Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших ЗУРГААН нийтлэл (№ 44)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 2 сарын 26
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Эрхлэгчийн зурвас 

Морин жилийг үдэж, хонин жилийг угтан авлаа, Монголчууд. Цагаан сараа тэмдэглэв. Хоёрдугаар сарын 19-нөөс өртөөлсөн золголт тасраагүй л байна. Жилийн жилд албан бусаар долоо хоног үргэлжилдэг жам энэ жил ч хэвээрээ л аж. Монгол түмний монголоо гэж мэддэг, мэдэрдэг, уламжлал, ёс заншил түлхүүхэн илэрдэг баяр юм хойно, буруутгах гээд яалтай . Харин ч энэ жил албан ёсны баярын амралт дээр, ажлын бус өдрүүд давхцаж, овоо олон хоног баярлалдав.

Өвөл байхад хаврын ааш араншин үзүүлээд байсан тэнгэр хангай Шинийн 2-ноос эхлэн хуйсганаж, шуурч, энэ жил бараг л цас үзээгүй байсан нутгаар цас орж, хүйтэрч, хавар болсон хойно өвлийн өнгө үзүүлж эхэллээ. Хавар зүтгүүхэн байж магадгүй. 

Харин Битүүн болж, Монголчууд Цагаан сарын барилдаанаа үзэхээр телевизийнхээ өмнө шавж суух цагаар УИХ нэлээд олон хууль, тогтоолыг бөөндөж орхив. Түргэн түүхий л  болчхоогүй бол эдийн засаг, нийгэмд хүндрэл үүсгээд байгаа төвөгтэй олон асуудлын ээдрээг тайлах зүг чигтэй асуудлууд байсан тул УИХ хийх ажлаа л хийв гэж ойлгож болох. Өмнө нь шийдчих цаг хугацаа зөндөө байсаар атал заавал ингэж тулгаж шуурхайлдаг нь ямар учиртай юм бол? Монгол араншин гэж зөвтгөж болмооргүй.

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэх мэт хэлцэл талцал дагуулсан хэд хэдэн хуулийн төсөл тэнд багтсан. Хэдийгээр нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас болоод аливаа хуульд өөрчлөлт оруулах нь байх ёстой зүйл мөн боловч, байнга л засагдаж, өөрчлөгдөж байдаг нь хууль тогтоогчдын хуудуутай ажилладгийнх байж болох.

Нухацтай даацтай сайн хэлэлцэж, ухаан бодлоо жинхэнэ ёсоор уралдуулж байгаад гайгүй хэдэн жилийн настай хууль баталчхаж болмоор л санагддаг ч тийм биш байсаар өнөөг хүрлээ. Батлагдсанаасаа хойш салхи ороогүй, ер нь байдаг үгүй нь ч анзаарагддаггүй хуулиуд бас зөндөө л байдаг. Өөрчлөлт орохгүй байгаа нь маш сайн хууль болсных биш л болов уу.

Хонь жил шийдвэрлэх он. Уруудаж шарагдсанаа гэдрэг татаж авчрах, уршиг хохирлоо багасгах, улс орон, хүн зоны амьдралыг дээш татах их үйлсийн гараанд бид гарч байна. Монголын гэсэн нэгэн эрх ашгийн төлөө нэгдээсэй гэж жирийн ард олон хүсэж суугаа. Таван толгой, “Урт нэрт”, Ноён уул гээд маргах, талцах сэдэв олон болов.

Хавар болохоор Төв талбайдаа гараад ирдэг, улс төрийнхөн ужиг нажид хэрүүл эхлүүлдэг жишиг энэ жил бага байгаасай. Яагаад гэвэл хэрэлдэж уралцаж, жагсаж эсэргүүцээд, нэг хөлөөрөө нөгөөгөө дэгээдээд байвал энэ алдаж боломгүй эрин цаг үе алслан холдсоор бараа сураг нь үзэгдэхгүй болох янзтай.

Хундан цагаан хонин жилийн хувь хишгийг гээчихгүйг иргэн бүхэн бодох цаг иржээ.    

Хүндэтгэсэн “Гэрэг” сэтгүүлийн эрхлэгч С.Батбаатар 

Оросын эсрэг хоригоос хэн хожих вэ? 

“Авторын булан”, А.Амармэнд 

...Хориг: “Сбербанк”, Газпромбанк”, “ВТБ” тэргүүтэй Оросын төрийн эзэмшлийн таван банкны Европын хөрөнгийн зах зээл рүү нэвтрэх эрхийг хаасан.

Хожигч: Хонг Конг, Турк

Хоригийн дараагаас “Мегафон”, “Норильск Никел” зэрэг Оросын томоохон компаниуд бэлэн мөнгөө Хонг Конг доллар руу шилжүүлж эхэлсэн. Хонг Конг доллар нь Барууны улсуудын нөлөөллөөс ангидын сацуу ам.долларын эсрэг хамгийн тогтвортой валютуудын нэг юм.

