Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль хамгаалах чиглэлд маш том алхлаа

Монголын мэдээ
2015 оны 2 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ Намрын чуулганыхаа төгсгөлд уул уурхайн салбарын зарим хуульд “гар хүрсэн” билээ. Эдгээрээс хамгийн чухал нь гэж хэлж болох өөрчлөлтийг Урт нэртэй хуульд хийж, хэрэгжих боломжийг бүрдүүлснийг онц­лууштай. Ингэснээрээ Монгол Улс байгаль хамгаалах чиглэлд маш том алхсан гэж мэргэ­жилт­нүүд дүгнэж байгаа юм. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай буюу Урт нэртэй хууль 2009 онд батлагдсан. Үзэл санаа, зорилго нь үнэхээр зөв байсан ч аливаа хууль буцаж үйлчилдэггүй зарчмыг зөрчин нэгэнт олгогдоод байсан олон тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хэрэгжихгүй удах гол нөхцлийг бүрдүүлсэн юм. 

Тухайн үед гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 827 аж ахуйн нэгж “Урт нэртэй” хуульд хамаарагдаж, хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байдаг. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан эдгээр компанийг төр шулуухан хэлэхэд “дампууралд түлхсэн” гэж ойлгосон ч болно.

Тиймээс эрх ашиг нь хохирсон компаниуд оруулсан хөрөнгөө төрөөс нэхэмжилсэн. Хамгийн багаар бодоход 660 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрт Засгийн газар уначихаад байсан билээ.

УИХ Намрын чуулганыхаа төгсгөлд уул уурхайн салбарын зарим хуульд “гар хүрсэн” билээ. 

Урт нэртэй хууль хэрэгжихгүй удсан гол шалтгаан ердөө энэ. Одоо харин хуулиар зохицуулсан учир хууль батлагдах үед ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниуд олборлолтоо явуулж, оруулсан зардлаа нөхөх, улмаар нөхөн сэргээлт хийгээд гарах боломж бүрдлээ.  

Хуульд хамрагдаж тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсан 827 компанийг хөрөнгө оруу­лал­тын бүтцээр нь аваад үзвэл гадны 100 хувийн хөрөнгө оруулалт­тай 161, гадна дотны хамтарсан 67, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай 599 компани байгаа юм. Өөрөөр хэлбэл, 70 гаруй хувь нь дотоодын аж ахуйн нэгж байгаа учраас дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан нь үндэсний хөрөнгөтнүүдэд илүү ашигтай шийдвэр болсон байна. 

Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ хийлгүй бултах то­хиолдол олон гардаг. Тиймээс уул, усны ойролцоо олборлолт хийсэн компаниудыг бултчих юм биш байгаа гэсэн болгоомжлол зарим хүнд байж болох юм. Гэвч санаа зовох шаардлагагүй бөгөөд аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээлт хийх мөнгийг 100 хувь урьдчилж авахаар тусгаж өгсөн байна.  

Гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу нэг мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулжээ.

Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан байна. 

Ингээд дээр хэлсэнчлэн, нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон нь оновчтой шийдэл юм. Ийнхүү “урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж, цаашид дээрхи хуулиар хориглосон бү­сэд тусгай зөвшөөрөл олгох­гүй, геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй болж байгаа юм.

“Урт нэртэй хууль”-ийг огтхон ч хөндөөгүй, харин ч уг хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь үнэхээр сайн хэрэг юм. Хэрэгжихгүй олон жил болж байсан Урт нэртэй хууль хэрэгжих боломжтой боллоо. Гол мөрөн, ой мод хамгаалагдлаа. Олон зуун тэрбум төгрөгийн өрөнд орж магадгүй байсан төр ч авч болзошгүй байсан ачаанаасаа салж нуруугаа амраалаа.

Зураг