Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан билээ. 

Цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. 

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлаар хуралдсан юм.

Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн

Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,

Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн

Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэжээ. 

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.


48 дугаар зүйл.

1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.