Оросуудын гэнэтийн худалдан авалтаар хөрөнгөжсөн Азийн тээврийн зангилаа хотын Мөнгөний удирдлагын газраас зөвхөн өнгөрсөн оны зургаагаас наймдугаар сарын хооронд 8.0 тэрбум долларыг дотоод валютынхаа ханшийг тогтвортой байлгахад зарцуулсан тухай “Уолл стрийт журнал” мэдээлжээ.

Нөгөө талд банк санхүүгийн салбарт тавигдсан хоригоос нь шалтгаалан Оросоос зугтаж буй хөрөнгө оруулагчдын орогнох байр нь Турк болж байгаа тухай “Уралсиб” санхүүгийн корпорацын судалгааны хэлтсийн захирал В.Смольянинов “Москва таймс”-д мэдээлжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

Эрсдэл дагуулж мэдэх Хаврын чуулган 

“Авторын булан”, Б.Даваатогтох 

    ...Энэ мэтчилэн Шийдлийн Засгийн газрыг савлуулж мэдэх улс төрийн шоу ундарч магадгүй юм. Ер нь ирэх хаврын чуулган эхэлмэгц Ч.Сайханбилэгийн кабинетаас шийдсэн асуудлуудынх нь тодорхой үр дүнг нэхээд эхлэх нь тодорхой. Тиймээс маргаан дагуулах эдгээр хуулийн төслөөр нам, намын төлөөлөл багтсан Ажлын хэсгийг байгуулж, хэн хэндээ ашигтай хувилбарыг сонгох хэрэгтэй.

Түүнээс биш тэр, энэ нам, түүний, үүний фракц гэх явуургүй зүйлийг урьтал болгох хэрэггүй. Мөн хаврын чуулганаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлахаар төлөвлөж буй. Өмнөх нийгмийн үед Монгол Улс тав таван жилээр хөгжлөө төлөвлөдөг байсан.

Гэвч сүүлийн 25 жил хөгжлийн төлөвлөлт гэдэг юм үндсэндээ орхигдож, сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намын үзэмж, үнэлэмжийн хүрээнд эргэлдэх болсон. Харин ирэх хаврын чуулганаар энэ асуудалд цэг тавьж, эрх баригч болон сөрөг хүчин Засагт хамтарсны гавьяаг гаргаж, хөгжлийн нэгдмэл үзэл баримтлалтай болох бололтой...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу.

“iCar: “Apple”-ийн гаргах машин бараг л онгоцтой дүйнэ”

“Дэлхий” булан, “Newsweek” сэтгүүлийн Клайв Өрвинг. Орчуулсан Б.Баясгалан 

...Чухам тиймдээ л “Аpple” өөрийн нэрийн iCar хийхээр санаа шулуудан автомашины салбараас хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг олноор нь хөлсөлж байна гэж дуулаад би гэдэг хүн өөрийн нүдээр харах гэж тэгтлээ яарсан хэрэг.

Энэ үнэн бол “Apple”-аас хүлээж буй бүрэн цомхотгогсод зурагтын удирдлагын санаа маань орхигдож байгаа хэрэг үү?  “Аpple”-ийн бүхий л бүтээгдэхүүний гоо зүйн мастер нь Жони Айв яах аргагүй мөн билээ.

Бэл бэнчин нь түүнийг төмөр хүлэг цуглуулах хорхойтон болгожээ. Хэрвээ iCar гэдэг үнэхээр л бодит төсөл мөн бол түүний цуглуулга дахь машинуудаас ирээдүйн “Apple” машины загвар ямар байхыг тандчих боломжтой мэт, гэхдээ үгүй ч байж мэднэ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу.

Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь “Судасны чимээ”

“Номын шүүмж” булан, У.Бямбаням

...Бүлэг бүрийнхээ эхэнд Шекспирийн “Гамлет”-ийн хэсэг, “Улисс” романы Стифен Дедалусын үг, Жак Деррида, Пауль Фейербендийн философи санаа, Раймонд Карверийн өгүүллэгээс эшилж, хайкү хэлбэрийн шүлэг шигтгэн, “Битлз”-ийн дуу, нэгэнтээ домог мэт хачирлан ярьж асан түүхээр дотоод холбоосыг мэтгэсэн тус роман Гомбо Махгал бурхны хөрөг, хасбуу тамганы дардаст хавтас шигээ өгүүлэмж, дотоод бүтэц, холбоосоороо этгээд ч “Битлз”-ийн дуунаас өөр “шинэ” зүйл байсангүй.

