Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Болд: Эдийн засгийг агшуулах бус сэргээх сонголт үндэсний эрх ашигт нийцнэ

ikon.mn
2015 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол банкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдтой эдийн засгийн төлөв байдал болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнгөрсөн оны үндсэн үзүүлэлтүүдээс харахад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? 

-Өнгөрсөн жил эдийн засаг дахь нийт М2 мөнгөний нийлүүлэлт 12.5 хувь, нийт зээл 16.1 хувийн өсөлттэй гарлаа. Үүнээс 11 хувийн инфляцийг хасвал мөнгө, зээлийн бодит өсөлт ердөө 1.5 хувь, 5.1 хувь болж, тэг түвшинд дөхөж байна гэж ойлгож болно. Мэдээж үүний бодит сектор дахь нөлөөлөл нь эдийн засгийн өсөлт саарах байдлаар илэрнэ.

 Валютын орж ирэх урсгал буурсан сөрөг хандлага 3 дахь жилдээ үргэлжилж байна. 

Чухам яагаад эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон бэ гэдгээ эргээд нэг саная. Валютын орж ирэх урсгал буурсан сөрөг хандлага 3 дахь жилдээ үргэлжилж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт он дамнан огцом буурсны улмаас 2011 онтой харьцуулахад эдийн засагт сүүлийн 3 жилд -6.8 тэрбум ам.долларын мөнгөний дутагдал бий болчихоод байна. Гадаад эрэлт, экспортын түүхий эдийн үнэ буурсныг тооцвол нэмээд 2 тэрбум ам.доллараар хэмжигдэх мөнгөний дутагдал эдийн засагт үүссэн. Нийт эдийн засаг 12 тэрбум ам.доллар гэдэгтэй харьцуулбал төлбөрийн тэнцлийн энэ хямрал ямар гүнзгий, далайц нь ямар хүчтэй байсныг хэн ч төвөггүй ойлгоно.

Гэхдээ мөнгөний ийм их хэмжээний дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөж ирсний үрээр эдийн засаг зөөлөн газардлаа. Эдийн засгийн өсөлт 12.3 хувиас 2013 онд 11.6 хувьд, дараа нь 2014 онд 6-7 хувь руу алгуур ирж байгаа нь аль ч тохиолдолд огцом унаж сүйрэхээс хамаагүй илүү хувилбар.

Харин өнөөдөр сульдаж буй эдийн засгаа дахин тогтворжуулж сэргээж чадах уу? Аль эсвэл бодит сектор, хувийн хэвшил, санхүүгийн салбартаа улам их ачаалал авч, 2009 оных шиг агших уу гэдэг сонголтын зааг дээр ирцгээсэн. Энэ оныг 2009 он шиг болгож л болохгүй. Ялангуяа бүтэн хоёр жилийн турш зөөлөн газардалт хийсний дараа эдийн засгаа агшуулах биш, харин тогтворжуулаад сэргээх сонголтыг хийх нь үндэсний эрх ашигт нийцнэ.

-Мэдээж эдийн засаг сэргээсэй, ахуй амьдрал сайжраасай гэж бүгд хүсэж байна. Эдийн засгийг яаж сэргээх вэ?

-Сэргээхийн өмнө тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал байна. Бүсээ чангалах гэдэг зүйн хэрэг, гэхдээ ганц үүнийг хийх нь хангалтгүй. Хүндрэл үүсгэсэн шалтгаанаа засаж байж л хүндрэлээс гарна гэдгийг хүн бүхэн ярьдаг болжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засагт 50 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо ердөө 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа. Өнгөрсөн оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 568 сая ам.долларт байгаа нь эдийн засаг -1.3 хувиар агшиж хямарч байсан 2009 оны түвшинд иржээ. Гэтэл энэ хугацаанд нийт М2 мөнгөний нийлүүлэлт 2.9 их наяд төгрөгөөс 10.6 их наяд төгрөг болж 3.7 дахин, нийт эдийн засаг 6.6 их наяд төгрөгөөс 22.2 их наяд төгрөг болж 3.4 дахин, банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгөөс 12.5 их наяд төгрөгт хүрч 4.8 дахин тэлчихсэн байгаа. Ийм өчүүхэн бага гадаадын хөрөнгө оруулалттайгаар Монгол улс хэр хол, хэр удаан явж чадах вэ?

