Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Алиевын цуснаас нойрсуулах бодис илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Австрийн прокурор Казахстаны элчин сайд асан Рахат Алиевын цуснаас мансууруулах төрлийн бодис илрүүлсэн тухай Австрийн АРА агентлаг мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав.

Түүнийг Мягмар гарагт Австрийн шоронд өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байдалтайгаар олсон юм.

Харин Австрийн Куриер сонинд энэ тухай өөр мэдээлэл гарч байв. Тухайлбал түүний үхлээс өмнө Алиевт амь насанд нь халдах сүрдүүлэг ирж байсан бөгөөд үхлийг нь амиа хорлосон байдалтай харагдуулах арга хэмжээ авсан гэжээ.

Тийм учраас Алиевыг ганцаарчлан хорьж байсныг мөн сонинд дурдаж байв.

Гэвч өнөөдөр гаргасан мэдэгдэлд Алиевын үхэлд гадны хүн оролцсон байх боломжгүй гээд, харин цуснаас нь нойрсуулах эм илэрснийг мэдээлжээ.

Ийм төрлийн эм Австрид хориотой байдаг тул шоронгийн эмч өгсөн байх боломжгүй гэлээ.

Гэхдээ цусны шинжилгээний дүн урьдчилсан байдлаар гарсан ба бүрэн хариу нь хоёр өдрийн дараа тодорхой болох гэнэ.

Алиев өмнө нь Н.Назарбаевын том охин Даригатай гэрлэж байжээ. 2008 онд түүнд зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон, засгийн эрх булаахыг завдсан, хүн барьцаалсан зэрэг хэргээр эх оронд нь 40 жил шоронд хорих ял өгөөд байсан юм.

Венийн шүүхээс 2011 оны зургаан сард Алиевыг Казахстанд хүлээлгэж өгөхөөс татгалзаж байв.

Харин 2014 оны зургаан сард Австрийн тал түүнийг баривчлан хорьж, оны сүүлээр Казахстаны банкны хоёр менежэрийн амийг бүрэлгэсэн хэргээр ял оногдуулаад байсан юм.