Зохиолч Г.Аюурзанын хүүрнэл зохиолын ес дэх бүтээл, бие даасан романы долоо дахь “Судасны чимээ” өнгөрсөн сард худалдаанд гарсан уран зохиолын номуудаас уншигчдын анхаарлыг хамгийн их татжээ. Үүнийг нийгмийн сүлжээний хандлага, номын дэлгүүрийн бестселлерийн тавиур хялбархан батлаад өгнө...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу.

Г.Аюурзана: Сонгодог гэдэг бол “Сонгодог” хэмээх үгээр томьёолсон нэг л хэв загвар юм 

“Асуулт, хариулт” булан, Г.Ариунзул 

Сэтгүүлч Б.Ганчимэг: -Таны “Шүгдэн” роман гайхалтай байлаа. Харин сүүлийн “Судасны чимээ” роман дээр таныг цаашаа нэг алхсан гэдэгт эргэлзэж байна. Та юу хэлмээр байна? 

Г.А:-“Бөөгийн домог”-оос эхэлсэн нэг мөчлөгөө би “Судасны чимээ”-гээр хайрцаглаад, энэ дөрвөн романаар нэг том санаа хэлэхийг бодсоноо бараг л гүйцэлдүүлсэн. Дөрвүүлээ л нэг удаа гүйлгэж уншчихаад цааш тавьчих романуудаас ондоо ажлууд болсон. Өөр өөр сэдэлтэй учраас хооронд нь харьцуулахад зохимжгүй санагдаж байна.

Б.Гантуяа (“976” галерейн захирал): Та үндсэрхэг хүн үү. Үндсэрхэг үзлийн тухай юу гэж боддог вэ? 

Г.А: -Монгол хүн болж төрсөн нь бидний хувь тавилан. Үүнийг өөрсдөө сонгоогүй, бид шийдээгүй. Яагаад та бид орос хятад биш, чухам Монгол болж төрсөн юм бэ гэдэг бол яагаад морь нохой биш, чухам хүн болов оо гэдэг шиг онцгой ерөөл юм.

Орос, Хятад шиг том гүрнүүдийн үндсэрхэг үзэл хөршүүддээ төдийгүй дэлхий дахинд халгаатай. 

Үндэс угсаагаа эрхэмлэнэ, хэдэн үеийн туршид Монголоор ярьж Монгол газар шороонд шүтэн амь зууж ирсэн хүмүүсийн удам гэдгээ мэдэрч ухамсарлана гэдэг бол миний хувьд хүн байхын утга учир.

Орос, Хятад шиг том гүрнүүдийн үндсэрхэг үзэл хөршүүддээ төдийгүй дэлхий дахинд халгаатай. Харин цөөхүүлээ монголчуудын хувьд үндсэрхэг байх нь ердийн л дархлаа. Гэхдээ ийм бодлогод хөтлөгдсөндөө биш, зүгээр л байгаагаараа, Монголын гэх юм бүхэнд би үнэн голоосоо хайртай. Ийм сэтгэл зүрхтэй төрснөө мэдрэхдээ жаргалтай байдаг...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу.

Цагаан сар ба “хар хайрцаг”

“Телевиз” булан, Ж.Хулан 

...Баярын уур амьсгалтай кино бүтээл ховор болоод ч юм уу, телевизийнхэн хошин шогийн продакшнуудтай хамтар­сан зохиомж хийдэг нь бас л уламжлал болсон. Эхэн үедээ “UBS”-ээр “X-ТҮЦ” үзэх үү, “TV9”-өөр “Шинэ үе”-ийнхийг харах уу гээд хэрэндээ өрсөлдөөнтэй байсан ч одоо бүгд ялгаагүй “Түрээсийн эмээ” гэхчлэн нөгөө л янзаар хөгшчүүлийн дүрээр шог гараа хийх боллоо. Найздаа ярьсан онигоо, интернетээр тарсан хөгжилтэй бичлэгийг багахан найруулаад телевизээр үзүүлэх нь даанч уйтгартай.

Энэ жилийн Цагаан сараар дэлгэцээр “танилцсан” нийтийн дуучдын тоо учран золгосон ах, дүүстэй минь тэнцэж мэднэ. Ер нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд болсон бүх л тоглолтыг бараг бүрэн хэмжээгээр нь толилуулсан тул бидэнд үүнээс өөр үндэсний урлагийн тоглолт байхгүй юу гэж халаглахад хүрэв.

Гэтэл бидэнтэй хамт хаврын тэргүүн сарыг угтдаг урд хөршийнхний хувьд “CCTV”-ийн гала концерт нь уламжлалт урлагийн тоглолт, акробат, бие хамгаалах урлаг, сонгодог урлагийн гээд 36 хэсгээс бүрддэг бөгөөд үүнийг үзэхээр нийт өрхийн 90% нь сувгаа тааруулдаг тооцоо бий. Гучин гурван жилийн түүхтэй энэ гала тоглолтыг өнгөрсөн жил л гэхэд 700 сая гаруй хүн сонирхжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Зураг