Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ ихэнх хатуу дискэнд тагнуулын програм суулгажээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Оросын кибер аюулгүй байдлын Касперский компаний өчигдөр хийсэн мэдэгдэл олон улсын хэмжээнд шуугиан тариад байна. Тэд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг (NSA) зарим үйлдвэрлэгчдийн хатуу диск (Hard Disk Drive)-нд тагнуулын програм хангамж суулгасан байсныг илрүүлжээ.

Касперскийн мэдэгдэлд дурдсанаар Иран, ОХУ, Пакистан, Афганистан, БНХАУ, Мали, Сири, Иемен, Алжир зэрэг 30 орчим улсын компьютеруудад ийм програм суусан байсныг илрүүлсэн гэнэ.

Зорилтот байгууллагууд нь засгийн газар, батлан хамгаалах, харилцаа холбоо, банк, эрчим хүч, цөмийн хүрээлэнгүүд, хэвлэл мэдээлэл, Исламын хөдөлгөөнүүд багтаж байжээ.

Харин эдгээр компьютерүүдээс мэдээлэл цуглуулагч нь NSA буюу Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг байсан байна.

Ингэж тагнах ажиллагаа бүр 2001 оноос эхтэй байсныг Касперскийн мэргэжилтнүүд мэдээллээ.

Програм нь хатуу дискний firmware software буюу системийн програм хангамж дотор нь суусан байдаг байж. Хакеруудын хувьд компьютер дотрох хамгийн чухал орон зай бол нэгдүгээрт BIOS (компьютер асахад үйлдлийн систем ачаалагч), хоёрт энэхүү хатуу дискний firmware ордог юм.

Өөрөөр хэлбэл төхөөрөмжийн түвшинд ажилладаг системийн програм тул илрэх боломжгүй, тун өндөр нууцлалтай байжээ.

Ийм тагнуулын програм үйлдвэрээсээ суурилагдан зах зээлд борлуулагддаг хатуу диск үйлдвэрлэгчдэд Western Digital, Seagate, Toshiba, IBM, Micron, Samsung багтаж байгаа гэнэ.

Эдгээрээс Western Digital, Seagate, Micron компаниуд энэ програмын талаар ямар ч мэдээлэлгүй гэж мэдэгдсэн байна. Харин Toshiba, Samsung компаниуд хариулахаас татгалзжээ. IBM компани ямар нэг хариу өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Reuters, Business Insider