Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Шатрын багш, дасгалжуулагчийн анги шинээр нээлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
 

МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургууль, Монгол Туургатны шатрын холбоотой хамтран шатрын багш дасгалжуулагчийн нэг жилийн сургалттай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр МУБИС-ийн номын санд Шатрын багш, дасгалжуулагчийн ангийг нээх ёслол боллоо.

Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад манай улсын шилдэг шатарчид болох Монгол улсын гавъяат тамирчин ОУМ Л.Мягмарсүрэн, Гавъяат дасгалжуулагч ОУМ П.Жигжидсүрэн, Гавъяат багш, ахмад мастер Д.Ламжав болон МУБИС-ийн эрдэмтэн багш нар болон ОУШХ-ны мэргэжилтнүүд, олон улсын их мастерууд урилгаар хичээл заах юм байна. 

 

Шатрын багш, дасгалжуулагчдыг бэлтгэх ангид суралцсан  дээд боловсролтой хүмүүст бакалавр, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүст багшлах эрхийн диплом олгох ажээ.

Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын гавъяат тамирчин ОУМ Л.Мягмарсүрэн “Оюуны их спорт болсон шатрыг сургалтынхаа системд оруулж байгаа МУБИС, дэмжин санаачилж байгаа Монгол Туургатны шатрын холбоонд талархлаа илэрхийлье. Хүн төрөлхтний оюуны энэ сайхан спортыг манай улс маш сайн дэмждэг. Дэлхийн том шатарчид бүгд маш сайн сургалтаар гарч ирсэн. Тиймээс системтэй, орчин үеийн энэ сайхан сургалтын үр дүнд улс, эр орныхоо нэрийг дуурсгасан өсвөрийн шатарчид гарч ирэх нь дамжиггүй” гэдгийг онцолсон юм. 

 

 

Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн анхны оюутан Д.Гижир

-Та яагаад энэ ангид суралцаж, шатрын багш, дасгалжуулагч болохыг зорив. Сургуулиа төгсөөд юу  хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Шатрын багш дасгалжуулагчийн ангид суралцах болсондоо баяртай байна.  Би хойч үе, сурагчиддаа хичээл зааж, өөрийн хувь нэмрээ шатрын ертөнцөд оруулах хүсэлтэй. Мөн өөрийгөө хөгжүүлье гэж бодоод шатрын сургалтанд хамрагдаж байгаа. Сургуулиа төгсөөд ЕБС-иудад шатрын багшаар ажиллана. 


 

Шинээр нээгдэж буй Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн сургалтын талаар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалтай товч ярилцлаа. 

-МУБИС өнөөдөр Шатрын багш, дасгалжуулагчийн ангиа шинээр нээж байна. Энэ ангийг яагаад нээх болов. Гол зорилго, ач холбогдлын тухайд?

-Шатар бол оюуны спортын хаан гэгддэг спорт. Шатарт суралцсанаар тоглохдоо гол нь биш аливаа зүйлийг логик, дэс дараалалтай сэтгэдэг, оюун ухааны бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг, аливаа зүйлд тооцоо судалгаатай ханддаг, тэсвэр тэвчээртэй болж төлөвшдөг.

Тиймээс үүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үүднээсээ БСШУЯ-наас “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд шатрын олон дугуйлан эрчимтэй хичээллүүлж байна.

"Саалиа хураахаар саваа хураа" гэж Монголчуудын мэргэн үг байдаг. Шатрын дугуйлангуудад шатар мэддэг хүн л хичээл заагаад байгаа болохоос мэргэжлийн багш, дасгалжуулагчийг бид бэлдээгүй өнөөг хүрсэн байна. МУБИС энэхүү ангийг нээсэн нь шатрын спорт, оюуны хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа. 

-Сургалтын хөтөлбөрийн тухайд танай сургууль хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар бид үүнийг жилийн хөрвөх сургалтаар зохион байгуулж байна. Дээд боловсрол эзэмшчихсэн, өөр мэргэжилтэй хүмүүсийг нэг жилийн, шатрын багшийн сургалтанд хамруулж байгаа. Цаашлаад үүнийгээ бид өргөжүүлээд, нарийн бакалаврын түвшинд хүргэх байх. 

-МУБИС энэ хөтөлбөрт зориулаад багш нарыг хэрхэн бэлтгэв?

-МУБИС дангаараа ажиллахгүй. “Урамтай шатар” гээд клубтэй хамтарсан байдлаар шийднэ. Клуб дээр ажиллаж байгаа дасгалжуулагч, багш нарыг дайчилна. Манай сургуулийн хувьд сурган, сэтгэл судлал, заах аргын хичээлүүдээ орно.