Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Геологи, Уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

ikon.mn
2015 оны 2 сарын 26
www.ikon.mn
Зураг зураг

Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг боловсруулан өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар  геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдүүлэх юм байна. Хэлэлцээрийн зарим зүйл заалтын талаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

-Энэхүү 3 талт хэлэлцээр байгуулсны үндсэн ач холбогдлыг та юу гэж онцолж дүгнэх бол?

-Энэхүү хамтын хэлэлцээрт манай геологи, уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлууд зэрэг салбарын ажиллагсдын өмнө тулгамдсан олон зүйлсийг тусгалаа. Үүнээс салбарын хамгийн чухал асуудал болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр томоохон ахиц, дэвшлийг хэлэлцээрээр зохицуулсан. 

Салбарт ажиллагсадын дунд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин буурахгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх хандлагатай байгаа.

Тухайлбал, энэ хэлэлцээрт туссан нэг асуудал нь үйлдвэрлэлийн осол гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллага эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан ажилтныг урамшуулах журмыг гаргаж ажиллана. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээс илүү болсон. 

Мөн манай яам болон салбар агентлагийн бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тоо бий болгож байна.

Осол гэмтлийг мэдээлэх, учир шалтгааныг нь олж тогтоох, мэргэжлийн сургалтанд хамруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой болж байгаа юм. 

Салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, цалин хөлсний талаар ямар тодорхой асуудлууд тусгагдсан бэ?
 
-Энэ хэлэлцээр маань зарим талаараа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээс илүү болсон. Салбарын ажилчдын эрх ашгийг түлхүү хамгаалсан зүйл заалтуудыг манай салбарын үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид боловсруулсныг яамны зүгээс дэмжлээ.

Тухайлбал, энэхүү хэлэлцээрт салбарын ажиллагсдын цалин хөлсийг инфляцийн түвшин, хэрэглээний үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан үндсэн цалинг нэмэгдүүлж байх асуудлыг аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээгээр зохицуулахаар тохирсон.  

Мөн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384,000 төгрөгөөр тогтоохоор өмнөх хэлэлцээрээр тохирсныг үргэлжлүүлэн мөрдөхөөр байгаа. 

Нөгөө талаас энэ хэлэлцээрийн заалтуудыг биелүүлэх эдийн засгийн үндэс нь шууд утгаараа ажил олгогчдын санхүүгийн чадавх байдаг. Иймээс салбарын аж ахуйн нэгжүүд орлого, ашгаа нэмэгдүүлэх, тэр хэрээрээ ажилчдын нийгмийн хангамжийг дээшлүүлэхэд манай яам болон манай салбарын ҮЭ-ийн холбоо, мэргэжлийн холбоод хамтран ажиллах юм.

Эх сурвалж: УУЯ