Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг дахин сайжруулахаар боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын чуулган

Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Ингээд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 61.9 хувиар дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. 

Үүний дараа Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлж байсан юм. 

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн зүгээс хуулийн төслийн нэр томьёог боловсронгуй болгох, хуулийн төсөл бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх, хүүхдэд стандартын боловсрол олгох тухай асуудлыг тусгах, хүүхэд харах төвийн ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах зэрэг заалт оруулахыг санал болгосон байна.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулин дээр байгаа аливаа хориглосон заалтууд заавал зохицуулалттай байх ёстой. Харин хоосон тунхагын шинжтэй заалт байж болохгүй. Хүүхдийг монгол уламжлалт амьдрах ухаанд сургаж хөгжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа ч орчин үеийн дэвшилтэд технологоос хоцруулж болохгүй.

Төсөлд цахим хэрэглээг хасч, телевиз үзэх цагийг 30 минут байсныг 60 минут өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Энэ нь нийгмийн ухралт хийж байна гэсэн үг. Хүүхдийн цахим хэрэглээний цаг хугацааг хязгаарлаж болно, харин хасч огт болохгүй. Цахим хэрэглээг телевиз үзэх хугацаатай адилтгаж өгөх хэрэгтэй гэж байлаа. Мөн хүүхэд харах төвийн санхүүжилтийн зарчим болон ашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандаж эдгээрт тодорхой хариулт байхгүй байгааг хэлж байв. 

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 13 дахь санал хураалтын явцад Ажлын хэсгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороон дээр дахин үргэлжлүүлж чуулганы хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналуудыг тусган сайжруулаад оруулж ирэх горимын санал гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авав.