Зүйрлэвээс, бидэнд 5 литр A80 шатахуун л үлдэж. Түүгээр А92, A95 хэрэглэдэг машиныг хөдөлгөх, хурдлуулах боломж бий юу? Хэрэв хөдөлгөе, хурдлуулъя гэж байгаа бол ядаж 20 литр А92 шатахуунтай болох, өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх л арга хэмжээг авах хэрэгтэй.  Яагаад гэвэл эдийн засгийн тогтвортой өсөлтийг мөнгөний тогтвортой нийлүүлэлтгүйгээр бүтээдэггүй. Өсөлтийг тэжээх, санхүүжүүлэх мөнгөний нийлүүлэлтээ валютын орох урсгалаар л бий болгоно.

Өнгөрсөн оноос эхлээд Монгол банк хөтөлбөрүүдээс анх төлөвлөсний дагуу үе шаттай гарч байгаа. Тэгвэл түүний нөлөөгөөр эдийн засгаас буцааж татагдах мөнгийг, түүний орон зайг хэн, юугаар нөхөж хийх вэ? Тэр нөхөлтийг валютын орох урсгалаас өөр юугаар ч хийхгүй.

-Хүндрэлээс гарах үндсэн арга зам нь валют оруулж ирэх болоод байгааг хүн бүхэн ухаарч, мэдэрч байгаа байх л даа. Тэгвэл яаж үүнийг хийж болох вэ? Яаж бид валюттай болох вэ?

-Валют олохын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх, гадаад зээллэгийн боломжийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, алт олборлолт болон Монгол банканд тушаагдах алтны хэмжээг өсгөх зэрэг цөөхөн арга зам бий.

Эдгээрээс аль нь боломжтой, алиных нь боломж хязгаарлагдмал бөгөөд биднээс үл шалтгаалж байгаа билээ гэдгийг бодож байж шийдвэр гаргамаар байгаа ч, тэгэхгүй байна.

Сүүлийн хоёр жилд Монгол улс төлбөрийн тэнцэл дээрээ -2.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Үүний сөрөг нөлөөллийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханш, гадаад валютын улсын нөөцийн аль алинаар шингээн зохицуулсан. Төлбөрийн урсгал дансны одоогийн -1 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх валютын шинэ эх үүсвэр бидэнд заавал хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын болон хувийн секторын гадаад зээллэгийн боломжийг бий болгох, багцын хөрөнгө оруулалтыг өсгөх замаар төлбөрийн тэнцлийн алдагдлыг энэ онд тэглэх, улмаар ашигтай гаргах хэрэгтэй байна. 

-Гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байснаа одоо 0.6 болжээ. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдээ хөдөлгөж, урагшлуулж байж энэ тоо өсөн нэмэгдэх үү? Эдгээр төсөлгүйгээр хөрөнгө оруулалтыг сэргээх боломжтой юу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.6 тэрбум ам.доллар байгааг 2 тэрбум ам.доллар болгож өсгөн нэмэгдүүлэхийн тулд том төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудал нь сонголт төдийхөн асуудал биш, харин зайлшгүй шаардлага болчхоод байна.

Татварын асуудлаар хөрөнгө оруулагч этгээдтэй харилцан ойлголцох ёстой.

Монголын эдийн засагт орж ирэх 1 ам.доллар бүр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр хаалтыг мөргөөд буцсаар удлаа. Тиймд хөрөнгө оруулалтын орчинд суурь жишиг болсон том төслүүдээ хөдөлгөх нь зарчмын шийдэл. Татварын асуудлаар хөрөнгө оруулагч этгээдтэй харилцан ойлголцох ёстой. Гацаанд буй бүх асуудлыг шийдээд, урагшлах л хэрэгтэй. Эс бөгөөс 7 их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засагтай байсан үе рүүгээ ухрах юм уу? Газрын хэвлийн баялгаа эхлээд валют болгон хувиргаж сурах нь чухал байна. Нөгөө талаар улс өөрөө баталсан хуулиараа гаднаас валют олох чадвараа хаачхаад байгаагаа засах хэрэгтэй л байгаа юм.

Өрийн таазыг хуульчилсан нь өсөж тэлэх боломжоо өөрсдөө хуулиараа хязгаарлаж байна гэсэн үг.

Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байна гэдэг нь хөтөлгөө морь хэрэггүй ээ, дан ганц гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг мориндоо найдаад цааш явна, тэр мориороо бид хол зам туулна гэсэнтэй агаар нэг юм.

Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг морь нь хаана байна? Байхгүй болсон. Тэгээд бид энэ байдлаасаа болж явгарсаар, цаашдаа модоо барих дээрээ тулж болохгүй биз дээ? Өрийн таазыг нэмье гэдэг нь уурга, бугуйлтай болоод, түүгээрээ нэг морь олж авах тухай л яриад байгаа юм. Морио хэрхэн эдэлж хэрэглэх нь дараагийн асуудал. Тиймээс бид том төслүүдийн хэрэгжилтийг ч түргэтгээд, өрийн таазаа ч нэмээд, эдийн засаг тогтвортой тэлэхэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг бий болгоод явах нь хамгийн зөв сонголт байсан. 

-Өрийн тааз гэдэг нь өөрөө их хийсвэр ойлголт юм шиг санагддаг. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ ч үүнийг онцолж байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хуульд заасан өрийн таазыг өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл олон улсад Засгийн газрын гадаад өр хэр тогтвортой байна вэ, түүнийг төлөх чадамж байна уу, өрийн үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт анхаарч, харж, төлөвлөж явдаг. Түүнээс биш улсын өрийн нэрлэсэн дүнг хуулиар хатуу хязгаарлаад байдаггүй.

Олон улсад өрийн зүй зохистой ашиглалт, зохицуулалт, өрийн удирдлагын бодлогод илүү ач холбогдол өгдөг. Нөгөө талаас одоогийн хуулиар төгрөгийн ханш чангарвал өрийн харьцаа нь буурчихдаг, төгрөгийн ханш сулрахаар өрийн харьцаа автоматаар өсдөг, түүнээс болоод хууль зөрчихүйц нөхцөл үүсэхээр байна. Тэгээд хууль зөрчихгүй байхын тулд төгрөгийн ханшийг чангаруулах ёстой ч юм шиг байдал үүсэж, макро бодлогууд, хуультай харшлах байдал үүснэ.

Үүнээс улбаалаад өрийн абсолют хэмжээг хуульчлах гэхээсээ өрийн удирдлага, бодлогыг хуульчлах нь зөв практик болсон. Иймд манай улс өрийн удирдлагын бодлоготой, тусгайлсан хуультай болох нь зөв. Өр үүсгэх үү? Үүсгэсэн өрийг хэрхэн удирдах вэ? Өр үүсгэж бий болгосон эх үүсвэрийг юунд, хэрхэн яаж, хэзээ, ямар зарчмаар ашиглах вэ гэдгийг тус тусад нь авч үзээд, харин эдгээрийг нэгдсэн байдлаар Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулах нь оновчтой шийдэл гэж үздэг. 

-Гэхдээ өрийн тааз тогтоохгүй бол өрийн хямралд орох вий гэсэн айдас байдаг?

-Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг буруу зарцуулаад байгаа учраас дахиж өр үүсгэх ёсгүй, тиймээс хуульд заасан дээд хязгаарыг өсгөхгүй гэж үзэж байх шиг байна л даа. Яг энэ логикоор нь авч үзвэл асуудал нь өр үүсгэсэндээ биш, харин өр үүсгэж бий болгосон хөрөнгийн зарцуулалтад байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байх шиг.

Тэгвэл хөрөнгийн зарцуулалт, ашиглалтаа л зөв болго. Яг одоо үүссэн нөхцөл байдалд тохируулан өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, шинээр валютын эх үүсвэр татвал түүнийг зөвхөн гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд л чиглүүлэх, өөрөөр ашиглахгүй байхаар шийдэж болох л байсан. Тэгсэн бол явгарахгүй бөгөөд ядаж ганц морьтой, түүнийгээ давхиулдаггүй юм гэхэд шогшуулах буюу хатируулаад байх, бүр цаашлаад хөтөлгөө морьтой болох ч боломж бүрдэх байлаа. 

-Төрөөс цогц арга хэмжээ авч байж л энэ хүндрэлтэй байдлаас гарна гэж судлаачид хэлдэг. Хямралын эсрэг төлөвлөгөө, нэгдсэн арга хэмжээ гэж гарсан уу? 

-УИХ-аас өнгөрсөн оны 5 дугаар сард 34 дүгээр тогтоол, 11 дүгээр сард 69 дүгээр тогтоолыг баталж, хүндрэлээс гарахад шаардлагатай гол шийдвэрүүдийг хэдийн гаргаж өгсөн. Эдгээр тогтоолд дурдсан арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлбэл эдийн засгийн хүндрэлээс гарах бүрэн боломжтой гэж үздэг.

