Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сноуден АНУ руу буцахаар хэлэлцээр хийж байна

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өөрийнх нь хэрэг дээр шударга шүүх ажиллавал Эдуард Сноуден АНУ руу буцахад бэлэн байгаа гэнэ. Энэ тухай түүний өмгөөлөгч Анатолий Кучерена сэтгүүлчдэд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сноудены АНУ руу буцах хэлэлцээрт Герман болон Америкийн хуульчид оролцож байгаа бол өмгөөлөгч нь Оросын талыг төлөөлж байгаа гэнэ. 

Сноуденыг Америкт хууль ёсны шударга шүүхээр оруулна гэвэл тэр АНУ руу буцахад бэлэн байгаа” хэмээн Кучерена мэдэгдсэн байна. Түүнчлэн Сноуденыг эх орондоо эргэн ирвэл түүнд цаазын ял оноохгүй гэдгийг баталсан АНУ-ын Ерөнхий прокурорын захидлыг Сноуден хүлээн авчээ. Өмгөөлөгчийн энэ мэдэгдлийн дараа Америкийн төрийн департментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф мэдэгдэл хийсэн байна. Түүний өгүүлснээр АНУ Сноуденыг эргэн ирнэ гэдгийг талархан хүлээж авч байгаа ч эх оронд нь түүнийг ноцтой зүйл ангиар буруутган, шүүхийн өмнө зогсоох болно гэдгийг онцолсны дээр шударга шүүх үйлчилнэ гэдгийг баталжээ. 

Эргэн сануулахад, АНУ Сноуденыг нууц мэдээлэл задалсан хэрэгт буруутгаж байгаа юм. Эдуард Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийн цахим тагнуулын программын тухай баримтуудыг хэвлэл мэдээллийнхэнд дамжуулж, дараа нь 2013 оны зургадугаар сард АНУ-аас Хонгконг руу зугтсан юм. Тэндээсээ Эквадор руу нисэхийн тулд Оросын нийслэлийг зорьж байлаа.

Гэвч Сноудены паспортыг АНУ хүчингүй болгосны дараа Шереметьево нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд сар орчим байх болсон юм. Тэрбээр Орост түр хугацааны орогнол олгох шийдвэрийн дагуу жилийн туршид Орост амьдарсан бөгөөд 2014 оны наймдугаар сарын 1-ний өдөр орогнолын хугацаа дуусахад дахин гурван жил амьдрах эрх олгож байв

Эх сурвалж: news.ru