Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баярсайхан: Монголын нууц товчоог 365 хоног уншина

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголын Нууц Товчоо Сангаас эрхлэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” цуврал ном бүтээн, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд номыг бүтээхэд оролцсон Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, МУСГЗ Г.Аким, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн Монгол түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан А.Пунсаг тэргүүтэй эрдэмтэн мэргэд, судлаачид оролцов.

Монголын Нууц Товчоо Сангийн тэргүүн П.БаярмагнайМонголын нууц товчоо дэлхийн 20 гаруй хэлээр 200 гаруй удаа хэвлэгдсэн байдаг. Бидний эрхлэн гаргасан энэ номын онцлог нь Монголын нууц товчоог 365 хоногт хуваагаад, нэг өдөрт багахан текст уншихаар хийсэн.

Ингэхдээ Нууц товчоонд байдаг эртний үгнүүдийн тайлбарыг хавсаргаж өгснөөрөө онцлог. Залуучууддаа Нууц товчоогоо уншуулах, ингэхдээ бага  багаар нь, тайлбартайгаар тогтож уншуулах зорилготой энэ номыг гаргалаа.

Нууц товчооны хөрвүүлгийг гавьяат багш Ш.Чоймаа гуайн хөрвүүлгийг ашигласан. Залуучууд Нууц товчоогоо уншдаггүй, уншаад ч ойлгодоггүй гэж их ярьдаг. Тиймээс залуучуудад ойлгомжтой болгохын тулд үгийн тайлбарыг нь доор нь хийж өгсөн” гэлээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан “Монголын нууц товчоо XIII зууны монгол хэлээр бичигдсэн. Тэгэхээр тэр үеийн монгол хэл өнөөгийн бидний мэдэх хэлнээс их өөр.

Жишээлбэл ач гэдэг үгийг ач хариулах гэвэл хүн бүр ойлгомжтой үг байна гэж хэлнэ. Гэтэл Нууц товчоонд гарч байгаа ач гэдэг үг нь хариу гэсэн тугаар илэрхийлэгддэг.  Муу ачийг хариулах гэдэг үг нөгөө талаараа өс авах гэсэн утгатай болно. Жинхэнэ утгаар нь ойлгоогүй бол тухайн эхийг уншаад ойлгохгүй. Эртний үг хэллэгийг уншигчдад ойлгомжтой болгох үүднээс товчхон тайлбар хийсэн.

Нууц товчоонд үлд гэдэг үг тохиолддог. Энэ нь одоогийн илд гэсэн үг. Өнөөгийн тайлбар толиос илд гэдэг үгийг харвал бүгд л богинохон сэлэм гэж тайлбарласан байдаг. Богино сэлмийг илд гэж тайлбарлах нь манжийн үеэс хойш бий болсон.

Өөрөөр хэлбэл богиныг нь илд, уртыг нь сэлэм гэж тайлбарлаад байгаа. Гэтэл сэлэм гэдэг нь Манж хэлнээс орж ирсэн үг. Нууц товчоонд сэлэм гэдэг үг нэг ч тохиолдохгүй. Тэр үед сэлмийг урт, богиныг алийг нь ч үлд гэж нэрлэдэг байсан. Энэ мэтчилэн үгнүүдийг нарийвчлан, хянаж тайлбарласан” гэлээ.

Тус бүтээлийг ирэх долдугаар сард багтаан ухаалаг гар утасны аппликейшн болгож гаргах бөгөөд монгол бичиг, Англи, Франц, Япон хэл дээр ч хэвлүүлэх аж.