адам, Таня хоёрынх шиг, магадгүй энэ байтугай холч ухаан гардаг байсан гэж итгэдэг юм.

Гэтэл харин “жинхэнэ” хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулах гэж уулгалан хурдалсан 20 гаруй жилийн дотор бид үнэндээ ямар чухал зүйлүүдээ гээснээ эргэн нэг тунгаах цаг болжээ.

Дуртай цагтаа хилийн дээс алхан, хүссэн сувгаа чөлөөтэй үзээд, санаан зоргоороо орд харш бариулж, үнэтэй тансаг машин хөлөглөж, сачий нь хүрвэл хувийн онгод худалдан авах, гадаадын банкинд оффшор данс нээлгэх эрх бүгдэд нээлттэй.Ингээд бидэнд юу наалдав. Энэ их эрх чөлөө бидэнд юу өгөв.

Хэн хүчтэй, чадалтай нь гэдэс цатгалан байдаг араатны ертөнцийн хууль үйлчилж буй ардчилсан нийгэмд Монгол хүний мөс чанар өдөр өдрөөр хөлдөж, нэгнээ гэсэн халуун сэтгэлийн илч нь харьсаар аравдугаар сарын энгэрт бүүдийх нар шиг болсны бурууг хэнээс хайх вэ.

Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн эх захгүй шуурган дундаас бид хамгийн түрүүнд амин хувиа хичээсэн арчаагүй өчүүхэн бодол “нутагшуулж” авсан нь манай залуусын сэтгэл, сэтгэлгээний ертөнцийг аймшигтай эвдэж байна.

Харваас хүнд зодуулаад, бие нь тааруу эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа охиныг тангараг өргөсөн эмч хүн яаралтай үзлэг шинжилгээнд оруулахын оронд эцгийнх нь гомдоогүй” гэдэг ганц үгээр байн байн болгоод буцаагаад явуулчих аж. Хөөрхий охин арай эрт эмнэлгийн тусламж авсан бол яах ч байсан юм билээ.

Бид гурван саяулаа боллоо хэмээн хөл хөөрцөг болж байсан цаг саяхан. Гэтэл энхрий бяцхан үрсээ хүний ёсоор энэрэн хайрлаж чадахгүй юм бол гурван сая, гурван тэрбум байгаад ч нэмэр алга. Тиймээс боловсролын салбарын бодлого тодорхойлогчид хүртэл хүнээ хун хэвээр нь байлгахын тулд бага залуугаас нь яаж тархинд нь “юм” хийх вэ гэдгээ тунгаахгүй бол нэг л биш ээ.

Ардчилсан, хуний эрхийг дээдэлдэг гэх Монгол Улсад сүүлийн нэг жилийн дотор хүчирхийллийн улмаас 44 хүн алтан амиа алдсаны тав нь хүүхдүүд гэхээр аймшигтай. Цаасан дээрх тоо л ийм болохоос даана нь дахиад хэчнээн хүүхэд дэнш гомдолтойгоор амиа алддаг бол... Бодохоос ч сэтгэл эмтэрч, зүрх зүсэгдэх юм. Өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалуулахаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандах эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Сүүлдээ өнөөх хүчирхийлэгчид нь тэдний хамгаалах байрыг мэдэж аваад, тэнд нь очиж дарамталдаг болсон учраас арга буюу үүдээ барьсан байх юм. Энэ юуг харуулаад байна вэ. Пицца дуудлагын утсыг гаргаахгүй цээжилдэг шигээ хүн бүр тус төвийн 107,108 дугаарыг мэдээд, шаардлагатай үед тусламж хүсдэг гэвэл худлаа шүү дээ.

Нэг удаа тамлуулсан бол “Дахиад зодуулчхаад ир” гэдэг хууль манайд үйлчилж байна. 

Тэгэхээр мөсөн уулаар бол гэр бүлийн хүчирхийлэл Монголд ямар их байгааг илэрхийлэх зөвхөн орой хэсэг нь тэндхийн үйлчлүүлэгчид байх нь, Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг манайд хаана хаанаа төдийлөн ойшоодоггүй учраас иргэд “адгийн заргаар” шүүх, цагдаа, хүний эрхийн байгууллагад хандаж, арав байтугай хонохоос залхдаг нь цэвдэг сэтгэлтнүүдийг өөгшүүлсээр ирлээ.

Болохоо байхаар цагдаад мэдэгдэж баривчлууллаа гэхэд их сайндаа л хэд хоног хориод суллачихна, шүүхээр гэрлэлтээ цуцлуулъя гэхээр “Эв нaйpaмдлын, гэх гурван сарын хугацаа өгчихнө. Тэр хооронд гэр бүлийнхэндээ өширхсөн “араатан" юу ч хийж мэдэх учраас хэрэг явдлыг тэгсхийгээд тогоондоо дарж өнгөрүүлэх нь элбэг. Наад зах нь, тэртээ олон жилийн  баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хариуцдагийн тогтолцоог тодорхой болгохгүй бол, шинэчилсэн найруулгын төслийг нь даруй батлахгүй бол хэчнээн олон нялх үрс, эрдэнэт хүний амиар тоглох вэ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгсөд буй уг хуулийн 17.6-д гэхэд л хүчирхийлэл үйлдэгчид тооцох хариуцлагыг томьёолохдоо “Хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн, мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хэн нэгний амь нас, эрүүл мэндэд нодтой хохирол учруулж болзошгүй тохиолдолд эрхийг нь шүүхээр хязгаарлана” гэснээс өөр дорвитойхон заалт үгүй. Хуулиар эрхээ хязгаарлууллаа гээд хүчирхийлэгч мах дусны тасархайтайгаа хорин см-ын зайнаас харьцана гэсэн үг биш шүү дээ.

Бас удаа дараа тамлуулж байж л шүүхэд хандах эрх олж авах нь. Нэг удаа тамлуулсан бол “Дахиад зодуулчхаад ир” гэдэг хууль манайд үйлчилж байна. Нөгөөтээгүүр энэ тохиолдолд их, бага хугацаагаар хорих ял шийтгэдэг ч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөө үзүүлэхгүй байгаа нь гашуун үнэн. Гэхдээ нэгэнт хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хойно бусдыг яллаж шийтгэх тухай яриад суух бус, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд тал талын арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Адаглаад, энэ хэргийн хамгийн ойрын гэрч болох хөршүүдэд "Та мэдээлэл өгсөн тохиолдолд хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж хэлж өгмөөр. Эс бөгөөс “Хүний амь” кинонд гардаг шиг, гурван залуу нийлээд нэг хүнийг зодож байхад хажуугаар нь юу ч хараагүй мэт өнгөрвөл гэмт хэрэгтэн болдог юм шүү гэж айлгамаар.

Зураг