Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"АТГ-ын ажилтнууд Н.Энхбаяр даргатай харьцаж байгаа байдал их сэжигтэй байсан"

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад нь АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж уулзан өнөөдрийн 15:00 цагт АТГ-т очихыг шаардсан зарлан дуудах бичигт гарын үсэг зурахыг шаарджээ.

Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд АТГ-ын ажилтнуудаас ямар хэргээр шалгах болсон талаар тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Та маргааш 15:00 цагт АТГ-т очих ёстой. Зарлан дуудах бичигт гарын үсэг зурна уу” гэсэн шаардлагыг тавьж байжээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Энэ талаар  МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Би хуульч хүн. Хуулийн дагуу иргэн хүнийг ямар нэгэн хэрэгт холбоотойгоор шалгахдаа, заавал ямар асуудалд холбогдож байгааг нь хэлэх ёстой. Тийм байхад АТГ-ын ажилтнууд энэ талаар тайлбар өгөхгүйгээр барахгүй Н.Энхбаяр даргатай харьцаж байгаа байдал нь их сэжигтэй байсан. Ер нь хуулийн байгууллагууд аливаа этгээдийг хэрэгт холбогдуулан шалгаж эхлэхдээ тав дахь өдрийг сонгоод байгаа. Ингэж амралтын өдрүүдээр хэргийг намжааж олны анхаарлаас гаргаж байна.

Н.Энхбаяр даргын хувьд АТГ яаж зохиомлоор хэрэг үүсгэж, хүнд тулгадгийг мэдэх учир өмгөөлөгчтэйгөө байж та бүгдийн асуултад хариулж, шаардлагыг тань биелүүлэх эсэхээ шийднэ гэдгээ хэлсэн” гэлээ.

Н.Энхбаярын өмгөөлөгч хувийн ажлаар хөдөө орон нутагт яваа учир өнөөдөр АТГ-т очих эсэх нь тодорхойгүй байгаа хэмээн намынхан нь хэлж байгаа юм.