Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Эдийн засгийн уналтыг зогсоох зэрэг олон санаачилга гаргасан

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. МАН-ын бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ. 

МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг бүлгийн удирдлагууд онцлон тэмдэглэв. 

Эдийн засгийг хямралд хүргэсэн шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцсон

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэн хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон.

Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. 

Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөртэй болов

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн ихэнх асуудлууд эдийн засгийн агуулгатай байсан гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ нь нэг талаас Монголын эдийн засаг хямралд орсон гэдгийг нотолж байна. Нөгөө талаас эдийн засгийн хямралаас гаргах гэж УИХ асуудалд ихээхэн анхаарч байгаагийн илрэл юм.

МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг урьдчилан харж өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямралыг даван туулах дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг удаа дараа санал болгож байсан. Энэ удаа Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр"-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэв.

Нэг төсөвтэй болгов

Өмнөх Засгийн газрын бодлогын алдаануудыг засах чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь сүүлийн хоёр жил НЭГ ТӨСӨВТЭЙ байхыг шаардсан МАН-ын бүлгийн санал биеллээ олсон явдал гэв.  Нэг төсөвтэй болсон нь бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдсэн гэж үзэж байгаа аж.

Тиймээс МАН-ын бүлгийн санаачилгаар “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооноос ажлын хэсэг гарган Хөгжлийн банкинд шалгалт оруулаад байна.

МАН сүүлийн хоёр жил төсвийн хэмнэлтийн бодлогыг санал болгосон. Тухайлбал, Засгийн газрын зарим тусгай сангуудыг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг  яам, агентлагт нь хариуцуулахаар болсон. МАН-ын бүлэг ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэхийг дэмжихгүй, татвар нэмж хямралаас гарахгүй гэсэн бодлого баримталсан хэмээн Я.Содбаатар гишүүн мэдээлэв.

Ахмадын тэтгэврийн зээлийн хүү 18 хувийг 9 болгон буулгах санаачилга гаргав

МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллав. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү жилийн 18  хувь байгааг ес болгон бууруулах санаачилгыг гарган ажиллаж байна.

Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болсон талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.        

МУИС, ШУТИС, клиник эмнэлгүүдийн хувьчлалыг зогсоож чадлаа

Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг Засгийн газар гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталсан. Эдийн засаг хямралтай, үндэсний аж ахуйн нэгжүүд мөнгөгүй, хямралд өртсөн үед төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн. 

Засгийн газар нийгмийн салбарын зарим байгууллагыг хувьчлахаар оруулж ирснийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Нийгмийн салбарын төрийн өмчийн байгууллага гэдэгт: 

  • МУИС,
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль,
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль,
  • Боловсролын их сургууль,
  • Улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлгүүд,
  • Халдвар, хавдар гэх мэт том эмнэлгүүд багтана.

Хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болж, ард түмний нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ. Тиймээс МАН-ын бүлэг нийгмийн салбарын хувьчлал гэдгийг дэмжээгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ. 

Ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллана

Хаврын чуулган хүртэлх хугацаанд ямар ажлыг хийх талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. УИХ-ын хаврын чуулган хүртэлх  хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд тойрог болон орон нутагт ажиллана. 

Үүний зэрэгцээ Засгийн газар ажлаа хэр хийж байна, яаж шахаж шаардаж ажиллах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Сонгуулийн тогтолцооны хүрээнд МАН 100 хувь можаритор буюу иргэд хэнийг өөрсдийн элч, төлөөлөгч болгохоо шууд шийддэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байгаа, мөн сонгуулийн "хар машин-ы тооллогыг хэвээр хадгалах уу, эсвэл өөрчлөх үү гэх мэт асуудлыг иргэдээс асууж шийдвэрлэнэ гэлээ.