Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оюундарь: Ерөнхий сайдын айлчлалын үр дүн нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан явдал

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Төрийн өндөрлөгүүд дараалан Япон улсад айлчлал хийж байгаа нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн айлчлалын зорилго болон үр дүнгийн талаар Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарьтай ярилцлаа.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад хийсэн айлчлалын үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?

-Айлчлал амжилттай болсон. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн хоёр орны Засгийн газрын тэргүүн нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Хамтарсан мэдэгдэл гаргасан.

Айлчлалын үеэр японы тал Хөшигтийн хөндийд барих нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.8 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн зэрэг олон асуудлыг шийдсэн чухал ач холбогдолтой айлчлал болсон. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалынхаа үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн дарга, Парламент дахь Найрамдлын бүлгийн удирдлага, мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон. 

-Хөшигтийн хөндийд байгуулах нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт санхүүжилтэд 36.8 тэрбум ам.долларын зээл олгох болсон нь энэ айлчлалын үр дүнгийн нэг үү?

-Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Шинэ нисэн онгоцны буудал барих төслийн ажил 2013 оноос эхэлж 2016 онд барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр төслийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Төслийн санхүүжилтийг “Step” нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлэхээр тохиролцсон байсан бөгөөд хоёр дахь шатны санхүүжилтийг энэ онд хийхээр төлөвлөгөөнд тусгагдаад байсан юм. Иймд уг асуудал бол хоёр орны тохиролцооны хүрээнд хийгдэж буй зүйл гэж ойлгож болно. 

-Айлчлалаар хамгийн чухал нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсныг онцолж байна. Монголчуудын хувьд хамгийн анхны хийсэн гэрээ гэж байсан?

-Тиймээ, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдын Японд хийсэн айлчлалын үеэр байгуулсан ЭЗТХ нь манай улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Харин Япон Улс өмнө ийм төрлийн хэлэлцээрийг Сингапур, Мексик, Австрали зэрэг 14 улстай байгуулсан юм билээ.

-Энэ гэрээг байгуулснаар бидэнд ямар бодит үр дүн ирэх вэ?

-ЭЗТХ нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй бусад бүхий л салбар дахь хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх чухал хэрэгсэл болно гэж үзэж байна. Япон Улстай энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад багасах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, Японы дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гарна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, ЭЗТХ байгуулах замаар хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байна. ЭЗТХ байгуулснаар Японоос Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, экспортын барааны нэр төрөл олшрох, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

-Уг хэлэлцээрийг байгуулахдаа Японы талаас анх удаа улстөрч хүн удирдсан гэсэн үү?

-Манай хоёр улсын хооронд байгуулсан ЭЗТХ-ийн хэлэлцээг Японы талаас анх удаа улстөрч хүн удирдсан нь манай улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг бид бүгд сайн мэднэ.

Өдгөө манай хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжиж байна. Энэхүү улс төрийн сайн харилцаандаа тулгуурлан, харилцан ашигтай, бие биеэ дэмжсэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэл аль аль талд байсан гэж үзэж байна.

Иймээс энэхүү хэлэлцээрийг байгуулах харилцан тохиролцоонд хүрсэн. ЭЗТХ нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах баттай суурийг бүрдүүлэх юм. 

-Энэ хэлэлцээрээр дамжуулж Японы Ази, Номхон далайн бусад орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/, аж үйлдвэрийн сүлжээ /Рroduction Network/-нд нэгдэх боломжийг нээж байгаа гэлцэж байна. Энэ нь яг юу гэсэн үг вэ?

-Энэхүү ЭЗТХ-ийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэж байна гэж үзэж байгаа юм. Ази тэр дундаа Зүүн өмнөд Азийг тус бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ гэж хэлж болно.

Нэг улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нөгөө улсын бүтээгдэхүүнтэй нийлүүлэн угсарснаар өөр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн шат дамжлагатай тус бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ бий болж, эдийн засгийн хэлхээ холбоотой, өөрөөр хэлбэл харилцан хамааралтай болж хөгжсөн.

Япон Улс Зүүн өмнөд Азийн долоон улстай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулсан. Манай улс ЭЗТХ байгуулснаар эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэгдэх, мөн түүгээр дамжуулан Япон Улсын Ази, Номхон далайн бусад орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломжийг нээж байгаа гэж үзэж байгаа юм.
 
-Япончуудтай өмнө нь хэлэлцээр байгуулж байсан улс бүрд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нэмэгдэж байсан гэсэн байх аа?

-Өмнөх хэлэлцээрүүдийг харахад Япон Улс ЭЗТХ байгуулахдаа худалдаанаас гадна хөрөнгө оруулалтад ач холбогдол өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Япон Улс тухайн улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахыг сонирхдог байна.

Тухайлбал, Япон Улс 10 гаруй жилийн хугацаанд Мексик Улсад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь тэнд автомашины үйлдвэр байгуулсан бөгөөд энэ нь өөрөө Хойд Америкийн зах зээлийг харсан, зорьсон зүйл байсан гэгддэг.

Япон Улстай ЭЗТХ байгуулсан Чилид тус улсаас хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 5.4, Сингапурт 4.3, Малайзад 20, Тайландад 35, Индонезид 32 хувиар өссөн гэсэн судалгаа байдаг юм билээ. 

 -Айлчлалын үеэр бизнес уулзалт болоход япончууд олноороо цугларсан гэсэн. Энэ нь япончууд, гадны хөрөнгө оруулагчид манайхыг ихээр сонирхож байгаа хэрэг гэж ойлгож болох уу?

-Айлчлалын хүрээнд Японы JETRO байгууллага, Монгол, Японы эдийн засгийн хороотой хамтран зохион байгуулсан Ажил хэрэгч уулзалт /Business Meeting/-т японы нийт 200 гаруй хувийн хэвшлийн төлөөлөгч оролцсон. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Японы ЭЗТХ-ийн ач холбогдол, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийсэн.

Мөн уул уурхай, санхүүгийн салбарын талаар манай төлөөлөгчид мэдээлэл хийсэн нь Японы хувийн хэвшлийнхний анхаарлыг өргөнөөр татсан. Энэхүү арга хэмжээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулах боломжуудын талаар Японы тэргүүний компаниудын удирдлагуудад шууд танилцуулахад ихээхэн ач холбогдолтой болсон юм.