Сүүлийн 3-4 сарын хугацаанд УИХ-ын энэ хоёр тогтоолд суурилсан, олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцан зөвшилцсөн Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө буюу СMAP гэдгийг боловсруулж хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг Монгол банк гаргасан. Түүнийг УИХ, Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөлийн түвшинд ярьж дэмжсэн.

Монгол банк төлөвлөгөөний төсөл, холбогдох саналаа Засгийн газарт хүргүүлж, одоо уг төлөвлөгөөн дээр Сангийн яам төвлөрч ажиллаж байна. 

-Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө гэдэгт юу юу багтах вэ?

-Энэхүү төлөвлөгөө нь нэгд төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, хоёрт валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, гуравт эдийн засгийн бүтцийн шинэтгэлийг хийх, дөрөвт тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэсэн үндсэн 4 агуулгатай.

Энэ хүрээндээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төрийн холбогдох байгууллагууд нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудтай харилцан ярилцаж, зөвшилцөж, тодорхой ойлголцолд хүрч байгаа.

Эцсийн эцэст макро эдийн засгийн тэнцвэрийг хангах харилцан уялдаа бүхий цогц бодлогыг Монгол улс өөрөө бие даан хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс агшихгүйгээр, дотоод активаа үнэгүйдүүлэхгүйгээр, хувийн хэвшилд нэмэлт дарамт, ачаалал үүсгэхгүйгээр гарна.

Үүндээ олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг харгалзаж, тэдэнтэй харилцан зөвшилцье гэсэн утга санаа байгаа юм. 

-Та яриандаа эдийн засаг агших, агшихгүй байх тухай хэд хэдэн удаа дурдлаа. Агшина гэдгийг юу гэж ойлгох вэ? Нэгэнт валют орж ирэхгүй бол агшихаас өөр сонголт байгаа юм уу?

-Эдийн засаг агших гэдэг нь өсөлт удаашрах, саарах төдий ойлголт ердөө ч биш.

Эдийн засаг агших гэдэг нь өсөлт удаашрах, саарах төдий ойлголт ердөө ч биш

Харин дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг утгатай болох буюу нийт эдийн засаг, нийт мөнгө, нийт зээл абсолют дүнгээрээ буурахыг хэлж байгаа юм. Эдийн засгийн агшилтын сөрөг үр дагавар юу байх вэ? Компаниудын дампуурал, ажилгүйдэл, Монгол улсын бүх иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн үнэгүйдэл, нийгмийн эмх замбараагүй байдал, эдийн засгийн хямрал гээд хөвөрнө.

Тийм учраас манайх шиг нээлттэй, бичил, нэг салбараас хараат, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асар их хэрэгцээ бүхий орны тухайд эдийн засгийг агшуулах гэдэг сонголт хэзээд буруу. Бид уул уурхай гэсэн нэг салбарын огцом уналтыг дагаад нийт эдийн засгаа унагахгүй, огцом уналт-сүйрэл болгохгүй гэж сүүлийн 2 жилийн туршид мөнгөний уламжлалт бус бодлогоор эдийн засгийг тогтворжуулсан.

Уул уурхайн уналтыг барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлтөөр нөхөж, нийт эдийн засгийг тэнцвэржүүлэн, сөрөг орчинд эрсдэлээ бууруулах, дасан зохицох хугацааг хувийн хэвшилдээ олгосоор ирлээ. Тэгвэл энэ бүхний эцсийн үр дүн нь эдийн засгийн агшилт болж дуусах учиргүй.

-Монгол банкны эдийн засгийг тогтворжуулах гэж хэлээд буй арга хэмжээний үр дүн чухам юу байв?

-Эдийн засаг 2013 онд огцом унаж -9 хувиар агших, 2 жил дараалан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх байсан аюулаас сэргийлж, эдийн засгийг бодит хөрсөн дээр нь аль болох алгуурхан, зөөлөн газардууллаа. Төв банк үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн хуульд заасан үүргийг л энэ хугацаанд биелүүлсэн. Энэ хүрээнд эдийн засагт зайлшгүй шаардлагатай тохиргоо хийгдсээр байна.

Жилд 2 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдаа тэнцвэржиж, өнгөрсөн онд 540 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ дүн цаашид ч өснө.

