Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уянга: С.Баярцогтыг огцруулах асуудлыг дахин тавина

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын гишүүн Г.Уянга

УИХ дахь Бие даагч гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг сар шинийн өмнө Г.Уянга нарын таван гишүүн тавьсан. Уг асуудлыг битүүний өдөр УИХ хэлэлцээд С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Харин Г.Уянга нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийхдээ гаднын компаниас зөвлөгөө авах нэрийдлээр 17 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан, гарын үсэг зурсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дахин тавина гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Бидний таван гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавьсан. Битүүний өдөр бөхийн барилдааны тавын даваа болж байх үед олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Бид С.Баярцогт сайдын асуудлыг дахин өргөн барина гэдгээ мэдэгдэж байна.

Мөн Ноён уулын асуудлаарх бидний байр суурь хэвээрээ байгаа. Хоёр, гурван мянган лиценз тараачихсан байгаа энэ үед ядаж нэг уулыг бүрэн бүтнээр нь авч үлдэх эрх бий. Бид Ерөнхийлөгчид “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлээч гэсэн хүсэлт тавих гэж байна.

Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа, татвараас зугтах гэж оролдсон гаднын иргэдэд хууль зөрчиж уучлал үзүүлсэн юм чинь эх орныхоо төлөө явж байсан Ц.Мөнхбаярт  уучлал үзүүлнэ гэж найдаж байна.

Мөн Үндсэн хуулийн Цэцэд хэд хэдэн асуудлаар хандахаар төлөвлөж байна. Үндсэн хууль зөрчиж гаднын Ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнд нь уучлал үзүүлсэн болон өөр бусад асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд УИХ Ерөнхийлөгчийг өгөх асуудлыг тавиач гэж тогтоолын төсөл боловсруулан УИХ-д оруулах гэж байна.

Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ огцруулах эрхтэй. Манай улс парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгчийн удаа дараа хууль зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоох эрх УИХ-д бий. Тиймээс бид Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг үүгээр эхэлж байна.

Татвараас зугтаасан гаднын иргэдэд уучлал үзүүлсэн юм чинь эх орныхоо төлөө явж байсан Ц.Мөнхбаярт уучлал үзүүлнэ гэж найдаж байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хууль болон Үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзэн. Тиймээс үндэслэлүүдээ Цэцэд гарган өгнө. Ерөнхийлөгч гаднын гурван иргэнд уучлал үзүүлснээр Монгол Улсын шүүх, татварын байгууллага, цагдаа, төрийн бүтцийн байгууллыг үгүйсгэж байна. Уучлал үзүүлэх эрх Ерөнхийлөгчид бий. Гэхдээ үүнийг хуулийн дагуу хийх ёстой. Ноён уулд Ерөнхийлөгч хориг тавих, тахилгатай уул болгох, төрийн хамгаалалтад авах эрхтэй боловч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна.

Сонгуулийн үеэр амласан Ерөнхийлөгчийн амлалт бий. Энэ нь биелдэг байх хэрэгтэй. УИХ-ын 20 орчим гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтад авч, төрийн тахилгатай уул болгох хүсэлт гаргасан. Одоо болтол хариу ирээгүй байна. Ерөнхийлөгч УИХ-тай ижил ард түмнээсээ сонгогдсон субъект” гэлээ.