Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бригадын генерал Л.Онцгойбаярын хэрэг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байна

Р.Саруул
2015 оны 1 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Төв аймгийн 016 дугаар ангийн захирагч Бригадын генерал Л.Онцгойбаярт холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад харьяаллын дагуу хэмээн Төв аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байна.

Тэрбээр дээд удирдлагуудаасаа зөвшөөрөл авалгүйгээр хугацаат цэргийн албан хаагчдыг хууль бусаар барилгын ажил хийлгүүлсэн гэх үндэслэлээр шалгагдах болсон юм. Тиймээс түүнд эрүүгийн хуулийн 294.1-ээр хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа. Энэхүү зүйл анги нь цэргийн гэмт хэрэг гэх зүйл анги бөгөөд захирагч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үздэг байна. 

Гэхдээ түүний энэхүү хэрэг  Төв аймгийн Цагдаагийн газарт цэргийн гэмт хэрэг хэмээн эрүүгийн хэрэг үүсээд байгаа ч хэрэгсэхгүй болох магадлалтай байгаа аж. Учир нь түүнийг хэргээ ямар замаар хаахаа маш сайн мэдэж байгаа гэж түүнийг мэдэх хүмүүс нь хэлж байсан юм. 

Түүнчлэн тэрбээр өөрийнх нь талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг эрэн хайж нэлээд юм болсны эцэст заримыг нь “хөөрхөн” гэгч нь дөнгөөд авсан тухай яамныхан нь ярьдаг. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Номин констракшн” компанийн барилга дээр ангийнхаа цэргүүдээс аваачиж ажилуулж байжээ. Энэхүү хэрэг илрэх болсон нь өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдөр дээрх цэргүүдээс дөрөв нь уг барилга дээр ажиллаж байхдаа хойд Солонгосын барилгачдад зодуулан толгойдоо гэмтэл авснаас үүдэлтэй. 

Ингээд энэ хэргийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газраас ажлын хэсэг гаргаж, шалгахад болсон үйл явдал үнэн болох нь батлагдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав энэ хэрэгт онцгой анхаарахыг албан тушаалтнууддаа сануулсан аж. 

Тэрбээр 2012 онд тус ангийн захирагчаар томилогдон ирж хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа нэг цэргийг өдрийн 20.000 төгрөгөөр барилгын компанид хөлслүүлэн ажиллуулдаг байжээ.

Иргэд эх орноо хамгаалах эр цэргийн эрдэмд шамдан боловсорч хатуужил үз хэмээн үр хүүхдээ цэргийн албанд мордуулдаг. 

Тэгэхээр тус анги нь 80 гаруй цэрэгтэй гээд бодохоор хэдий хэрийн ашиг олж байсан нь ойлгомжтой. Энэ мөнгө нь тус ангийн дансанд ороогүйг офицер, ахлагч нар нь нотлодог юм билээ. 

Дээрх цэргүүдийн хоол хүнс, анги руу нааш, цаашаа зөөх машины шатахуун бүгд л ангийн төсвөөс гарсан гэж хүнс болон шатахууны няравууд нь нотлодог. Хамгийн хачирхалтай нь БХЯ-ны удирдлагууд ажилчдаа ялгаж харьцдаг юм болов уу гэсэн хэд хэдэн баримт байгаа юм. 

Тодруулбал, 336 дугаар ангийн захирагч эрх мэдлээ ганцхан удаа ашиглан таван цэргийг барилга дээр ажиллуулж байхад нь нэг цэрэг барилгаас унаж гэмтсэн. Гэтэл дээрх захирагчийг ажлын хариуцлага алдсан, зөвшөөрөлгүйгээр цэргүүдийг барилга дээр ажилуулсан хэмээн хариуцлага тооцож албан тушаалаас нь өөрчилсөн байдаг. 

Мөн 016 дугаар ангийн нэг ахлагч танк жолоодож яваад осолдож нас барахад удирдлагад нь ямар ч арга хэмжээ аваагүй атлаа мөн л ажлаа хийж яваад өөр нэгэн ахлагч осолдсоны төлөө 234 дүгээр ангийн захирагч хурандаа Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, цолыг нь нэг шат буруулсан явдал гарч байсан.

Уг нь дээрх хүмүүс бүгд Л.Онцгойбаяртай яг адилхан үйлдэлтэй. Гэтэл бригадын генерал яаж ийгээд л албан тушаалдаа үлддэг нь хэний нөмөр нөөлөг вэ гэж хардахаас өөр аргагүй. Уг нь Монгол Улсын иргэд хуулийн өмнө бүгд адил байх ёстой.

Гэтэл 016 дугаар ангийн захирагчийн удаа дараагийн энэхүү асуудал нь яагаад хариуцлагын гадна үлдээд байдаг юм бол. 
Түүний удаа дараагийн хууль бус үйлдлийг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай хүлээн зөвшөөрч Л.Онцгойбаярын сарын цалинг нь гурван сараар 20 хувь хасч шийтгэсэн байдаг.

Уг нь татвар төлөгч эгэл жирийн иргэд эх орноо хамгаалах эр цэргийн эрдэмд шамдан боловсорч хатуужил үз хэмээн үр хүүхдээ цэргийн албанд мордуулдаг. Гэтэл тэд цэрэгт очсон даруйдаа боолын хөдөлмөр эрхэлж дарга нарыгаа мөнгөлөг болгох аян өрнүүлж байна. Юутай ч хамгийн залуу гэх тодотголтой бригадын генерал Л.Онцгойбаярын хэргийг Төв аймгийн цагдаагийн газар хэрхэн яаж шийдэгдэх бол хэмээн олон хүн харж сууна. 

Эцэст нь хэлэхэд бусдыг тансаг харштай болгохын төлөө захирагчийнхаа өгсөн үүргийг эх орныхоо өмнө өргөсөн тангараг хэмээн үзэн хөдөлмөр хамгааллын нөхцөл хангаагүй барилга дээр ажиллаж байсан цэрэг амиа алдаж байсан тохиолдлыг Монголын нийгэм мартаагүй. 

Үргэлжлэл бий... 

Зураг