Инфляцийн бүтэц дотор мах, гурил, жижиглэнгийн худалдааны шатахууны үнийн өсөлт буюу нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөөлөл 2010-2012 онд дунджаар 40 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо 5 хувь болж буурлаа. Ингэснээр бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод ирэх ачааллыг зөөллөсөн.

Харин импортын барааны өртгийг нэмэгдүүлэх сонголтыг бол зайлшгүй хийсэн. Уул уурхайн салбарын уналтын үед хөдөө аж ахуй, барилгын салбарыг дэмжсэнээр ажлын байрыг хамгаалж, хөдөлмөрийн зах зээлд үүсэх байсан ачааллыг зөөлрүүллээ. Санхүүгийн салбарыг бэхжүүлснээр санхүү, эдийн засгийн хямралыг 2 жилийн турш тойрч гарлаа.   

-Өнгөрсөн 2 жилд Монгол банк Засгийн газартай хамтарч хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрүүд цаашид үргэлжлэх үү? Эсвэл энэ ондоо дуусгавар болж байгаа юу?

-Хөтөлбөрүүдийг дунд хугацаанд хэрэгжүүлнэ гэж анх 2012 оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-аас эдгээр хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчимд шилжүүлээрэй, хөтөлбөрөөс үе шаттай гарах оновчтой арга замыг сонгож хэрэгжүүлээрэй гэж Засгийн газар, Монгол банканд даалгасан юм. Энэ дагуу Монгол банк хөтөлбөрүүдээс үе шаттай гарч байгаа. Гарахдаа мэдээж иргэд, хувийн хэвшил, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө, гажуудал үүсгэхгүй байхыг, иргэдийн хэрэглээний гол нэрийн суурь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог хувийн хэвшилд суурилсан хэлбэрээр бүрдүүлэхийг чухалчилж байна.

Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр анх зөвхөн Монгол банкнаас гарч байсан. Тэгвэл өнгөрсөн оноос эхлэн зээлийг эх үүсвэрийн хувьд банкуудад үе шаттай шилжүүлсээр байна. Мах, гурилын хөтөлбөрт л гэхэд зээлийн 40 хувийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг болсон. Хөтөлбөрийн зээлүүд хуваарийн дагуу зээлдэгчээс банканд, банкнаас Монгол банканд эргэн төлөгдсөөр байгаа.

Банкнаас олгосон энэ бүх зээлүүдийн цаана дотоодын компаниудын барьцаалсан актив хөрөнгө нь бий. Энэ он дуусахад эх үүсвэр талаасаа хөтөлбөрүүд дэх Монгол банкны оролцоо буурсан, хувийн сектор цаашид үргэлжлүүлээд явах боломжийг бүрдүүлсэн байхаар ажиллаж байна. Хөтөлбөрүүдийн өнгөрсөн 2 жилийн үр дүнд Засгийн газрын оролцоо, чиглэлийн яамдын идэвхтэй үйл ажиллагаа, дэмжлэг чухал нөлөөтэй байсныг энд хэлмээр байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөгийн 11 хувьтай байгаа инфляц 20 хувь хол давах байсан юм. Тийм зүйл болсон бол бид нэг оронтой тоотой инфляцыг зорих бус, тэр талаар ярих ч боломжгүй болох байсан.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь барилгын импортыг өсгөсөн, улмаар валютын ханшид нөлөөлсөн гэж зарим хүн хэлдэг юм билээ. Энэ үнэн үү? 
 
-Бодитой баримт харж, зөв дүгнэлт хийх хэрэгтэй байх. Монгол улсын нийт импорт 2013 онд 6 хувиар, 2014 онд 18 хувиар буурсан.

Монгол улсын нийт импорт 2013 онд 6 хувиар, 2014 онд 18 хувиар буурсан. 

Барилгын материалын импортыг аваад үзье. Сүүлийн 2 жилийн хугацаанд 2012 оны түвшин болох 620 гаруй сая ам.долларын түвшинд л тогтвортой байна.

Гэтэл ашиглалтад орсон орон сууцны барилгын нийлүүлэлт 2014 оны эхний 9 сард 1.2 сая метр квадрат болж 2012 оныхоос 2.3 дахин, 2013 оныхоос 35 хувиар өсжээ. Үүнд дотоодын үйлдвэрлэлийн өсөлт шууд нөлөөлсөн. Дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх гэдэг нь хямралын эрсдэлийг бага байлгах, хүндрэлийг хохирол багатай давах суурь нь байх юм.

