Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ниргүүлсээр л байх уу?

Өглөөний сонин
2015 оны 3 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд “ниргэсэн хойно нь хашгирна”, “хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэж ярьдгаа байнгын бататгах юм даа. Өнгөрсөн долоо хоногт дөрөвхөн настай бяцхан охин эцгийнхээ гарт амиа алдсан тухай мэдээлэл олныг цочирдуулж, ард иргэд эмгэнэн гашуудаж, хөөрхий охины хойдын замыг гэрэлтүүлж, зул өргөцгөөсөн.

Ингэж л бид “ниргэсэн хойно нь хашгирав” гэдгээ баталж, гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэж, Хүчирхийллийн эсрэг хуулийг цаг алдалгүй шинэчлэн батлуулах талаар дорвитой ярьж байна. Гэхдээ ийнхүү ам амандаа шаагилдан ярих бус ажил хэрэг болгохгүй бол хэд хоног, хэдэн сарын дараа энэ сэдэв дахиад л нам жим болж, мартагдана.

Гэр бүлийн хүчирхийлэл ердөө л өнгөрөгч долоо хоногт бий болж, олон нийтэд мэдэгдсэн юм биш. Өмнө нь ч энэ талаар хэвлэлээр шуугьж, олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтнийг хараан, зүхэж байсан. Гэвч хууль нь хэтэрхий үлбэгэр учраас гэр бүлийн хүчирхийлэл айл гэрт амь бөхтэй байсаар байгаа. 

Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 2010-2013 оны судалгаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амиа алдсан гэх тоо дурайж байна. Шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан эмэгтэй, хойд эцэгтээ хэлэлгүйгээр халааснаас нь 300 төгрөг авсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан хүү, төрсөн эцэг нь заазуурдуулсан бяцхан жаал, шөнөжингөө эцэгтээ хазуулж, тамлуулсан хоёр настай охин, найман настай хүү гээд тоочвол нэлээд урт жагсаалт гарна.

2013 онд л гэхэд 2,000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг ар, араасаа цувран гарсаар өнөөдрийн эмгэнэлийг дагуулсан.

Хууль нь хэтэрхий үлбэгэр учраас гэр бүлийн хүчирхийлэл айл гэрт амь бөхтэй байсаар байгаа. 

Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл зэрлэгшиж буйг олон нийтэд “ил” болгосон эхний хэргээс, ядаж 2, 3 жилийн өмнө ч болтугай хуульдаа анхаарал хандуулсан бол өдийд дөрвөн настай бяцхан амь биднээс одохгүй байх боломж байсан байх.

Яг л үүнтэй адил үйл явц өдөр бүр алхам тутамд өрнөж байна. Уг нь аливаа хууль амьдралд үүсэж болох нөхцөл байдлыг урьдчилан харж, зохицуулалт хийхийн тулд оршин байдаг. Гэтэл манай улстөрчид эсрэгээрээ бусдад таалагдахын тулд хууль санаачлан баталж байгаа нь нууц биш. Тиймээс л одоо бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэн яаралтай шинэчлэх байх.

Гэхдээ хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл гэж юу, юунаас үүддэг, яагаад олон нийтэд ил болдоггүй, нуугдмал шинж чанартай байдаг зэргийг мэдэхгүй парламентын гишүүд хуульд хэрхэн хандах бол.

Хөөрсөн сэтгэлээр агаарт дүүлсэн мэт, амьдралаас тасархай хуульд байх аваас ард түмэн гэр бүлийн хүчирхийлэлд ниргүүлсээр л байх болно. Ниргэсэн хойно нь хэдий хашгираад нэмэргүй гэдгийг өнөөгийн аймшигт хэрэг нотоллоо. Бяцхан охин биеэрээ мэдрүүллээ. 

Зураг