Монголчууд өөрсдөө бүтээдэг болъё, дунд болон урт хугацаанд уул уурхайн хамаарлаа алхам алхмаар бууруулж, өөрийн гэсэн дархлаатай, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болъё гэсэн бодлогоор Засгийн газар өнгөрсөн 2 жилд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргаж чадсан.

Үүнийг орхигдуулалгүй, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хөтөлбөрийн хүрээнд бодит эдийн засагт банкны зээл хэлбэрээр гарсан мөнгөний нийлүүлэлт импортыг санхүүжүүлээгүй, харин эдийн засгийг зогсоохгүй, зээлийг тасалдуулахгүй байлгах үүрэг гүйцэтгэсэн. 

-Хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтүүдийн талаар?

-Монгол банкны бүх хөтөлбөрүүдийн зээлийн үлдэгдэл 1 жилийн хугацаанд 40 хувиар буураад байна. Зээлийн эргэн төлөлт цаашид үргэлжлэхийн хэрээр хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл буурна. Бодит секторт нийлүүлэгдсэн мөнгө эргээд эдийн засгаас Төв банканд татагдсаар байна. Тэгвэл тэр хоосон үлдэх орон зайг валютын орох урсгалаар зөрүүлээд нөхөх ёстой. 

-Тэр валютыг оруулж ирэхгүй бол яах вэ?

-Тэгвэл Монгол банкийг хөтөлбөрүүдээ хурдан зогсоо гэж шахах нь утга учир муутай болно. Бид хөтөлбөрүүдээ шууд зогсоож болно л доо. Гэхдээ түүний үр дагаврыг бодох хэрэгтэй. Төлбөрийн тэнцэл сайжраад, эдийн засагт валютын орох урсгал нэмэгдээд байвал эдийн засагт нийлүүлсэн мөнгөө эргүүлж татах шиг хялбар зүйл үгүй.

Харин валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам хийхгүй атлаа дотоодын эдийн засгийг тэжээн тэтгэж буй мөнгийг огцом хумь гэвэл нэг ч төгрөгийн зээл банкууд гарахгүй шүү, нэг ч компани банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулахгүй шүү, Монголын эдийн засгийг зогсооё доо гэсэнтэй л адил сонсогдоно. 

-Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас урт хугацаанд ямар арга замаар, яаж сэргийлэх вэ гэдгийг асууя. 

-Ашигт малтмалын түүхий эд, уул уурхайн салбараас эдийн засаг хамаарал ихтэй л байгаа бол эдийн засаг хэлбэлзлийг тойрохгүй, заавал дайрч гарна гэсэн үг. Ингэхдээ ямар өртгөөр, юуг золиослоод, юуг авч үлдэж чадсан бэ гэдэг асуулт гарна. Энэ нь макро бодлогын шийдвэрүүдээс шууд хамаарна. Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн түүхээс авах гол сургамж нь эдийн засгаа бүтцийн хувьд төрөлжүүлэх явдал. Үүний тулд ашигт малтмалын бус салбарын хөрөнгө оруулалтыг, үйлдвэрлэлийг, улмаар экспортыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн менежментийг эдийн засгийн бүтцийн шинэчлэлд, хуримтлалын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой болж байна.

Жишээ татахад, газрын тосны нөөцөөр баян Евро-Азийн орнууд өнгөрсөн 10 гаруй жилд газрын тосны орлогоосоо 350 гаруй тэрбум ам.долларыг хуримтлал болгож чаджээ. Энэхүү хуримтлалыг яаж бий болгодог вэ? Эрдэс баялгийн эдийн засагт “бодит хуримтлал”, заримдаа “жинхэнэ хуримтлал” гэж хэлдэг ойлголт байдаг.

Хүний оюун ухаанаар бий болоогүй байгалийн баялгийг ашиглаж байгаа л бол түүнээс илүү их үнэ цэнэтэй баялгийг нийгэм, эдийн засагт бүтээж гэмээнэ тэрхүү бодит хуримтлал бий болж, түүгээр эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хангагдана. Монгол улсад хуримтлалын бодлого нэгэнт эхлээд байгаа билээ. Жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давлаа.

Төлбөрийн тэнцлийн хямралт нөхцөл байдал арилж, эдийн засаг эргээд сэргэх мөчлөгтөө орох нь цаг хугацааны л асуудал юм. Чухам тэр цаг үеэс урьтаж хуримтлалыг бий болгодог механизмуудаа одооноос бүрдүүлэх учиртай.  

Ярилцсанд баярлалаа 

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Энхболд